Монгол хэлээр “ярих” эрхээ хасуулсан Өвөр Монгол үрс та бидэнд хандан “хашгирч” байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 08 сар 03 ・ 4

Та дуулсан уу. ӨМӨЗО-ны Тунляао хотын 10 жилийн сургуульд энэ есдүгээр сараас эхлэн монгол хэлээр хичээл орохгүй. Хятадын Засгийн газар тийм шийдвэр гаргажээ. Энэ бол хамгийн олон монголчууд оршин суудаг Өвөр Монголын хот.

Адил төстэй үйл явдал 2018 онд, ШУӨЗО /Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орон/-д болсон. Тухайлбал хэд хэдэн нутгийн сургууль уйгаржин бичиг, тод үсгээр хичээллэж эхлээд удаагүй байхад нь улаан туг намируулсан хөрш их гүрэн болиулжээ.

Япон улсын Шизү-Ока их сургуулийн багш О.Цогт news.mn сайтад өгсөн ярилцлагадаа, “Тунляао хот бол ердөө эхлэл” гэх утга илэрхийлэв. Тодорхой яривал жижиг, дагавар үндэстнүүдээ өөртөө бүрэн уусгах алс хэтийн бодлогынх нь нэг чимээгүй алхам тэнд хэрэгжих гэж байна. Өвөр Монголчууд дээр. Бидний нэгэн тасархай.

Дээрх шийдвэрийг эсэргүүцэж Тунляаогийн хэдэн монголчууд гудамд лоозонтой жагссан. Ингэж бидэнд анх мэдээлсэн юм. Харин тэднийг тэр дор нь дуугүй болгох, дахин жагсах, эсэргүүцэх боломж олгохгүй байхаа урд хөрш мэднэ. Тэр жагсаалаас хойш хоёр сар орчмын хугацаа өнгөрч байна. Өнөөдөр Өвөр Монголчуудтай холбогдож, яриа ярилцлага авах бүх сошиал боломж боогдмол. Хятадын нутаг дэвсгэрээс Фэйсбүүк орохгүй. “WeChat”-аа туж тагнуулдана.


“Тэдний дагавар үндэстнүүдээс өөрийн гэсэн хэл, бичигтэй нь цор ганц Өвөр Монголчууд” гэж О.Цогт багш дурдсан байх юм. Уусгах, нэгтгэх бодлогыг хэчнээн бариад ч босоо бичгээ, “Ар Монголчуудаа” гэсэн сэтгэлээ тавихгүй байгаа нь их гүрний хөлийн чигчий хурууг үргэлж загатнуулдаг байж таарна. Одоо Өвөр Монголын бага, жаахан хүүхдүүд монгол хэлээр хичээл үзэхээ байж, хятад хэл дээр төлөвшиж, эрдэм мэдлэгийн далайгаас хутгах нь.

 

Хятадын засгийн газрын шийдвэр, Тунляао дахь монголчуудын жагсаалын дараа энд, цахимд хөдөлгөөн өрнөж эхэлсэн. “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагчдын нэг, орчуулагч Б.Баясгалан өөрийн Фэйсбүүк хуудаснаа дээрх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн, давалгаанд нэгдэхийг салбар нэгтнүүддээ уриалсан юм. Уриалга их биш ч багагүй хэмжээнд түгж, үзэл бодлоо илэрхийлэгсэд олширсон.

Фэйсбүүк ашиглах хориотой Өвөр Монголчууд давалгаанд нэгдэж, бичлэг хийн Youtube орчинд ч байршуулах боллоо.

Зэрэгцээд хоёр ч удаа нэр дурдаад буй Шизү-Ока их сургуулийн багш О.Цогт цахимд гарын үсэг цуглуулж эхэллээ. Тэрбээр Өвөр Монголын Ордос нутгийн хүн, монгол хүн. Тунляао хотын бага, дунд сургуульд монгол хэлээр хичээл орохыг хориглосон эл шийдвэрийг эсэргүүцэж, ийн гарын үсэг цуглуулж буй. Наймдугаар сарын 10 хүртэл цуглуулаад, тэр шаардлагаа БНХАУ-ын Соёлын яам, ЮНЕСКО тэргүүтэй хэд хэдэн газарт хүргүүлнэ.

Хөдөлгөөн эндэх хэдэн бичгийн хүмүүс, тэртээ Япон дахь багш тэргүүтнээс ер хэтэрч өгөхгүй, Ар Монголын засгийн газар, эрх бүхий албан тушаалтнууд нь нам эвсэл, улс төр гээд ухаангүй унтаж байх хооронд урд хөрш хөлийн чигчий хуруугаа маажиж эхлэв.


Хачин детектив кино шиг санагдаж мэднэ. Тухайлбал О.Цогт багшийн уриалгыг дэмжиж, гарын үсгээ цуглуулахыг хүссэн Фэйсбүүк дэх постууд устаж эхэлжээ. Дахин шэйр хийе гэвэл нь “You can’t share this link. Your post couldn’t be shared, because this link goes against our Community Standards” буюу “Энэ линкийг шэйрлэж болохгүй. Учир нь Фэйсбүүкийн бодлого, стандартад нийцэхгүй” гэсэн бичиг гарч ирж байгаа аж.

үргэлжлэлийг эндээс 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 08 сар 04/

    Хамгийн их хулгайч тэр бүү хэл олон ардын хашааных нь газрыг аваад орон гэргүй болгосон Эрдэнэнийн Бат-Үүл мэт хулгайч ардчилагч нарыг хулгайч луйварчин гэж үзэх ёстой. Тэд ч Монгол улсын хөгжил дэвшлийн дайснууд хулгайч луйварчид тэднийг ал

    Хариулах
  • Зочин / 2020 08 сар 03/

    Өвөр монголчуудаа дэмжих хэрэгтэй энэ асуудал маргааш гэхэд бидний үр хүүхдэд тохиолдох магадлал маш их

    Хариулах
  • Мао МАН / 2020 08 сар 03/

    Манай маоист коммумист үзэлтэй МАН-ын авлигачин хулгайч дарга нарт Өвөр монголчууд огт хамаагүй шдээ.

    Хариулах
  • Зочин / 2020 08 сар 03/

    Хариулах