Төрийн шагналт зураглаач О.Уртнасангийн охин Сарантуяа: Аавын минь “АРДЫН ЭЛЧ”, “ӨГЛӨӨ”, “ИХ ГОВИЙН ДАРХАН ГАЗАР” зэрэг кинонууд ОУ-ын шагнал хүртсэн

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 17 ・ 1

“Миний аав” булангийн зочноор Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Ойдовын Уртнасангийн охин У.Сарантуяаг урьж ярилцлаа. Тэрээр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн захирлаар ажилладаг. Нэрт зураглаач О.Уртнасан гуайг бид “Ардын элч”, “Алтан өргөө”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Өглөө”, “Тэмцэл” зэрэг Монголын алтан үеийн шилдэг кинонууд, мөн “Хангайд”, “Говьд”, “Аргаль угалз”, “Хавтай”, “Хулан” тэргүүт баримтат киноны охь дээжис болсон шилдэг бүтээлүүдээр нь мэдэх юм.


-Танай аавын 90 жилийн ой өнөө жил тохиож байна. Уртнасан гуай саяхныг хүртэл сэрүүн тунгалаг байсан Монголын урлагийн алтан үеийнхний нэг. Аавын тань удам судар ус нутгаас яриагаа эхлэх үү?

-Аав минь 1929 оны могой жилийн хавар одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт Ж.Ойдовын гурав дахь хүү болон төрсөн. Тогтох, Алтангэрэл гэдэг хоёр ахтай, Сумъяа, Сосорбарам гэдэг хоёр бүсгүй дүүтэй. Аавыг хэдхэн сартай нялх байхад нь арганд хийж тэмээнд ачаад нүүж явжээ. Тэгэхэд яагаад ч юм аав арагнаасаа ойчсон боловч бэртэж гэмтээгүй гэдэг. Нүүдлийн замд нутгийн нэгэн лам тааралдаж “Хийморьтой хүн болно, Уртнасан гэдэг нэр өг” гэсэн юм гэнэ лээ. Нутгийнхаа жаал Гомбо гэж хүний цуут хурдан хүлэг хүзүү борлог гэж морийг аав минь багадаа унаж байжээ. Гучин долоон онд Өмнөговь аймгийн наадамд хүзүү борлогоо унаж түрүүлээд бөөн баяр хөөр болж байсан гэдэг.

Хожим наяад онд хүзүү борлог морины хөшөөг Дэлгэрхангай суманд босгож байсан. Өвөө Ойдовыг нутгийнхан нь Ом гэж авгайлна, үр хүүхэд ач зээ бүгд тэгж дуудна. Аавыг бага сургуулиа онц дүнтэй төгссөн болохоор өвөө баярлаж, үүнийг л эрдэм номтой хүн болгоё гэж хэдэн хонь туугаад, ганц тэмээн хөсөгтэйгээр хүүгээ сургуульд оруулахаар хот руу иржээ. Найм хоног явж байж хотын бараа харсан гэдэг. Ом өөрийн төрсөн дүү Дарамынд аавыг суулгасан байна. Дарма ах уран сайхны хүрээлэнгийн анхны даргаар ажиллаж байхдаа Чойбалсан, Цэдэнбал нартай ам зөрсөнөөс болж нам засгийн даалгавар биелүүлээгүй гэгдэн зургаан сар шоронд суугаад гарсан үе нь байж. ЗХУ-ын КУТВ төгссөн, Өмнөговийн намын хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан тухайн үеийн цөөхөн сэхээтнүүдийн нэг. Монгол Улсын төрийн шагналт зохиолч Батбаярын аав шүү дээ. Дарма ах аавыг унадаг дугуйнд сундлан Маршал Чойбалсангийн нэрэмжит нэгдүгээр сургуульд хүргэж өгсөн түүхтэй.

-Кино урлагтай холбогдсон түүхийг нь сонирхуулбал?

-Багаасаа л кино урлагт чин зүрхнээсээ сонирхолтой байж. 1945 оны намрын нэгэн өдөр кино үйлдвэрийн хаалгыг онгойлгоод, шат руу олон хүүхэд гүйж байгаагаар кино зураг авч байхыг үдийн туршид харж зогссон гэдэг. Хожим мэдэх нь ээ тэр нь “Цогт тайж” кинонд Цогт хунтайжийн эх хүүхдүүдэд ном заадаг хэсгийг авч байсан юм билээ. Дарма ахын найз цэргийн сурвалжлагч, зохиолч Дэчингунгаа гуайн эхнэр Шархүүхэн “Цогт тайж” киноны монтажчинаар ажилладаг байсан тул аавын сонирхлыг мэдэж кино зураг авдаг хүнтэй танилцуулж өгнө гэж ам гарчээ. Тэр хүн нь “Монгол киноны тэргүүн жанжин” гэгддэг домогт Дэжидийн Жигжид гуай байсан. Жигжид гуай аав хоёрын багш шавийн барилдлага эртнээс эхтэй. “Жигжид багшийн хөдөлмөрч, уран бүтээлч зан чанар намайг түүний туслахаар ажиллах хугацаанд их нөлөө үзүүлсэн” гэж хэлдэг байв. Багш ажилд хариуцлагатай, шаардлагатайгаас гадна нэлээд ууртай дураараа хүн байлаа гэнэ. Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадмын тухай баримтат кинонд дуу оруулахад зохиолч Дашзэвэгийн Сэнгээ гуай тайлбарыг нь бичээд өөрөө уншиж л дээ. Тэр үед соронзон хальс гэж байгаагүй, дууны хальсанд шууд бичдэг байсан гэнэ. Сэнгээ гуай бичлэгийн дундуур буруу үг хэлчихэж . Тэгтэл Жигжид гуай учир зүггүй уурлаж “Чиний Москвагаас радиогоор сүрхий ярьдаг мундаг зохиолч чинь алив” гээд загнаж гарчээ. Сэнгээ гуай дуугүй сонсож байснаа

