“Алунгоо хатан ижий – Эв нэгдэл” яруу найргийн наадам боллоо

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 22

Өнгөрөгч баасан гарагт Богд уулын Тайны аманд байрлах Мөнхтэнгэр – 2 жуулчны баазад  “Алунгоо хатан ижий – Эв нэгдэл” яруу найргийн наадам болж өнгөрлөө. Тус наадмыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Сарантуяа “Алунгоо хатан” Олон Улсын Нийгэмлэгийн тэргүүн С.Алтантуяа  хамтран санаачлан зохион байгуулжээ.

Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ЗДТГ, Мөнх тэнгэр жуулчны бааз, Эртний далай жуулчны бааз зэрэг олон байгууллага дэмжин ажилласан байна.

Монгол түмний эв нэгдэлийн бэлгэдэл болсон Алунгоо хатан ижийн сургаалыг түмэнд түгээхийн учир энэхүү наадмыг зохион байгуулсан аж. Уг сургаалыг дэлхий дахины энх тайван оршин тогтнох үндэс суурь сургаал хэмээн үзэж монгол түмэн, цаашлаад монгол туургатан хамтран нэгдэх эвийн гүүр болно. Ийнхүү Алунгоо хатан ижийн сургаалыг яруу найрагч, уран бүтээлчдийн тархи оюуныг нэрж эв нэгдэл, тусгаар тогтнол, эх орон газар шорооны үнэ цэнийг яруу найргаар тунхаглан залуу хойч үедээ үлдээхэд уг наадмын чухал ач холбогдол оршсон.

Тус наадамд Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч яруу найрагч Д.Цоодол, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Урианхай зэрэг энэ цаг үеийн шилдэг яруу найрагчид чуулж өөрсдийн тархи оюунаа нэрж зохиосон уран бүтээлээрээ уралдаж өнгөрүүллээ. Энэхүү наадамд залуу найрагч Л.Ганзул “Алунгоо эхээс асууруун” хэмээх шүлгээрээ, Ардын уран зохиолч төрийн шагналт Д.Цоодол дөрвөн боть номоороо тус тус тэргүүн байранд орж цом, мөнгөн шагналаар шагнуулав.

 

“Алунгоо хатан” Олон Улсын Нийгэмлэгийн санаачлагаар урлаг соёлын олон арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж. Энэхүү яруу найраг, бүтээлийн наадам нь цаашид хийгдэх урлаг соёлын фестивалийн эхлэл болж байна хэмээн тус төвийн тэргүүн, удирдахуйн ухааны докторант С.Алтантуяа ярилцлагадаа дурьджээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх