Б.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 05 сар 09

​​​​​​​

2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж, дуусаад буй.

Цаашид хугацаат цэргийн албанд ямар өөрчлөлт оруулах талаар Батлан Хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай "Цэргийн албыг мөнгөөр хаадаг, мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг яваандаа хална. Нийгмийн ялгааг хэт холдохоос цэргийн алба сэргийлдэг.

Тийм учраас бид тэр чиглэл рүү хандлагыг өөрчлөх судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.

Улс орны сүр хүч цэрэг, зэвсэгт хүчиндээ байдаг. Монгол Улсын хүндэт харуул алхаад явахад, есөн хөлт цагаан тугаа наадмын талбайд байрлуулахад Монголын ард түмэн монгол эрчүүдээр, монголын зэвсэгт хүчнээрээ бахархдаг гэж ойлгодог.  

Дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж хүүхдээ хараад эцэг эхчүүд бахархдаг гэж боддог. Тийм учраас бахархал байнга байгаа. Түүний хажуугаар муу зүйл маш их байгаа гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Буруу зүйлсийг засаж, залруулах нь бидний үндсэн үүрэг гэж бодож байна" гэж байр сууриа илэрхийлэв.

Засгийн газраас цэргийн дүйцүүлэх албыг 2023 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 11.9 сая (арван нэгэн сая есөн зуун гучин таван мянга гурван зуун найман) төгрөгөөр тогтоожээ.

Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүрийн биелүүлэх журамт үүргийн дагуу 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэгт биеэр алба хаана. Алба хаах хугацаа 12 сар байх бөгөөд иргэний хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаар 26 байна гэж заасан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх