Дугаар харж дуудлага авдаг ялгаварч монгол зан

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 10 сар 23 ・ 3

“Дүүд дүүд дүүд… Өө миний дугаарыг авахгүй байна” гэх үгийг Та сонссон л биз дээ. Янз бүрийн дугаарын цуглуулга болсон эсвэл урьдчилсан төлбөртөөс залгахад зарим хүн утсаа авахгүй гүрийх нь бий. Аа харин дараа төлбөртөөс залгахад ямар ч хүн таны дуудлагыг авахаас гадна эргүүлээд ярьдаг нь нууц биш. Ерөөсөө дараа төлбөрт дугаар нь тухайн хүний нэр хүндийн баталгаа, хэдэн төгрөг олдгийн нотолгоо, гангарааны илэрхийлэл гээд давуу талыг нь дурдаад байвал дуусахгүй биз.

 

Үүнээс гадна утсаар ярьж л ажлаа амжуулдаг Монголын өдөр тутмын амьдралын онцлог мессежний эрин үед цэг тавьж байгааг Харилцаа холбооны байгууллагаас хийсэн статистикаас  ЭНД (http://crc.gov.mn/k/35/23) дарж үзээрэй. Өнгөрсөн оны байдлаар үүрэн холбооны хэрэглэгчдийн мессеж бичих тоо 500 сая ширхэгээр огцом буурсан байна шүү. Харин үүний эсрэг талд дата хэрэглээ нэмэгдэж, дараа төлбөрт дугаар хэрэглэгчдийн тоо аажмаар өсөж байна.

 

Ингээд ид шидэт дараа төлбөрт дугаарын хэрэглэгч болохыг сонирхож байвал уншигч та доорх нийтлэлд анхаарлаа хандуулаарай. Мобиком VS Юнителийн хэн нь хэн болохыг “илчилж” байна.

 

  1. Яг одоо хэдэн төгрөг төлөх вэ?

 

Яг одоо хэдэн төгрөг төлөөд дараа төлбөрт дугаартай болох нь шинэ хэрэглэгчийн хувьд хамгийн чухал асуулт. Ингээд Мобикомын 2222 болон Юнителийн 1414 тусгай дугаараас авсан мэдээллээ дор хүргэе.

 

 

 

Байр, ус, цахилгаан, дулааны мөнгөө төлөөд Мобикомыг ав 

 

Ирэх оны 3-р сарын 31 хүртэл Мобиком компани урамшуулал зарлажээ. Өнгөрсөн гурван сарын хугацаанд байр, ус, цахилгаан, СӨХ-ийн мөнгөө ягштал төлсөн хэрэглэгчдэд барьцаа төлбөр, бүртгэлийн хураамжгүйгээр дараа төлбөрт дугаар олгож байна.

 

Юун ус, цахилгаан, СӨХ-ийн мөнгө болоод явчихваа гэж уншигч Та гайхаад хэрэггүй ээ. Иргэний үнэмлэх дээр тэмдэглүүлсэн хаягт оршин суудаг эсэхийг нягталж байгаа тухайгаа Мобикомын ажилтан тайлбарлаж байна лээ.

 

Гэхдээ өнгөрсөн гурван сард байрны төлбөрөө хийсэн байх шаардлагатай гэдэг нь таныг утасны мөнгөө төлөх чадвартай эсэхийг “шалгаж” буй арга байх.

 

Хэрвээ өнгөрсөн гурван сарын хугацаанд байрны мөнгө болон СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй бол хамгийн багадаа 20 мянган төгрөгийн барьцаа төлж байж дараа төлбөрт дугаар авна. Энэ тоо нь үргэлжлэн өсдөг. Мөн Мини Моби багцыг сонговол 20 мянга болон түүнээс дээш барьцаа байршуулж дараа төлбөрт дугаар авч болох гэнэ.

 

Иргэний үнэмлэхтэй Юнител

 

Юнителийн дараа төлбөрт дугаартай болохын тулд танд иргэний үнэмлэх л хангалттай. Учир нь 10 сарын 30 хүртэл Юнител компани барьцаагүйгээр дараа төлбөрт дугаар авах урамшуулал зарлажээ.

 

Тэгэхээр урамшууллыг ашиглаад 8000 болон 8008 зэргээр эхэлсэн гоё дугаарыг барьцаагүйгээр авах боломж бий болжээ. Юнителийн рекламаар энэ боломжийг төдийлэн сурталчилахгүй байгаа ч боломжийг ашигладаг сэргэлэн үйлчлүүлэгч байхад тэр нэг их хамааралгүй болов уу.

 

2. Дата дууссаны дараа яах вэ?

 

Мобиком болон Юнителийн дата хэрэглээ дараа төлбөрт дугаарт харилцан адилгүй  байна. Тухайлбал, Мобикомын “Mobizone 19900” багцийн хэрэглэгчдэд ердөө 400 MB дата эрх ирдэг. Гэхдээ тус компани энэ багцдаа шинэ хэрэглэгч бүртгэхгүй байгаа гэсэн.

 

Тэгвэл Юнителийн 20 мянган төгрөгийн багцад 1 GB дата дагалдан ирж байна. 

 

Гэхдээ дата дууссаны дараа Мобиком болон Юнителийн хэрэглэгчид 128 кВ секундаар дата ашиглах боломжтой.

Нэмээд хэлэхэд 24 цагийн ДАТА багцын хувьд Юнителийх 1GB дата 1500₮ байдаг бол, Мобигийх 600MB дата 1500₮ байдаг юм байна.

 

3.  Урьдчилсан төлбөрт дугаар хэрэглэгчдийн тоо буурч байна

 

Нэгжээр утсаа цэнэглэдэг хэрэглэгчдийн тоо жил ирэх бүр хумигдаж байна. Харилцаа холбооны байгууллагаас хийсэн статистик мэдээллээс үзэхэд өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт хэрэглэгчдийн 80.7 хувь нь урьдчилсан төлбөрт дугаар ашигласан байна. Харьцуулахад, 2012 онд энэ тоо 88.6 хувьтай тэнцдэг байжээ.

 

Тэгвэл үүний эсрэгт талд дараа төлбөрт дугаар хэрэглэгчдийн тоо жил ирэх бүр алгуурхан өсөж байгаа юм. Мөн хосолсон төлбөрт дугаар хэрэглэгчид ч зах зээлд хэдийнэ байр сууриа эзэлжээ. Хэдхэн жилийн өмнө хүмүүс дараа төлбөрт дугаарыг урьдчилсан төлбөртөөс илүү үнэтэй, зардал ихтэй гэж боддог байсан бол энэ хандлага өөрчлөгдсөн нь ажиглагдлаа.  

Эцэст нь Мобигийн дараа төлбөрт үү, Юнителийн дараа төлбөрт үү? Сонголтыг танд үлдээе.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: