Цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр утаа буурсангүй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 07

Айл болгоны яндангаас бидний үзэн ядах утаа савсаж, хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч, цан татуулсан хүмүүс зөрж өнгөрнө. Өнгөрөх хүмүүс дунд амны хаалт зүүсэн нь ганц нэг тааралдана. Агаарын бохирдлын талаар ярьсаар улиг боллоо гэж хэн бүхэн хэлэх ч гэлээ, харин ч дахин, дахин энэ тухай хөндөж бичих шаардлагатай юм.

Төр засгаас агаарын бохирдлыг бууруулах хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн тухай өмнөх нийтлэлүүдэд дурдсан билээ. Тэгвэл нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол өнгөрсөн оны сүүлчээр гарсан. Тус тогтоол нь өнгөрөгч сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлэх юм байна. 

 

Төрөөс гаргасан хууль, тогтоомж, бодлого шийдвэр иргэдэд хэрхэн нөлөөлөхөөс шалтгаалаад зөв, буруу бодлого болох нь тодорхойлогдоно. Тэгэхээр цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр өрхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөв гэдгийг тодруулахаар, цахилгаан халаагуур тогтмол ашигладаг айл өрхүүдээс дараах сурвалжлагаа бэлтгэлээ.
Агаарын чанарын албанаас гаргасан мэдээллээр Толгойт, МҮОНРТ, Амгалан, Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 501-ээс дээш буюу маш их бохирдолтой гарчээ. Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх, эсвэл цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөжээ. 
Тэгвэл Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн төлөөлөл болгон гурван айлыг сонгосон билээ. Эдгээр дүүрэгт очихдоо “Агаар” гэх аппликейшнээр агаарын чанарын индексийг шалгасан юм. 

БҮХ АЙЛ ӨРХ УТААГҮЙ УЛААНБААТАРЫГ БИЙ БОЛГОХЫН ТУЛД ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ

Амгаланд 605 буюу маш их бохирдолтой гэж агаарын чанарын индекс заасан байв. Агаарын чанарын индексээрээ маш их бохирдолтой газар нутагт амьдардаг Баянзүрх дүүргийн XIII хорооны иргэн А.Алтангэрэлийнд түр саатлаа. Биднийг гэрт нь орох үеэр “Хаалгаа хурдан хаагаарай. Дулаан алдагдаад, хүйтэн болчихно шүү. Манайх жаахан хүүхэдтэй айл салхи авчихна. Шаардлагагүй бол бид нар нэг их орж гараад байдаггүй” гэсээр угтсан юм. Бид хурдхан ороод хаалгыг нь хаав. Хоёр давхар байшинд амьдардаг. Нэг давхрын хоёр өрөөндөө шалны халаагуур ашигладаг. Харин хоёр давхартаа гурван цахилгаан халаагуур залгадаг гэнэ. Тэрбээр “Манайх шалны халаалт тавиад дөрвөн жил болж байна. Шалны халаалт тавьсны дараа манай цахилгаа төлбөр 400 гаруй мянган төгрөг гарч байсан. Шөнийн цахилгааны тарифыг тэглэснээс хойш 200-300 мянган төгрөг сар тутамд төлдөг. 10 сарын төлбөр 213 мянган төгрөг гарсан байхаар нь цахилгаан халаагуураа залгахаа багасгаж тогоо хэмнэж эхэлсэн. Харин өнгөрсөн сараас цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Тэгэхээр нь шөнөдөө шалны халаалт, цахилгаан халаагуураа түлхүү ашиглаж эхэлсэн. Яг орой 21.00 цагт асааж, өглөө 06.00 цагт унтраадаг. Гэтэл манай арваннэгдүгээр сарын цахилгааны төлбөр 200 мянган төгрөг гарсан. Хөнгөлөлтийн журамд зааснаар 700кб-аас дээш хэрэглээг тухайн айл өөрөө төлнө гэсэн байсан. Тэгэхээр арванхоёрдугаар сарын цахилгааны төлбөр хэд гарахаас шалтгаалаад эдийн засгийн хэмнэлтээ тооцоолох боломжтой. Нэг ч болтугай айл нүүрс түлэхээс татгалзаад утаа гаргахгүй байх гэж хичээж сар бүр 200 мянган төгрөг төлж байхад хажуу айлын яндангаас утаа савсах нь сэтгэл гонсоймоор санагддаг. Бүх айл өрх утаагүй Улаанбаатарыг бий болгохын тулд хичээх хэрэгтэй шүү дээ. Гэвч хажуу айл  цахилгааны төлбөртөө сард 20-30 мянган төгрөг төлөөд нүүрсээ түлээд, утаагаа манаргаад байх нь манайд тийм ч сайхан санагдахгүй байгаа. Бүх нийтээрээ л оролцоотой, идэвхтэй байж утаагаа багасгах хэрэгтэй” гэв. 

ХЭДХЭН АЙЛ ЦАХИЛГААН ХАЛААГУУР ХЭРЭГЛЭЭД БУСАД НЬ НҮҮРС ТҮЛЭЭД БАЙХ ШУДАРГА БИШ

Зурагтын шинэ эцэст агаарын чанарын индекс нь өглөө, оройдоо 1000-аас дээш гардаг маш аюултай агаарын бохирдолтой орчинд оршин суудаг Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн Г.Баасандуламтай уулзав. Тэдний гэр бүлийн хувьд  хоёр настай хүү, таван сартай охины хамт гурван өрөө  байшинд амьдардаг. Тэрбээр “Цахилгаан халаагуур хэрэглэж эхлээд хоёр жил болж байна.  Манайх гурван өрөөндөө цахилгаан халаагуур хэрэглэдэг.  Шөнийн цахилгааны тарифыг тэглэхээс өмнө сард цахилгааны төлбөр 400 мянган төгрөг гардаг байсан. Арваннэгдүгээр сард 200 гаруй мянган төгрөг гарсан. Ид хүйтэрч эхлэхээр илүү өндөр төлбөр гардаг. Манайх өглөө 06.00 цагаас цахилгаан халаагуурынхаа хэмийг багасгаж, орой 21.00 цагаас халаагуурынхаа хэмийг нэмдэг. Цахилгаан халаагуур ашиглах нь тийм ч дулаахан байж чаддаггүй. Ерөнхийдөө л сэрүүхэн байдаг. Өмнө нь гал түлдэг байхад байшин шууд дулаацдаг байсан. Тог тасрахгүй л бол тогтмол халаагуураар гэрээ дулаацуулдаг. Заримдаа тог тасрахаар нялх хүүхэдтэй хэцүү байдаг. Гэхдээ яахав гал түлэх ажиллагаатай бас, тоос тортог нь дийлдэхгүй байдаг. Тэгэхээр цэвэрхэн бас утаа гаргахгүй байгаадаа заримдаа сэтгэл хангалуун байдаг. Харин утаагүй дүүрэг, хороо гээд хэсэг бүлгээрээ нэгдвэл үр дүнтэй байж болзошгүй. Амьжиргааны төвшин доогуур, ядуу буурай айл өрхүүд нүүрс ч байтугай юу таарснаа түлж байгаа нь агаарын бохирдолд их нөлөөтэй гэж бодож байна. Төр засгаас үүнийг жигдрүүлэх тал дээр ажиллаасай гэж боддог. Тэгэхгүй бол хэдхэн айл цахилгаан халаагуур хэрэглээд бусад нь нүүрс түлээд байх шударга биш биз дээ” хэмээв.

МАНАЙ ЭНЭ ХАВЬД ЦАХИЛГААН ХАЛААГУУР ХЭРЭГЛЭДЭГ АЙЛ ЦӨӨХӨН

Сонгинохайрхан дүүргийн V хорооны иргэн Л.Ганчимэгийнх нь 6х7 метр квадрат байшинд оршин суудаг. Тэрбээр “Өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас эхлэн цахилгааны шөнийн тарифыг тэглэхэд манай цахилгааны төлбөр 150-170 мянган төгрөг гарсан. Цахилгааны хөнгөлөлтөөс өмнө 180-200 мянган төгрөг төлдөг байсан. Манайх гурван цахилгаан халаагуур хэрэглэж байхад ачааллаа дийлэхгүй хоёр халаагуур хэрэглэдэг болсон. Ер нь өнгөрсөн жилийн цахилгааны төлбөрөөс анзаарахад 10-50 мянган төгрөгийн хооронд хөнгөлөгдөж байна. 
Энэ сардаа багтаад байр түрээслэх санаатай байна. Халаагуур хэрэглээд тийм ч дулаахан тохитой тухтай байж чадахгүй сар бүр 150 мянган төгрөг төлөөд баймааргүй байна. Болохгүй бол зуухаа оруулж ирээд галлана гэж бодож байгаа. Нүүрс нэг тонныг нь 150-200 мянгаар аваад бараг хоёр сар түлдэг. Тэгэхээр эдийн засгийн хувьд хэмнэлттэй байгаа юм. Утаа гаргахгүй гээд ганцаараа хичээгээд байх шаардлага байхгүй мэт санагдаж байна. Цалин сайтай, боломжийн амьдралтай хүний хувьд сарын цахилгаан 200 мянган төгрөг гарах нь энгийн үзэгдэл байх л даа. Манай энэ хавьд цахилгаан халаагуур хэрэглэдэг айл цөөхөн. Худалдаж авах боломж нь болдоггүй юм шиг байна лээ” гэв.

ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХИЙН ТАВАН ХУВЬ НЬ ЦАХИЛГААН ХАЛААГУУР АШИГЛАДАГ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ нь нийслэлийн гэр хорооллын 146 мянга хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Үүний 90 орчим хувь буюу 120 мянга гаруй өрх хоёр тарифт тоолууртай учир цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах боломжтой аж. Бусад хэрэглэгчийн хувьд өдөр шөнийн тарифтай тоолуур худалдан авч тавьснаар энэхүү хөнгөлөлтөд хамрагдах боломжтой бөгөөд 120 мянган айл өрхийн 6000 мянга нь цахилгааны халаагуурын асуудлаа шийджээ. Тэгэхээр нийт гэр хорооллын айл өрхийн таван хувь нь цахилгаан халаагуур ашигладаг байна.
Гэр хороололд нүүрс түлээд утаа үйлдвэрлэж байна гэж ад үзэгдэж буй иргэдийн амьжиргааны төвшин ямар байдаг тухай бодолцож үзсэн байлтай. Гэтэл цахилгаан халаагуур аваад нүүрсээ түлэхээ болих хэрэгтэй гэж ихэвчлэн байранд амьдардаг иргэд хэлж байлаа. Бодит байдал ийм л байна. Утаа үйлдвэрлэдэг гэр хорооллынхныг буруутгалаа гээд шийдэл нь юу билээ. Үнэхээр боломжгүй амьдралтай, нүүрс байтугай олдсоноо түлээд дулаацаж амь зогоож байгаа айл өрх цөөнгүй байна. 

СБД-ийн XIV хорооны иргэн: 
-Манай цахилгааны төлбөр сар бүр 30 мянган төгрөг гардаг байсан. Энэ сар 21 мянган төгрөг гарсан байна. Сая төлчхөөд явж байна. Манайх энгийн айлын хэрэглэдэг цахилгаан хэрэгсэл ашигладаг. Гэрт нүүрс түлээд амьдарч байна. Цахилгаан халаагуур авах мөнгө байхгүй. судалж үзэхэд хамгийн багадаа 300-600 мянган төгрөгийн үнэтэй байсан. Зурагтаар сурталчлаад л байх юм. Гэхдээ нүүрсээ түлэхгүй утаа гаргахгүй байхсан гэсэн хүсэл байна. Гэвч боломж алга.

СБД-ийн V хорооны иргэн:
-Манайх гэрт амьдардаг. Хүүгийнх цахилгаанаар халдаг байшинд амьдардаг. Манайх бол бага хэмжээний хөнгөлөлт гарсан байна. Энгийн амьдралтай иргэд бидний хувьд ганц талхны мөнгө ч болтугай хэмнэж байгаад тааламжтай л байна. Харин цахилгаан халаагуураа арай хямд үнээр худалдаалбал орлого багатай бид нүүрсээ түлэхээ болиод цахилгаан халаагуур хэрэглэхийг хүсэлгүй дээ.
Цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр сард цахилгааны төлбөр нь дунджаар 10-30 мянган төгрөг төлдөг айлын хувьд 5000-7000 төгрөгийн хэмнэлттэй байгааг иргэд ярьж байлаа. Харин 40-70 мянган төгрөг гардаг айлд дунджаар 10 мянган төгрөг хөнгөлөгдсөн байна гэж байв. Цахилгаан халаагуур хэрэглэдэг  айлуудын хувьд цахилгааны төлбөр нь янз бүр гардаг гэнэ. Энэ нь хэрэглээнээсээ хамаараад өөр өөр байна гэлээ. Магадгүй өглөө нь цахилгаан халаагуураа унтраахаа мартсан, эсвэл орой нь эрт асаасан тохиолдолд мөнгөн дүнд нөлөөлдөг байна. Ямартай ч шөнийн цахилгааны хөнгөлөлт нь айл өрхүүдэд ашигтай байгаад зогсохгүй болдогсон бол цахилгаан халаагуурыг ашиглах хүсэлтэй тухай иргэд санал нэгтэй байна.

Үндэсний шуудан сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх