Мөнххада компанийн 4 ажилтан болон өмнөх голомтуудын хавьтлуудаас халдвар илэрч, дотоодод батлагдсан тохиолдол 15-аар нэмэгдсэн

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 01 сар 02

Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 11,152 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнд халдвар илэрсэн. Үүний долоо нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.

Тодруулбал, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн долоон хүний гуравдахь давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн. Тус нислэгээр ирсэн хүмүүсийг ажиглан тусгаарлах байранд байршуулсан бөгөөд "Амар" зочид буудалд байсан тав, "Жаргалант"-ад байсан хоёр хүнээс халдвар илрээд байна. Мөн "Амар" зочид буудалд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан нэг резидэнт эмчийн шинжилгээнд халдвар илэрсэн.

Иймд халдвар тархах эрсдэлээс сэргийлж, тус зочид буудалд тусгаарлагдсан 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, үйлчилгээний ажилтнуудыг сольж, өөр ажиглан тусгаарлах байруудад шилжүүлсэн. 

Дотоодод нийт 15 тохиолдол шинээр бүртгэгдсэн.

  • Үүний дөрөв нь Мөнххада компанид үүссэн голомтод хавьтал болсон хүмүүс. Уг голомтод нийт зургаан хүнээс халдвар батлагдаад байна. Эх үүсвэрийг нь судалж байна. тус компанийн ажилтан 35 хүнийг ойрын хавьтал гэж үзэн ажиглан тусгаарлах байранд тусгаарласан. 92 хүнийг гэрийн ажиглалтад авч, шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. 
     
  • Дотоодод шинээр бүртгэгдсэн хоёр тохиолдол нь Төв шуудан компанийн гүний гаалийн хэсэгт ажилладаг хоёр хүнээс илэрсэн. Нэг хүнийх нь гэр бүлийн гишүүн коронавирусийн халдвараар өвчилсөн байсан учир эх уурхай тэндээс  эхтэй юм. Иймд тус шуудангийн 70 хүнийг хяналтад авсан. 20 гаруй хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан.
     
  • Үүний дээр өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон, Баянзүрх дүүргийн эмнэлэгээс улбаатай, гэр бүлийн халдвартай холбоотой дөрвөн тохиолдол батлагдсан байна. Түүнчлэн өргөн хүрээний цэгүүдээр хийж байгаа шинжилгээнээс гэр бүлээрээ халдварт өртсөн 3, 4 тохиолдол батлагдсан. Мөн ХСҮТ-тэй холбоотой голомтоос тохиолдол батлагдсан. 

Дотоодын кластер өвчлөлийн голомтод нийт 755 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 18 хүн эмчлэгдэн эдгэрсэн. Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан нийт батлагдсан тохиолдол 1,242 байна. Үүнээс 855 хүн эдгэрсэн" гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх