612,300 машинтай нийслэл хотын төвийн зургаан дүүрэгт 62,507 зогсоол байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 11 сар 23 ・ 3

2011 онд Улаанбаатар хотын хүн ам 1.2 сая, бүртгэлтэй автомашин 209,700 байсан бол өнгөрсөн онд хүн амын тоо 1.6 сая, бүртгэлтэй автомашин 612,300 болжээ.

Өөрөөр хэлбэл, хүн амын тоо 1.3 дахин, тээврийн хэрэгслийн тоо гурав дахин өссөн байна. Энэ хэрээр хүн амын нягтаршил, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй юм.

Холбогдох байгууллагуудын хамтран хийсэн судалгаагаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 178 га талбайд 62,057 автомашины зогсоол байна. Эдгээр зогсоолыг ангилбал,

  • олон нийтийн зориулалттай 31,623,
  • орон сууцны дундын эзэмшилд 15,380,
  • хязгаарлагдмал буюу зөвхөн өөрийн хэрэгцээний зориулалттай 7,277,
  • худалдааны зориулалттай 7,777 автомашины зогсоол байна.

Үүнээс Их тойрууд 344 байршилд 15,181 зогсоол, Бага тойрууд 50 байршилд 1,712 автомашины зогсоол байгаа судалгаа гарчээ. Зогсоолын менежментийг "Нийслэл Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын багтаамж, эзэмшлийн судалгааг гаргах, бүртгэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах" ажлын хэсэг төрөл бүрээр судалж, зогсоолыг бүрэн автомат, төлбөр, бүртгэлийг цахимаар хийдэг болгох шаардлагатай аж. Ингэхдээ бүртгэл, хяналтын систем хамгийн чухал байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн онцлов.

Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва “Хаалтгүй зогсоолд ногоон байгууламж байгуулж, автомашины зорчих хэсэг болгох, дугуйн зам, таксины зогсоол байгуулах гэх мэт ажлууд хийхээр төлөвлөжээ. Хаалттай хэрнээ гэрээгүй зогсоолууд Их тойруу, Бага тойрууд олон байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ” хэмээхэд Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн “Цаашид Улаанбаатар хотод байгаа зогсоолуудтай заавал гэрээ байгуулна. Энэ нь Нэгдсэн мэдээллийн системд оруулах зорилготой” гэв.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ авто зогсоолын менежментийг шинэ шатанд гаргахад шаардлагатай байгаа зүйлсийн талаар тодруулж, хамтран ажиллах хүсэлтэй гаднын компаниуд байгааг хэлж байв.

Мөн Хотын дарга “Зогсоолын орлого Замын сан руу орох ёстой ч орж ирэхгүй байгаа. Үүнийг Ажлын хэсэг гарган шалгах хэрэгтэй. Мөн автомашины бүртгэл, үнэлгээ, оношилгоо, дугаар олголтыг хот өөрөө хариуцдаг байх шаардлагатай”-г онцолсон. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2022 11 сар 23/

    Бэлэн дэд бүтэцтэй Дархан хот руу төрийн яамд, Засгийн газрыг нүүлгэх хэрэгтэй

    Хариулах
  • Балт / 2022 11 сар 23/

    Яагаад ийм хоттой болчихвоо? Ардчилалын жилүүдэд Улаанбаатар хотын дарга байсан нөхдүүд болон УБ хотын ерөнхий арихтектор нараас ял асуух хэрэгтэй!!! Энэ нөхдүүд ходоод, халаасаа дүүргэхээс өөр ажил хийгээгүй, зам талбайг шавар бүтцээр л дүүргэж дээ.

    Хариулах
  • бат / 2022 11 сар 23/

    Одоо нийслэл хотоо Хархоринд шилжүүлэх боломж л үлдлээ үүнийг зөв ашиглах хэрэгтэй

    Хариулах