БУРУУГҮЙ “БУРУУТНУУД”

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 19 ・ 1

Айлын охин цахим орчинд бичлэг хийсэн нь түмэнд түгмэгц хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид бөөн, бөөнөөрөө худалдагдсан, хувиа бодсон гэх мэтээр баахан баалуулж, чичлүүллээ. Асуудлыг хөндсөнгүй л гэнэ, ард нь хөрөнгө мөнгө ихтэй хүмүүс байгаа учраас амаа үдүүлсэн л гэнэ, арын эздийнх нь хүүхдүүдийн оролцоотой хэрэг болохоор хөөцөлдөж дэлгэсэнгүй л гэнэ. Өнөө охины амнаас унасан үг бүрийг сэтгүүлчид, хэвлэлийнхэнд хамаатуулж, ажилгүй, анхиагүй хэмээн баахан буруутгав.
 
Анхааралдаа авлаа гэж мэдэгдэж байгаа ч юм уу, өөрсдийнхөө хандалт, тандалтыг нэмэгдүүлэх ч гэсэн юм уу зарим сайт охины хийсэн бичлэгийг байршуулсан байв. Энэ үед чухам л үнэний дуу хоолой боллоо хэмээн тэрхүү сайтуудад талархал илэрхийлэх нь холгүй байлаа, олон нийт.
 
Гээд яав...
 
Аливаа асуудлыг цаг алдалгүй түргэн шуурхай олон нийтэд хүргэх нь хэвлэл мэдээллийн салбарын чухал үүрэг мөнөөсөө мөн. Гэхдээ юм гэдэг учиртай. Түргэн шуурхайгаас гадна үнэн бодитой, олон талын эх сурвалжтай мэдээллийг нийтэд түгээх нь сэтгүүлзүйн үндсэн үүрэг нь.
 
Үүргээ биелүүлж, олон талын эх сурвалжаас авсан мэдээллүүдээ өчигдрөөс хэвлэл мэдээллийнхэн түгээсэн. Дахиад цаашдаа түгээх болно. Амралтын өдөр гэж хэвлэлийнхэнд байдаггүй. Харин бусад албаныханд, тэр дундаа амралтгүй ажиллаж буй сэтгүүлчдэд хариулт өгөх албан тушаалтнуудад нь хуулиар олгосон амралтын өдөр гэж бий.
 
Яг л ийм цаг үеийг буюу баасан гараг, амралтын өдрүүдэд нийтэд цахимаар түгж, мэдээлэгдсэн асуудлын буруутнууд нь сэтгүүлчид байлаа. Цахим орчинд дээрх бичлэгийг үзээд сэтгэгдэл бичиж бусдыг буруутгагчид яг л өлсгөлөнгийн үед үмх талх олсноо булаалдаж буй мэт уралдан бичиж, чичилж байсан.
 
Асуудалд их амархан итгэж, бас бусдыг буруутгахдаа ч дүгнэж, цэгнэсэнгүй, их мэдэгчид маань. Дээрх бичлэгийг хийсэн охины ярьж буй асуудалд үйл явдлын олон алдаа анхаарал татаж байсныг учир мэдэх, хужрыг тунгаах хүмүүс хэлэх биз. Зарим хэсэгтээ сүрдүүлгийн шинжтэй юм уу ч гэж хардахаар байлаа.
 
Одоо бол бүгд асуудалд анхаарлаа хандуулж, охины аавын ярилцлагыг уншиж, албаныхан мөрдөн, шалгаж байна. Энэ бүхнийг эрж, сурж, араас нь хөөж байгаа хэвлэлийнхнийг хэн ч дурсахгүй харж л байгаарай.
 
Энэ удаа сэтгүүл зүй, цахим орчин хоёрын ялгаа тод томруун харагдлаа гэхэд хилсдэхгүй л болов уу. Хэдий хурдтай байсан ч цахимаар түгсэн асуудалд нэр холбогдсон хүмүүсийн хувьд өдгөө ч гомдолтой байгааг үйгүйсгэх аргагүй. Гэсэн ч тэд сэтгэгдэл бичиж, өөрсдийг нь буруутгаж, хараан зүхэж буй хүмүүсийн өмнө тайлбар хийсэнгүй “тайван” байлаа. Сэтгүүлчид ч мэдээлийг нягтлахын тулд дуугүй бас завгүй байсан.
 
Асуудлын үнэн, мөнийг олж мэдээлэл авмагц цахимд хуруугаа хөдөлгөн, бусдыг хараан зүхэгчид таг чимээгүй. Хөөрхий элдвээрээ хэлүүлсэн салбараа аварсан “Өдрийн сонин”-ынхонд сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн л талархаж байна. Цуурхалыг дэгдээхгүй “цураман”-д баттай оруулахын төлөө явснаар сэтгүүлчид буруутах тохиолдол бишгүй л байдаг. Гэсэн ч буруутгаж, хатгадаг болохоос магтаж, сайшааж байсан нь тун ховор.
 
Нийгмийн бүхий л асуудлыг ил тод байлгахын төлөө ажиллаж буй сэтгүүл зүйн салбарынханы амыг барих гэсэн оролдлого олон бий. Тэдгээрийн нэг нь хэдэн сарын өмнөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль. Цаад утгаараа сэтгүүл зүйн салбарынхныг дарах оролдлого учраас эсэргүүцлээ илэрхийлж сониныхон эхний нүүрээ, телевиз, радиогийнхон нэг цагаа, сайтууд онцлох хэсгүүдээ тэрхүү эсэргүүцэлд зориулж байсныг уншигч та санаж л байгаа байх. Ийн амаа үдүүлэхгүйн төлөө зүтгэсэн нь олон нийтийн мэдэх эрхэд халдаж буй оролдлого гэдгийг одоо ч зарим хүн ойлгоогүй л яваа болов уу. Энэ бүхний төлөө хэвлэлийнхэн л дуугарч, хүч хавсарсан. Хэрэвзээ хамаг мэдэх эрхээ хаалгасан байсан бол цагаан захтнуудын, авлига хээл хахуулийн хэргүүдээс эхлээд олон нийтийн эрх ашгийг зөрчих өөр ямар үйл явц, явдал, хэргүүд гарч, хэчнээн ямар хууль, тогтоол батлагдах байсныг бүү мэд.
 
Цахимд өөрийн дураар дургих нь сэтгүүл зүйн үндсэн зарчим биш гэдгийг салбарынхан сайн мэддэг учраас өөрсдийгөө хянадаг, “биеэ” барьдаг. Түүнчлэн “чи сэтгүүлч учраас ийм пост, тэр сэтгэгдэл чинь нийтийг цочрооно, агуулга нь тийм, ийм байна” хэмээн хувийн үзэл бодлыг нь ч сэтгүүлчийн өнцгөөс хүлээн авагчид ч цахимд олон байж,.. түүнийгээ хувийн чатаар нь илэрхийлэх үзэгдэл бишгүй л байдаг. Нийгмийн сайн сайхан, нийтийн эрх ашгийн төлөө ажиллалаа гээд сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарынхан бусдаас давуу эрх эдлэж, өндөр цалин хангамжид умбаж, шумбадаг гэвэл эндүүрэл.
 
Цахимд бол хэсэг, бүлгээрээ сэтгэгдэл бичиж, бусдын тархийг угаасныхаа төлөө хөлс авдаг хүмүүс бий. Тэр нь ч баттай болсон. Харин тэд өөрсдийгөө сэтгүүл зүйн салбарын өчүүхэн хэсэг гэж бодвол үнэндээ эндүүрэл. Сэтгүүл зүйг, цахим орчноос ялгах гол асуудал юу байв гэдгийг хоёр өдөр шуурсан цахим дахь бичлэгийн тайлал байлаа.
 
Аливаа асуудлыг түрүүлж мэдээллэснээрээ буруутан болох тохиолдол сэтгүүл зүйн салбарынханд бишгүй л байдаг. Гэвч эцэстээ үнэн нь илэрхийн цагт чичилж байсан шигээ биш юм аа гэхэд чангахан дуугаар баяр хүргээд, алга ташчих ч хүн бараг байдаггүй шүү дээ. Тийм байтлаа хэвлэлийнхнийг хоёр өдөр баалагсад ядаж л яаж муулж, гоочилсноо бодоод дараагийн удаа хэдэн хуруугаа дэндүү хурдтай “ажиллуулахгүй” байхыг хүсье.


Өглөөний сонин
Б.Төгөлдөр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 12 сар 19/

    Үнэн бодит мэдээллийг цаг алдахгүй мэдээлэх үүрэг хэвлэлийхэнд бий. Алийн болгон юмнаас айж хулчийж амьрах юм вэ. Монголчууд шудрага үнэний талд заавал зогсох болно. Мөнгөөр бүхнийг шийддэг цаг удахгүй дуусах болноо. Зөвхөн цаг хугацааны асуудал. Сэтгүүлчид битгий няцаарай. Монголчууд мөнх шүү

    Хариулах