Арга хэмжээнд ач холбогдол өгөх үү, эсвэл үр дүнг чухалчлах уу?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 03 сар 19

 

-Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг нэвтрүүлснээр иргэдийн амьдралын чанар дээшлэх ёстой-

Хуучин аргаар шинэ зорилгод хүрэх үү?

Манай улсын төсөв 1998 оноос хойш ихэнх жилүүдэд алдагдалтай батлагдсаар, алдагдлаа гадаад зээл, Засгийн газрын бондоор нөхөж ирсэн. Өөрөөр хэлбэл өрийг өрөөр төлсөөр 26 жилийг үджээ. Харин улсынхаа ирээдүйн 30 жилийн хөгжил, зорилгоо тодорхойлж хууль болгон батласнаас хойш даруй дөрвөн жил өнгөрч энэ зорилгодоо хүрэхэд 26 жил үлджээ. Өнгөрсөн 26 жилд ажилласан аргачлалаараа явбал ирээдүйн том зорилгодоо хүрч чадахгүй нь тодорхой.

Энэ асуудлыг “Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлага” сэдвийн хүрээнд хөндөж, хууль тогтоох байгууллага, төр засгийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаач болон сэтгүүлчдийн оролцоог хангасан телевизийн хэлэлцүүлэг цацагдаж байна. Хэлэлцүүлгээр хөндсөн асуудал, шийдлүүдийг тус нийтлэлээр онцлон хүргэж байна.

Нэгдсэн удирдлага гэдэг нь удирдлагыг хэрэгжүүлэгч субьект нь нэг нэгж, хүн байх тухай биш харин үндэсний хэмжээнд зорьсон үр дүнгийнхээ төлөө нэгдмэл тогтолцоотойгоор буюу  төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээг нэг цогц байдлаар удирдан зохион байгуулах зарчмыг илэрхийлж буй ажээ.

       Тэгвэл Монгол Улсын Засгийн газар олон улсын байгууллагуудтай хамтран үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын систем нэвтрүүлэхээр ажиллаж буй. Тодруулбал, үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт хийж, түүнтэй уялдуулж төсвөө батлах, гүйцэтгэл, хяналт, шинжилгээ үнэлгээг хийж, удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлэх аж. Үүнийг хэрэгжүүлэхэд тусгай аргачлал хэрэгтэй тул оролцогч талууд аргачлал боловсруулан нэвтрүүлж байгаа юм байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Д.Баасандорж “Өнгөрсөн 30 жилд бид төлөвлөсөн үү гэвэл төлөвлөсөн. Харин үр дүнтэй байж чадсан уу гэдэг нь асуудал. Энэ нь асуудал тус бүрд үнэлэлт дүгнэлт өгөх биш, харин нэгдсэн удирдлагын системтэй, зөв хууль дүрэмтэй байж нэгдсэн процесстой болох нь чухал гэдэг дүгнэлтэд хүргэж байгаа юм. “Алсын хараа-2050” бодлогын хүрээнд 34 мянган арга хэмжээг хэрэгжүүлэхээр төрийн 220 мянган албан хаагч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, үр дүнд биш арга хэмжээгээ хэрхэн хэрэгжүүлэхэд илүү анхаарсан. Энэ нь төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналтад асуудал байгааг илэрхийлж байгаа юм. Тодорхой хэмжээнд хэрэгжүүлсэн сайн зүйлс байгаа ч цаашдаа илүү хурдтай хөгжихийн тулд энэ бүгдийг багтаасан үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын системээр явах нь чухал” гэдгийг тус хэлэлцүүлгийн үеэр дурдаж байсан. Өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаарал хандуулж үр дүнг нь орхиод байсан гэсэн үг. Тиймээс бүх шатандаа үр дүн буюу том зорилго руу чиглэж ажилладаг тогтолцоонд шилжиж байна.

Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг нэвтрүүлснээр татвар төлөгч бидний мөнгийг зөв ашигтай зарцуулж, түүнийг дагаад иргэдийн амьдралын чанар дээшлэх ёстой. Мөн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжрах юм байна. Эдгээрээс гол анхаарал хандуулах үзүүлэлт нь өнөө маргаашийг аргацаасан бодлого шийдвэр бус, ирээдүйд, бидний үр хүүхдэдээ үлдээх нийгэмд гарах үр дүн, түүнийг хэмжих үзүүлэлтүүдийг оновчтой тодорхойлж түүндээ тууштай, хариуцлагатай хандах юм.

Үр дүнг тодорхойлж, асуудал хоорондын уялдаа холбоог харж, хамгийн чухлаас нь эрэмбэлэн төлөвлөгөөгөө гаргах, төсөв батлах зэргээр явах нь хамгийн зөв шийдэл гэдгийг Удирдлагын академийн бодлого, улс төр судлалын багш Д.Намхайдагва хэлж байсан юм. Харин УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “УИХ-ын Төсвийн байнгын хорооноос үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт хийхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад тусгай шаардлага, нөхцөлүүд тавигдах болно” хэмээв.

Бид яг л ийм зүйлийг хүсээд байгаа. Одоо хэрхэн хэрэгжүүлэхийг харж, хянаж, шаардлага тавих нь иргэд бидний үүрэг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх