Үзэл бодол, нийгмийг харах өнцгөө өөрийн уран бүтээлээр дамжуулж олонд хүргэдэг реппер GEE-тэй ярилцлаа. Тэрээр нийслэлийн 2017 оны шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарсан юм.

-Таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас ярилцлагаа эхлүүлье?

-2017 он маань хэдхэн хоногийн дараа улирах гэж байна. Энэ оны эхэнд хувийн зургаа дахь цомог болох "33" цомгоо гаргасан. Энэ цомогт орсон дуунуудаа дүрсжүүлж хүмүүст хүргэхээр ажиллаж байна. Хажуугаар нь 2018 оны эхэнд “Хэл хязгааргүй” цомгоо олны хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа ороод завгүй л явж байна.

-Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Хип хоп урлагт хэрхэн хөл тавьж байв?

-Бусад хүүхдүүдийн адил гэр хороололд л өнгөрсөн. Хип хопын нөлөө өсвөр насанд маань зөвхөн надад бус манай үеийн залуусын дунд их байсан. Тэр соёлын шуурганд өртөж л реппер болсон доо. Анх би чинь нэг их реп хийдэггүй, манай найзууд л үглэдэг байсан. Би шүлэг зохиодог байсан болохоор үгийг нь бичиж өгдөг байлаа.

-Та Радио, телевизийн дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийг төгссөн. Яагаад сэтгүүлчийн мэргэжил сонгож суралцах болов?

-Миний өвөө сэтгүүлч хүн байсан. Өвөөгийнхөө мэргэжлийг өвлөнө гэж бодож явсаар наймдугаар ангиа төгсөхдөө л сэтгүүлч болохоор сэтгэл шулуудсан. Бүр бага насны мөрөөдөл маань дунд ангид ортол өөрчлөгдөөгүй.

-Анх таныг уран бүтээл хийж эхлэхэд нийгмийн дийлэнх нь шүүмжлэлтэй хандаж өсвөр насныханд буруу үлгэр дууриал болж байна гэж хүлээж авч байсан. Харин өнөөдөр таны хийж буй уран бүтээлийг өөр өнцгөөс харах болжээ. Байдал өөрчлөгджээ?

-Тууштай уран бүтээлээ шаргуу хийсний үр дүн болов уу. Эхлээд хүмүүс өнгөцхөн, хайрцагны гадна талыг харж байгаа шүү дээ. Энэ буруу биш. Өнөөгийн нийгэмд хүнтэй уулзахад эхлээд хувцсыг нь л хардаг шүү дээ. Үүнтэй ижил эхлээд өнгөцхөн ажигласан байх. Харин дасаад ирэхээр хайрцагны дотор руу өнгийж энэ залуу юу хэлэх гээд байна, юуг зориод байна гэх талаас харж ойлгосон байж болох юм. Би ер нь энэ зүйлийг хийж эхэлсэн цагаасаа хойш нуух нууцгүй, түмний нүдэн дээр ил л явлаа шүү дээ. Хүмүүс үүнд эерэг үнэлгээ өгсөн ч байж болох юм.

-Сэтгүүлч хүний гол үүргүүдийн нэг нь нийгмийн дуу хоолой болох. Та үзэг цаас нийлүүлэхгүй ч уран бүтээлээрээ энэ үүргээ гүйцэтгээд явж байгаа болов уу?

-Мэдээж сэтгүүлчийн бичсэн мэдээ материал, бидний хийж буй уран бүтээлүүд хүнд сонсох харах мэдрэхүйгээр нь нөлөөлж буй нөлөөллийн ажиллагаа шүү дээ. Миний хувьд хүмүүст эрч хүч өгөх, ухаарал өгөх зэрэг хэлбэрүүдийг ашиглаж уран бүтээлээ хийж байна. Заримдаа шүүмжлэлтэй байдлаар нийгмийн дуу хоолой болох ч тохиолдол байдаг.

-Сүүлийн үед нийгэмд тулгамдаж буй асуудал бол агаарын бохирдол, утаа байна. Энэ талаар уран бүтээл хийж байна уу?

-Утаа, агаарын бохирдлын талаар Десант, талийгаач Наба ах бид гурав хамтарч дуу хийж байсан. Гэхдээ агаарын бохирдол, утаа гэдэг асуудлыг өнөөдөр Улаанбаатарт байгаа хүн болгон мэдэж мэдэрч байгаа. Хүний нүдэнд ил байгаа мэдээж зүйлийг мэдээлээд байхад үр дүнгүй. Харин энэ асуудлыг гарц, гаргалгаа, шийдвэр рүү чиглүүлэх хэрэгтэй юм шиг. Гэхдээ энийг шийд гэж тулгах биш энд ийм гарц байна гэж санал болгох хэрэгтэй. Яг одоогоор бол бага насны хүүхдийн хүчирхийллийн асуудал нийгмийг цочроож байна. Энэ асуудлын талаар зөвхөн би биш баг хамт олны зүгээс хийсэн зүйл байгаа. Удахгүй энэ уран бүтээл маань сонсогчдод хүрэх байх.

-Та ч дэлгэцийн уран бүтээлд цөөнгүй дүр бүтээсэн. Анх ямар кинонд тоглож байв?

-Хамгийн анх “Долоодугаар сарын 1-н” гэж кинонд тоглосон. Энэ кинонд дүр бүтээгээд дахиж хэзээ ч кинонд тоглохгүй гэж амлаж байлаа. Мэргэжлийн жүжигчин биш болохоор амар байгаагүй. Харин яваандаа суралцаад одоо тийм хүндрэлтэй биш болсон.

-Эхлээд “Микроны босс”, дараа “Приусны босс” зэрэг кинонд тоглосон. Дараагийнх нь юуны босс байх бол?

-Ямар нэгэн босс гээд дараагийн анги хийгдэхийг үгүйсгэхгүй. Одоо энэ талаар ярихад арай эрт байна. Яагаад гэвэл надад өөр төлөвлөсөн зүйлс их байна.

-Та чөлөөт цагаа ихэнхдээ спортын арга хэмжээнд оролцож өнгөрүүлж байгаа харагддаг. Монгол дахь Ливерпүүл клубын фен клубын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог шүү дээ?

-Өөрөө тийм сайн тоглодоггүй ч хөлбөмбөгт үнэхээр их дуртай. Английн премьер лигийн Ливерпүүл клубыг дэмжиж тоглолт бүрийг нь алгасахгүй үздэг. Монгол дахь дэмжигчдийн төрийн бус байгууллагынх нь гишүүн болохоор зохиож буй үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог.

-Сагсан бөмбөгийн Friends лигид та тоглодог юм байна лээ. Улирлын тоглолт нь өндөрлөсөн үү?

-Манай найзуудын хүрээнд зохион байгуулдаг сонирхогчдын лиг байдаг. Энэ лигийн 2017 оны улирал сая өндөрлөж манай баг түрүүлсэн. Аваргынхаа бөгжийг энэ зүүгээд явж байна ( инээв). Ер нь заал авч буй цагаа илүү сонирхолтой хэлбэрээр өнгөрүүлэх үүднээс энэ лигийг зохион байгуулсан. Спортод ер нь их дуртай шүү.

-Та 2017 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарсан байсан. Энэ явдал олон уран бүтээлчдэд үлгэр дууриал болсон байх?

-Миний хувьд цэнхэр дэвтэр аваад хувиараа татвар төлдөг. Энэ онд би олон байгууллагуудтай хамтарч ажиллаж, хэд хэдэн ажил маань амжилттай бүтэж орлого сайтай жил байсан. Орлого өндөр байхад татвар сайн төлөгдөнө шүү дээ. Чингэлтэй дүүргээс намайг нийслэлийн шилдэг татвар төлөгчид нэр дэвшүүлж энэ шагналыг өгсөн. Үнэнийг хэлэхэд ийм шагнал авсандаа үнэхээр баяртай байсан.Магадгүй намайг дуудаад “Соёлын тэргүүний ажилтан” цол өгөх гэсэн юм аа гэвэл нэг их баярлахгүй байх.

-Энэ онд ном гаргаж буй талаараа мэдээлж байсан. Номоо гаргасан уу?

-Номоо бичихдээ намтар бичилгүй өөрийн харах өнцөг, үзэл бодол талаасаа бичье гэж төлөвлөж байсан. Гэхдээ харах өнцөг, үзэл бодлоо бичихийн тулд намтар бичих шаардлагатай болдог юм байна. Одоогоор бичиж эхлээд л явж байгаа. Гэхдээ ном бичих гэдэг маань санасны зоргоор бичээд дуусгачихдаг амар зүйл биш байна аа. Хүмүүс өөр хүнд ярьж өгөөд хүнээр номоо бичүүлчихдэг. Миний хувьд өөрөө бичвэл илүү үнэ цэнтэй болов уу гэж үзэж байгаа. Энэ нь цаг их авч байна даа. 2018 оны эхний хагаст гаргахаар л ажиллаж байгаа.

-Шинэ оныг та яаж угтдаг вэ. Ирэх ондоо ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Шинэ оныг гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгал дунд л угтдаг даа. Энэ оны хувьд их ахиц дэвшилттэй жил байлаа гэж үзэж байгаа. Ирэх ондоо үүнийг ахиулах гэж хичээж ажиллана даа. Олон уран бүтээлээр сонсогчидтойгоо уулзахаар төлөвлөсөн байгаа.

О.ДАШНЯМ