Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 05 сар 03
Өнгөрсөн долоо хоногт Монголын нийгэм тайван амгалан байсан гэхэд болно. Түймэр баруун аймаг руу шилжиж байгааг эс тооцвол байгалийн элдэв гамшиг болсонгүй. Харин Монголд амиа алдсан гадаадын иргэдийн хэргийг манай хуулийн байгууллагууд шалгаж, шийдвэрлэхээр идэвхтэй ажиллалаа. 
Клойберын хэрэгт Ё.Гантуяа гэгчийг сэжигтнээр татлаа

Монголд 12.3 сая евротой ирээд сураггүй алга болсон гэх ХБНГУ-ын иргэн 60 настай Максимлян Лёонхард Клойбер өнгөрөгч сарын 17-нд “Голомт” хотхонд нас барсан байхыг хуулийнхан олсон билээ. Түүнээс хойш энэ хэрэгтэй холбоотой янз бүрийн мэдээллүүд гарсаар байгаа юм. Тэрбээр Германы арилжааны банкиуд болоод Хөрөнгө оруулалтын компаниас 12.3 сая евро залилж, 2004 онд улсаасаа зугтсан аж.
Улмаар түүнийг Интерполоор эрэн сурвалжилж, Монголд байх магадлалтай хэмээн манай хууль хяналтынханд хандаж байж. Гэвч манайхан түүнийг олоогүй аж. Гэтэл талийгаач нь манай улсын иргэн Ё.Гантуяатай хамтран амьдарч, түүний төрсөн дүү болох Ё.Гантөмөрийн гэрт амиа алдсан байна.
Хуулийн байгууллагаас өмнө нь иргэн Ё.Гантуяа болон түүнтэй хамсаатан гэгдэх Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар нарыг шалгаж байсан ч хэргийн сэжүүрээс барьж чадаагүй хаасан байдаг. Харин одоо нэгэнт олон улсын эрүүгийн гэмт хэрэгтэн Ё.Гантуяагийн дүүгийн нэр дээрх гэрт амиа алдсан болохоор дахин энэ хэргийг сөхөн шалгаж эхэлжээ. Ё.Гантуяаг охин, хүү болон хүргэнийх нь хамтаар сэжигтнээр татан өнгөрсөн сарын 24-өөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн талаар цахим сайтууд мэдээлж байгаа юм.
Ё.Гантуяаг гэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд зааснаар буюу хүний аминд санаатай эсвэл санамсаргүй хүрсэн, 148.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэн, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татан байцааж байгаа аж.
Хуурамч дипломтай даргын хэргийг шалгаж эхэлжээ

Төрийн албан хаагчдын дунд хуурамч дипломтай нөхдүүд цөөнгүй байдаг тухай амтай болгон ярьдаг. Эхнээсээ заримынх нь хэрэг илэрч, ажлаасаа халагдаж байсан түүх ч цөөнгүй. Тэгвэл Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б гэгч нь хуурамч дипломтай байсан нь тогтоогджээ.
Түүнийг хуурамч дипламтай болох талаар Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсаар нэгэн иргэн мэдээлсэн гэнэ. Мэдээллийн дагуу холбогдох хяналт шалгалтын ажлыг хуулийн дагуу явуулахад даргын албан тушаалд нэр дэвшигч Б-гийн “Өлзийт” дээд сургуулийг санхүүгийн менежер мэргэжлээр суралцаж төгссөн 01/116 дугаартай диплом нь хуурамч болохыг тогтоожээ. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Түүнчлэн Б нь хуурамч диплом ашиглан төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа нь Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасныг тус тус зөрчжээ. Тиймээс Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар Б-г томилох үндэслэлгүй болохыг Авлигатай тэмцэх газраас Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Хорлоод албан бичгээр мэдэгджээ. Б-д холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, зөрчлийг арилган хариу мэдэгдэхийг мөн хүссэн байна.Хуурамч баримт бичиг ашигласан асуудал нь гэмт хэргийн шинжийг агуулж байх тул холбогдох асуудлыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.