Аваар осол, гэмт үйлдэл, хулгай дээрэм, хүчин, хуурч мэхлэх гээд хамаг муу муухай бүхэн архинаас үүдэлтэй түгэн дэлгэрч байна. Автомашин, мотоциклийн ослоор нэгжилд эндсэн хүний тоог сонсохоор зүрх шимширнэ.

Осол, эндлийн олонх нь мөн л архитай холбогдоно. Элдвийн хэрэг зөрчил ч мөн адил. Архи уусан хүнээ дийлж байснаас биш архийг дийлж байсан нь үгүй билээ.

Ямар ч хүнийг "Галзууруулдаг" энэ хатуу идээний архаг, хор уршгийг өнөөгийнхөн чихээ дөжиртөл сонсч, итгэхээ больтлоо харж байгаа атлаа ер хашрахгүй, эмзэглэж жийрхэхгүй бараг л ус цас мэт хэрэглэсээр байна. Ийн хэмжээ хязгааргүй ууж, хэрэглэх болсны хор уршиг, гай зовлонг амссаар атлаа ер хашрахгүй"юм.

Манайхан сүүлийн үед эерэг, зөв хандлагын тухай ихээхэн хөндөн ярьж бичих боллоо. Бүх нийтийн дунд эерэг хандлагыг түгээе, дэлгэрүүлье гэвэл архинаас л татгалзаж хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй байгаа юм. Архи уусан хүнээс хэзээ ч эерэг хандлага гарахгүй. Харин ч тэд бусдын нүдэнд өргөс орсон мэт харагдах төдийгүй ойр тойрныхноо эвгүй байдалд оруулдаг. Аливаа ажил үйлсэд, нийгмийн харилцаанд эерэг, зөв хандлага төлөвшүүлэх, болохгүй бүтэхгүй бүхнээс ангид, хол байхад архигүй орчин юу юунаас чухал учир энэ Засгийн газар анхаарах асуудлынхаа тоонд үүнийг заавал оруулмаар байгаа юм. Анхаарах олон арван асуудлаа шийдвэрлэж, ард нь гарахад архины хор нөлөө ямар ихийг тэд тооцсонгүй дээ. Ер нь "Архигүй Монгол" хөдөлгөөнийг орон даяар өрнүүлбэл сайн сайхан олон зүйл түгэн дэлгэрч, бузар булай бүхэн хумигдаж, маш олон ажил эмхэрч цэгцэрнэ.

 

Н.Бөхдамбий

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин