”Монголын Уламжлалт Анагаах Ухааны Олон Улсын Анхдугаар Их хурал” амжилттай боллоо

-УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ АНХДУГААР ХУРАЛД 850 ГАРУЙ ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО-

"Мон-Аналитик" ХХК, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор анх удаагаа өнөөдөр /12.08/ "Монголын Уламжлалт Анагаах Ухааны Олон Улсын Анхдугаар Их хурал"-ыг зохион байгууллаа. 

Хуралд Эрүүл мэнд, боловсролын салбарын тэр дундаа уламжлалт анагаах ухааны чиглэлийн судлаач, эмч,  доктор, профессор, гадаад, дотоодын нийт 850 гаруй төлөөлөгчид оролцлоо. 

-УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГ ХЭЛБЭР БОЛГОХ БОЛОМЖ БАЙНА-

Хурлаар уламжлалт анагаах ухааны салбарын үүсэл, хөгжил, өнөөгийн байдлыг ярилцахаас гадна ирээдүйд эрүүл мэндийн аялал жуулчлал болгон хөгжүүлж болох боломжтой байгааг "Нью Жуулчин" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нэргүй онцолж байлаа.

Тэрээр : "Дэлхийн аялал жуулчлалын салбарт эрүүл мэндийн аялал жуулчлал гээд цоо шинэ хэлбэр орж ирлээ. Сүүлийн 3-4 жил энэ аялал жуулчлал их хөгжиж байна. Дотроо орчин үеийн анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан гэж хоёр янз байна. Бидний хувьд бол уламжлалт анагаах ухаан Монгол оронд аялал жуулчлалын нэг болох боломж байна гэж харж байна. 500 мянган жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулж, олонд хүргэе гэж бид төлөвлөсөн байгаа" гэсэн юм.

"Сод Монгол групп" ХХК-ийн охин "Мон-Аналитик" ХХК, АШУҮИС-тай хамтран Монгол Улсад анх удаа эрүүл мэндийн салбарт томоохон дэвшил гаргах  төслийг эхлүүлсэн. Энэхүү төсөл нь Шарга морьтын аманд 13 мянган мкв газарт "Ази Номхон далайн уламжлалт анагаах ухааны төв" байгуулахаар төлөвлөж байгаа юм. Одоогоор барилгын ажил эхэлсэн бөгөөд "Ази номхон далайн уламжлалт анагаах ухааны төв" нь 2019-2020 онд бүрэн ашиглалтад орно. Тус төвийг байгуулсанаар хуралд яригдсан Монголын Уламжлалт анагаах ухааныг дэлхийд гаргах нөхцөл бүрдэж, мөн манай улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын салбар асар хурдацтай хөгжих боломж нээгдэх юм.

Үүнийг баталсан мэт хуралд оролцсон эрхмүүдийн илтгэлд тус салбарыг дэлхийн жишигт хүргэж, олон нийтэд таниулах цаг болсон нь дурьдагдаж байлаа.  

-МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ДЭЛХИЙН БРЭНД БОЛГОХ БОЛОМЖТОЙ ГЭВ-

Ингээд хурлыг нээж үг хэлсэн эрхмүүдийн илтгэлээс онцолбол:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зочид, төлөөлөгчдөд хандсан илгээлтийг Тамгын газрын дарга З.Энхболд уншиж, сонордуулсан юм. 

"...Монголын уламжлалт анагаах ухааны салбарынхан дараах асуудалд анхаарлаа хандуулж, үйл ажиллагаагаа чиглүүлэх нь зүйтэй. Үүнд:

1.Олон зууныг дамжин туршлагаар шалгагдсан монголчуудын эрүүл амьдрах ёс, өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг эрүүл мэндийн шинэ бодлого болгон хэрэгжүүлэх;

2.Үр дүнг нь уламжлалт анагаах ухааны практикт шууд нэвтрүүлэх боломжтой эрдэм судлалын ажлыг түлхүү дэмжих;

3.Уламжлалт анагаах ухааны практикийн эмч нарын өдөр тутамд гарч байдаг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэдний ур чадвар, мэдлэг, дадлага, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, давтан сургах талаар тусгай бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

4.Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан, Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийн брэнд болгох хөгжүүлэх гарц нь шинжлэх ухааны судалгаа, нотолгоо байна гэдгийг зорилго зорилт болгох учиртай." гэлээ.

Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хурлыг нээж үг хэлэхдээ "Монголын Уламжлалт анагаах ухааны "амьсгал" ард түмний дунд хэзээ ч тасраагүй юм шүү " гэдгийг онцлоод "2002 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага дэлхийн бүх оронд мэдэгдэл хүргүүлсэн нь Анагаахын шинжлэх ухаанд нэг шинэ нөөц, салбар бий болж байна. Энэ нь уламжлалт анагаах ухаан. Үүнийг бодлогын түвшинд хөгжүүлэхэд анхаар" гэж мэдээлж байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ уламжлалт анагаах ухаан манай улсад цогц байдлаар хөгжөөгүй байна. Энэ салбарын сайдын хувьд энэ үйлсэд хамтарч ажиллана гэдгээ мэдэгдэж байна" гэсэн юм.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлтийг авчрах анхдугаар хуралд МАУА-ийн гишүүн АУ-ны доктор профессор Н.Сүмбэрзул, АШУ-ны доктор, профессор Б.Мөнхбат, Д.Цэрэндагва, Ц.Лхагвасүрэн, Ш.Болд, мөн Профессор Нобуёши Күме нар оролцон өөрсдийн илтгэлээ тавьж, санал бодлоо хуваалцлаа.