“Бүүвэй”, “Шар гэгээ” “Мөрч” зэрэг кинонуудаараа олон нийтийн талархлыг хүлээсэн “Аранжин” пикчерсийн жүжигчин Л.Жижжалам нэгэн ярилцлагандаа “Он гараад дуулиант томоохон уран бүтээлээр үзэгчтэйгээ уулзна” хэмээн хэлж байсан нь “Задлаагүй захиа” уран сайхны кино байжээ.
Тэрбээр “Шар гэгээ” киноны Хоролгаравын дүрээр “Улаанбаатар олон улсын кино наадам”-аас “Шилдэг эмэгтэй туслах дүр” төрөлд шалгарч байсан. Түүний ажилласан “Шар гэгээ” кино нээсэн даруйдаа чансаагаараа IPTV-д тэргүүлж хамгийн их үзэлттэй киногоор олон сарын турш нэрлэгдэж байв.

Жүжигчин Л.Жижжаламын дараагийн уран бүтээл болох “Задлаагүй захиа” киноны зохиолыг Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн гэнэ.
Киноны ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр, ерөнхий зураглаачаар Г.Гүенбаатар нар ажиллажээ. 2026 онд заавал үзэх киногоор нэрлэгдэж, өндөр хүлээлт үүсгээд байгаа Аранжин пикчерсын “Задлаагүй захиа”-ны цаадах нууцыг үзэгч та бүхэн нэгдүгээр сарын 15-аас эхлэн бүх кино театруудаар хүлээн авч үзэх боломжтой.

