“OCEAN GREY” продакшны нээлтийн шоу тоглолт болно

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 19

Монголын хөгжмийн салбарт цоо шинэ, мэргэжлийн дуу бичлэгийн продакшн мэндэлж байна. Энэ бол “Ocean Grey” продакшн юм. Магадгүй хүмүүс энэ нэрийг олонтаа сонссон байж болох. Уг продакшн нь байгуулагдаад 3 жил болохдоо олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, олон хит уран бүтээлүүдийг төрүүлэн гаргасан амжилттай. Гэхдээ юуны өмнө, өөрсдийн ур чадварыг олонд батлан харуулах зорилгоор байгуулагдаад албан ёсны нээлтээ хийгээгүй өдийг хүрчээ. Тэгвэл тэд өнөөдөр хэдийнэ монголын хөгжмийн салбарт өөрсдийн шинэ өнгө төрхөө бүрдүүлж чадсан болохоор продакшныхаа албан ёсны нээлтийг хийхээр болжээ.

“Ocean Grey” продакшны нээлтийн шоу тоглолт 8-р сарын 26-нд “Crocus event hall”-д 19 цагаас болох бөгөөд уг шоунд Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа, дуучин С.Сэрчмаа, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, дуучин Э.Болор-Уянга, Ч.Цэлмүүн, А.Хишигдалай, реппер Цэцэ болон “Камертон”, “Киви”, “Honey moon” зэрэг Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид оролцох юм. Нэг ёсондоо “Ocean Grey” продакшны нээлтийн ажиллагаа энэ намрын анхны томоохон шоу тоглолт болох нь ээ.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд тус продакшн хөгжим сонирхогчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжмийн олон талт урсгалаар шинэлэг хэв маяг, дуугаралт, найруулга бүхий дуу, уран бүтээлүүдийг мэргэжлийн түвшинд туурвин ажиллаж, Монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд хийсэн бүтээлээрээ үнэлэгдэж байна. Тухайлбал, тус продакшн “Киви” хамтлагийн дуучин Ц.Намууны “Ганц хором”, дуучин Х.Отгоогийн “Chill Out” зэрэг цомгууд дээр ажилласан бол одоо Төрийн соёрхолт, дуучин Д.Болд болон “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Киви” хамтлагийн дуучин Укагийн шинэ цомгууд дээр ажиллаж байгаа гэнэ. Харин энэхүү продакшныг үүсгэн байгуулагчдын тухайд, залуухан уран бүтээлчид бий. Тэдний нэг нь анх “Universe Best Songs-2009” наадмаас төрөн гарсан чадварлаг уран бүтээлч залуу Б.Нацагдорж юм. Тэрээр анх өөрийн авьяас чадвараараа урлагт хөл тавьсан бол өдгөө үүнийгээ олонд ийн батлан харуулсаар явна. Ямартаа ч Монголын хөгжмийн салбарт нэгэн шинэ салхи ийн сэвэлзэх нь ээ.

Фэйсбүүк хуудас: www.facebook.com/OCEANGREYPRODUCTION

Лавлах утас: 9995-8058


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх