“My voice” олон улсын эстрад дуу дуулаачдын 3-р наадам эхлэх гэж байна

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 09 сар 28

Анх 2003 онд G Entertainment санаачлан “Хийморь тэтгэсэн Улаанбаатар”, 2007 онд “New Star” нэрийн дор зохион байгуулагдаж, Монголын хөгжмийн салбарт олон арван авьяаслаг дуучдыг бэлтгэн гаргасан энэхүү уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс төдийгүй олон улсаас авьяастнууд хуран чуулж, Монгол эх хэлээрээ дуулж, өрсөлдөж, залуусын идэвхи, оролцоо нэмэгдэж байсан түүхтэй.

Уралдааны ач холбогдол нь олон залууст монгол дуу, хөгжмийн гайхамшиг, монгол хэл соёлыг гайхуулан нийгэмд ч эерэг үр дүн өгч иржээ. Анхны уралдааны ялагчаар дуучин Ц.Мөнхбат тодорсноос хойш дуучин М.Үүрцайх, хөгжмийн найруулагч Жак, Мотив хамтлаг, дуучин Хүрэлээ, М.Маргад-Эрдэнэ, Дулма Сунрапова, Ч.Сэлэнгэ, С.Бичүү зэрэг өөр өөрсдийн өнгө төрх, ур чадвар, амжилтыг бий болгосон уран бүтээлчид төрөн мэндэлсэн юм. Олон сайхан дурсамж үлдээсэн шоу нэвтрүүлгийн шинэхэн хувилбар хийгдэх сургаар туршлагатай дуучид, залуу авьяастнуудад нэгдэн нийлж тэмцээндээ бүртгүүлсээр байна. Уралдаанд 16-аас дээш насны хэн бүхэн оролцох боломжтой юм.

МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавын урын сан дахь дуу уран бүтээлээр өрсөлдөх тэмцээн үндсэн 4 шатны шалгаруулалтаас бүтнэ. Нэгдүгээр шатанд оролцогчид чөлөөт сэдвээр буюу хүссэн дуугаа сонгон дуулах бол, хоёдугаар шатанд кино, жүжгийн дуу, гуравдугаар шатанд нийгэм, дөрөвдүгээр шат буюу гала тоглолтонд эх орны сэдэвтэй дуунаас сонголт хийх ажээ.

2003 ба 2007 оны “Хийморь тэтгэсэн Улаанбаатар”, “New Star” наадмын шүүгчдээр Монголын хөгжмийн салбарын шилгүүд болох продюсер Н.Халиун, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, МУГЖ Ч.Насантогтох, МУГЖ дуучин Б.Дашдондог нарын уран бүтээлчид ажиллаж байсан түүхтэй бол энэ жилийн “My Voice” тэмцээнийг хөгжмийн зохиолч, продюсер МУСТА Б.Чинбат, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуяг нар ажиллаж шинэ авьяасын эрэлд гарахаар болжээ.

Нэвтрүүлгийн шагналын сан хамгийн чухал бөгөөд ач холбогдолтой зүйл байдаг. “My Voice” төслийн шагналын сан: 1-р байр  10 сая төгрөг,  Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч  Л.Балхжавтай хамтран  ажиллах эрх, клип хийж өгөх эрх.  БНСУ-ын “Конгжү” Үндэсний их сургуульд 3 жил мэргэжлийн дуу дуулаачийн ангид үнэ төлбөргүй суралцах эрх, Ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагналууд         

2-р байр - 5 сая төгрөг, БНСУ-ын “Дувон” их сургуульд 1 жил үнэ төлбөргүй суралцах эрх, Ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагналууд      

3-р байр- 3 сая төгрөг, БНСУ-ын “Дувон” их сургуульд 6 сар үнэ төлбөргүй суралцах эрх, Ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагналууд            

Тусгай шагнал: - Амьд хөгжмийн шилдэг хамтлагийг тодруулж Япон улсад зохиогдох “Asian Beat” ОУ-ын амьд хөгжмийн наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхээр тус тус шагнана.  Энэхүү төрөлд өрсөлдөх сонирхолтой амьд хөгжмийн хамтлагууд олон байгаагаас үзэхэд шагналын сан өндөр, эрэлттэй байгаагийн шинж бизээ.

Мөн уран бүтээлчдийн зүгээс нэгэн сонирхолтой шагнал нэмээд байгаа нь нийт тэмцээний туршид оролцогчдын дунд дуу уран бүтээл нь хамгийн олон дуулагдсан рок попын хамтлаг дуучдыг тодруулж  хөгжмийн зохиолч Л.Балхжав өөрийн биеэр шагнаж урамшуулах гэнэ.

“My Voice” шоу нэвтрүүлэг 10-р сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрөөр UBS, UBS Music телевизийн эфирээр үзэгчдэд хүрэх юм. 

www.Urlag.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх