Агаарын бохирдолд зарцуулах 1.5 тэбумын тухай ярих хэрэгтэй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 18 ・ 2

 

2017 онд агаарын бохирдлыг бууруулахад улсаас таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Холбогдох яам, тамгын газрын ажилтнууд өмнөх Засгийн газар бодлогогүй ажиллаж, хий мөнгө үрээд таарсан. 

Энэ өвөл гэр хорооллын, зорилтот бүлгийн 4700 өрхөд сайжруулсан түлш өгөх юм гэнэ. Хаанаас хэний түлшээр хэдээр аваар яаж өгөх гэж байгаа нь бас л тодорхойгүй. Ер нь жил бүр сайжруулсан түлш гэдэг зүйлийг ярьдаг.  Гэтэл түлж л байгаа бол утаа гарна, угааргүй түлш гэж хаана ч байхгүй хэмээн учир мэдэх хүмүүс шүүмжилдэг. 

2015 онд БОНХАЖЯ (хуучнаар)-ныхан утааны голомттой бүсэд амьдардаг 12 мянган өрхөд утаагүй гэх түлшийг туршилт нэрийдлээр тараагаад иргэдээс муу үнэлгээ авсан. Илчгүй, түргэн асдаг гэсэн шүүмжлэл дагуулснаар энэ ажил замхарч алга болсон билээ. Сайжруулсан түлшнээс татгалзах өөр нэг ноцтой шалтгаан бий нь энэ төрлийн түлш хүний эрүүл мэндэд түүхий нүүрснээс ч илүү уршигтай гэгддэг.

Сайжруулсан түлш дотоод орчны агаарыг түүхий нүүрснээс илүү бохирдуулдгийг БНСУ-ын эрдэмтэд хэдийнэ баталсан тухай Sarangerel Enkhlen, Purewkhuu Tserendorj гэх хаягтай хоёр иргэн “Утааны эсрэг ээж, аавууд” нэртэй фэйсбүүкийн группэд хэд хоногийн өмнө нийтэлсэн нь анхаарал татаж, эл мэдээллийн мөрөөр чамгүй судлав.

БНСУ-ын Сүн Чон Хян их сургуулийг химийн технологичоор төгссөн С.Энхлэн ярихдаа “Солонгосчууд байгаль орчинд бусад салбараас илүү анхаарч, хөрөнгө зарцуулдаг нь ажиглагдсан. 2005 оны үед агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, иргэдийг сандаргасан ч төр нь зөв бодлогоор шуурхай арга хэмжээ авснаар намжаасан гэдэг. Ургамлаас гаргаж авсан био түлш болон сайжруулсан түлш, “Clean coal” буюу нүүрс цэвэршүүлэгч бодисын хэрэглээ тус улсад өссөнтэй холбоотойгоор шинжээчид үүнийг нухацтай судлахад тийм ч эерэг үзүүлэлт гараагүй. Ийм төрлийн түлш тараахын оронд цахилгааны хөнгөлөлтөд хамруулах өрхийн тоог нэмэгдүүлбэл ашигтай” гэсэн байна.

Агаарын бохирдолтой тэмцэх ажил яг л урьдын замналаараа үргэлжилж байна. Дэвшилт, “ногоон” гэх тодотголтой технологийн үзэсгэлэн, “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн ЗДТГ, БОАЖЯ-наас саяхан зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Агаарын бохирдол бууруулах үндэсний чуулган энэ сарын 23-нд болох гэнэ. Жил бүр ярьдаг улиг болсон зүйлсийг энэ үеэр ярилгүй, сайжруулсан түлш, зууханд зарцуулах 1.5 тэрбум төгрөгөөр юу хийж болох талаар яагаад хөндөхгүй байна вэ.

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 10 сар 19/

    Улаанбаатарт гэрт байгаа бүх айлыг орон сууцжуулах ажлыг 5,10, 20 жилийн туршад хийсэн ч хамаагүй.Хугацаа нь сонин биш.Харин шинээр нүүж ирж байгаа айлууд зөвхөн орон сууц худалдаж авч амьдарвал УБ т амьдрах зөвшөөрөл өгөх хэрэгтэй

    Хариулах
  • Монгол / 2017 10 сар 19/

    Утаанаас салья л гэж байгаа бол гэр хорооллоос л салах хэрэгтэй.Тиймээс тэр утааг бууруулахад зориулах мөнгөөрөө орлого багатай гэр хороололынхонд зориулсан орон сууц барь.Бодлого төлөвлөгөөтэйгээр орон сууцанд л бүх айлуудыг оруулах шаардлагатай.Өөр ямарч гарц байхгүй шүү.я

    Хариулах