Биткойн эрх мэдэл, эцсийн сонголтыг хүмүүст олгож буйгаараа давуу талтай гэв

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 02
Интернетээр тархах  тоон мөнгө гэгдэж буй биткойн  дэлхий нийтэд “цунами” адил түрэн орж ирж буй юм. Энэхүү хийсвэр валютын талаар мэдээлэл олгох зорилгоор  Ард Санхүүгийн нэгдлээс Хөрөнгө Оруулагч Үндэстний хоёр дахь удаагийн  чуулганы сэдвийг  криптовалют болон биткойн руу чиглүүлж  байна. Тус нэгдлээс өнөөдөр  Гадаад харилцааны яамны хурлын танхимд “Крипто үндэстэн” дугуй ширээний уулзалтыг зохион байгуулав.
 
 
“Ганцхан өдрийн дотор 1000 гаруй ам. доллараар өсч буй биткойны давалгааг дэлхий нийтэд нэвтэрч байна хэмээн хараад сууж боломгүй. “Суусан цэцнээс явсан тэнэг” дээр гэгчээр дэлхий нийтийг хуйлруулж буй энэ технологийг нэвтрүүлэхэд Монгол Улс анхаарч, судлах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ эрсдлийг маш сайн тооцох ёстой.  Эрсдлийг тооцохын тулд эрх зүйн асуудлыг хөндөх хэрэгтэй болох нь дамжиггүй. Гол нь энэ бодитой, ийм эрсдэл байна гэдгийг маш тодорхой болгох ёстой. Ингэснээр бодит нөхцөл бий болно.  Гадаад харилцааны сайдын ажлыг аваад хамгийн түрүүнд Технологи, инновацийн судалгаа, мэдээллийн зөвлөл байгууллаа. Шинжлэх ухааны эрдэмтэд багш нар, мэргэжилтнүүд бизнесийнхэнтэй хамтарсан баг  цахим мөнгө болон шинэ технологийн талаар судлах юм. Мөн зөвлөл нь Монголын бизнесүүдэд шинэ технологи, боломж, хөрөнгө оруулалт татах талаар ажиллана”  хэмээн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэллээ.
 
Дугуй ширээний уулзалтаар  блокчэйн технологийн онцлог, цахим мөнгөний хөгжил, ирээдүйн төлөв,  эрсдлийн талаар мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлсэн юм. 
 
Гадны төлөөлөгчдийн хувьд ямар нэгэн байгууллага, хүний оролцоогүйгээр шууд харилцах боломжийг олгох биткойны талаар эхлээд маш сайн судалж,  хурдтай өрнөж буй технологийг нэвтрүүлэх боломжийг Монгол Улс  эрэлхийлэх нь чухал.  Биткойн нь нийгэм, эдийн засгийн төвлөрлийг сааруулж, эрх мэдэл, эцсийн сонголтыг хүмүүст олгож буйгаараа давуу талтай. Энэ цахим хувьсгалын нэг илрэл нь мөнгө санхүүгийн талбарт гарч ирсэн криптовалют. Дэлхий нийтэд биткойн үүсээд найман жилийг үдлээ. Тухайн үед цахим мөнгө, интернет банк гэж ярьж байсан бол одоо биткойн, этэриум зэрэг криптовалют бий болсон” гэдгийг онцолж байв.
 
Ийнхүү цахим мөнгөний асуудлаар мэргэжилтнүүд болон бизнесменүүд, холбогдох яамд, байгууллагуудын төлөөлөл санал солилцлоо.
 
“Крипто Үндэстэн чуулга уулзалт- 2017” маргааш Корпорэйт Конвеншн Центрт болох юм байна.
 
 
Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх