"Шинь Шинь" хэмээх хятад компанид дарлуулсаар байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 09

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Монгол Улсын стратегийн ач холбогдолтой орд газрын жагсаалтад багтсан Улаан хэмээх холимог металлын орд газар бий. Энэ ордыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь”, “Хунбөө” гэх компаниуд ашиглахаар болсон байдаг.

Манай улсын эдийн засагт 110 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь өнгөрсөн жил тогтоогдсон билээ. Гэтэл Нийслэлийн прокурорын газраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Дээрх ордыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь”, “Хунбөө” гэх компаниуд ашиглахаар болж, тусгай зөвшөөрлийг нь УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин, түүний хүү Б.Баттүвшин тэргүүтэй гэр бүлийнхний байгуулсан “Азиа далай фарист” гэх компаниас худалдан авсан. Гэтэл энэ ордын тусгай зөвшөөрлийг хятадуудад авч өгөхдөө анхны эзэмшигчийнх нь гарын үсгийг хуурамчаар үйлдсэн.

Хуурамч материалаар “Азиа далай фарист”-д шилжүүлж. Ингэж шилжүүлэн авмагцаа 2004 онд “Шинь шинь”-д зарсан байна.

Энэ тухайгаа УИХ-ын экс гишүүн Р.Бадамдамдин мөрдөн байцаалтад “БНХАУ-ын төрийн өмчит “Шинь шинь” компанид 2.5 сая ам.доллароор зарсан” хэмээн мэдүүлсэн гэнэ. Харин тусгай зөвшөөрлөө “Азиа далай фарист”-ынханд алдсан хохирогчид нь үүнээс ч илүү үнэ хүрсэн гэж үздэг юм билээ. Р.Бадамдамдин, түүний ах Р.Бадамдорж, хүү Б.Баттүвшин нар “ДСД Жаргалант” компанийнхныг залилан мэхэлж, тусгай зөвшөөрлийг нь аваад ашиг олсон үйлдэлд нь 2013 онд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар хэрэг үүсгэсэн байдаг. Бүтэн нэг жил найман сарын хугацаанд дээрх хүмүүст холбогдох хэргийг таван удаа сэргээж зургаан удаа хэрэгсэхгүй болгожээ. Энэ нь мөнгөтэй, эрх мэдэлтэй, намын нөмөр нөөлөгтэй хүнд хууль үйлчилдэггүйг илтгэх тод жишээ мэт.

 Монгол орны дорнод хязгаарын нэг хэсгийн ашигт малтмалыг хууль бус тусгай зөвшөөрлөөр авч, хөрсийг асар ихээр хордуулчихаад байгаа “Шинь шинь”-ийнхнийг ингэж даварсан хэвээр байна. Шинь Шинь хэмээх хятад компанид ийнхүү дарлуулсаар байна.

Г.Наран





Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх