Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2021 08 сар 03
・ 1
Одоогоос жил орчмын өмнө буюу коронавирусын хөл хорионы үеэр өндөр насны чөлөөнд байгаа цагдаагийн хурандаа Б гэгч, арав гаруйхан настай, хөгжлийн бэрхшээлтэй ач охиндоо бэлгийн ёс бус дарамт учруулж, хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр шалгагдаж эхэлсэн байдаг.
Хохирогч охин хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч тухайн ёс бус, харгис үйлдлийг ээж, аавдаа ойлгуулснаар өвөөгийнх нь балмад үйлдэл гэр бүлийнх нь хүрээнд ил болж, цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан байна.
Уг Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст жил орчим шалгаж, уг хэрэг холбогдох нотлох баримтаар тогтоогдсон тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс хурандаа Б-г яллагдагчаар татаж, 2021 оны долоодугаар сард буюу наадмын өмнөхөн цагдан хорьсон бөгөөд цагдан хориог 30 хоногийн хугацаатай сунгасан байна.
Эх сурвалжийн мэдээллээр, хөгжлийн бэрхшээлтэй ач охиноо хүчиндсэн гэх хурандаа Б нь орон нутгийн цагдаагийн байгууллагуудад насаараа удирдах алба хашиж байгаад гавьяаныхаа амралтад суусан нэгэн аж. Түүний гэр бүлд хуулийн байгууллагад томоохон ажил, алба хашдаг хэд хэдэн хүмүүс байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Цагдаагийн алба хаагчид иргэдтэй ёс бус харилцдаг, албан тушаалаа ашиглан дарамталдаг, айлган сүрдүүлдэг, зоддог, хүч хэрэглэдэг үйлдэл гаргадгаас гадна өөрсдөө бусдын санаанд багтамгүй жигшүүрт хэрэгт холбогддог байдал цөөн биш байгаа нь олон нийтийн сүлжээн дэх мэдээлэл болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байгаа хэргүүдээр бэлхнээ жишээ болон харагдаж байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагчдын ёсзүйн асуудал ямар хэмжээнд хүрсэн нь тов тодорхой болоод байгаа юм.
Ийм цаг үед ЦЕГ-ын дарга Ж.Болд ёсзүйн хариуцлага хүлээж, ард түмнээс уучлал гуйж, нийт алба хаагчдынхаа ёсзүйг дээшлүүлэхийн төлөө ямар бодлого баримталж байгаагаа ярихын оронд чив чимээгүй өрөөндөө шигдэж байгаа нь өөрөө тун ёсзүйгүй байгаагийн илрэл. Харин эсрэгээрээ тэрбээр цагдаагийн цол алгасан нэмж, өнгөрсөн сард Хошууч генерал болоод байгаа билээ.
Цагдаагийн байгууллагын энэ эрхэм цолны энд дүйцэх ажлыг тэгвэл Ж.Болд ЦЕГ-ын даргаар томилогдсон нэг жилийнхээ хугацаанд хийсэн үү? Энэ хугацаанд цагдаагийн алба хаагчдын ёсзүйгүй үйлдлүүд өдөр тутамд мэдээлэгдэж, тэр хэрээр цагдаагийн байгууллагын нэр хүнд унаж, цагдаад итгэх иргэдийн итгэл буурсаар байгаа нь харин бодит үнэн.
tsahiur.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.