“Эзэн Чингисийн үед

Эрлэг баймаар Жигжид

Эзгүй хээр газар

Зэрлэг баймаар Жигжид” хэмээн хэлсэнд нь Жигжид гуай инээсэн гэдэг. Кино үйлдвэрийнхээ олон сайхан буурлыг аав минь дурсах дуртай. Ёндонсамбуу гэж жижиг хэрэглэл, хувцас эд зүйлийг хариуцдаг хүнийг аав их хүндэтгэнэ. “Цогт тайж”, “Сүхбаатар” кинонд хэрэглэж байсан хувцас хунар, зэр зэвсгүүдийг төрөл ангиар нь нямбайлан хураадаг байсныг нь ярьдаг юм. Ёндонсамбуу гэж тэр хүн “Сүхбаатар” киноны хилийн харуул гамингийн дүр, “Цогт тайж”-ийн “Саваагүй нохой саранд хуцна” гэж хэлдэг дүр, “Сэрэлт”-ийн хоршоо даргын дүрийг бүтээсэн. Өдгөө бараг л 85 жилийн түүхтэй Монгол кино үйлдвэр аавыг туслахаар орж байхад байгуулагдаад 12 жил болж байсан гэхээр аав минь аргагүй л алтан үеийн хүн болж таарна. Кино үйлдвэрийн лабораторийн эрхлэгч Соёлын гавьяат зүтгэлтэн С.Эрдэнэ гуайгаас хор найруулах, хальс угаах, буулгахыг асуудаг байжээ. Нэг өдөр Эрдэнэ гуай хорондоо хуруугаа хийгээд амсаж байх юм гэнэ. Хоёрдугаар хорны сайн мууг шалгаж байгаа нь тэр. Аав мөн ялгаагүй, хорондоо хуруугаа хийгээд амсана. Их гашуун бол хор сайн байна гэдэг. Хальсыг харанхуйд 30-35 метрээр жаазлан хоронд дүрж, гараараа угааж дүрс тодорсны дараа хоёрдугаар хоронд бэхжүүлж, усанд сайн угаасны дараа том дугуй дамарт орооно. Ийм маягаар л “Цогт тайж” киног хийжээ. Уг киног ямар аппаратаар авч, хальсыг хэрхэн боловсруулсныг орчин үеийн аппарат хэрэгсэл, технологитой даанч зүйрлэхийн аргагүй дээ гэдэг сэн.

-Оюутан цагийнх нь он жилүүдийн тухай ярихгүй юу?

-Тавин хоёр онд аав төрийн шагналт ардын жүжигчин Ц.Намсрайжав, гавьяат жүжигчин Н.Лхасүрэн, зураач, барималч Л.Махвал нарын хамтаар хойшоо сургуульд явсан байдаг. Жигжид багш нь, Кино үйлдвэрийн дарга Гомбосүрэн гуайн хамт усны гудамжаар дагуулан явж, өргөн чөлөөний хятад гуанзанд люванз хоолоор дайлан гаргаж өгсөн түүхтэй. Москвад очоод Ленинградын кино инженерийн ангид хуваарилагджээ. Орос хэл сурч, зөвхөн киноны тухай үзэхээс гадна дэлхийн соёл шинжлэх ухаан, урлагийн түүхийг судалж, асар их уншсан хүн. Энэ тухайгаа наргиантайгаар хэлдэг. Дүрслэх урлагийн түүхийн лекцийн дараа нэг хөөрхөн орос бүсгүйгээс саяын үзүүлсэн зурагны нэрийг асуутал Рембрандтынх гэхээр нь ийм нэрийг анх удаа сонсож байна гэж үнэнээ хэлжээ. “Бүх холбоотын киноны дээд сургуулийн оюутан байж Рембрандтыг мэдэхгүй байх даа яадаг юм” гэж өнөө бүсгүй нь гайхан асууж л дээ. Үүнээс улбаалаад дэлхийн соёл, түүхийг их уншсан байдаг. Юм мэдэхгүй байна гэдэг шившиг шүү гэнэ. 1953 оны гуравдугаар сарын гурванд манай том ах төрсөн. “Хүү төрлөө” гэх цахилгаан очиход аав бөөн баяр болно биз дээ. Яг тэр мөчид оюутнууд нь нэг зүйлийг хоорондоо нууцлан шивнэлдээд байсан нь Сталин нас барсан байжээ. Зөвлөлүүдийн баганат ордонд Сталинтай салах ёс гүйцэтгэсэн байна. Гудамж талбай хаасан машины доогуур мөлхөхдөө мөлхөж, давахдаа давж, цагдаа нарт бороохойдуулсаар оройн долоон цагт баганат танхимд орсон гэдэг. Бүдэг гэрлийн дор Сталины шарилыг байрлуулж, хүндэт харуул зогсчээ. Энэ танхимд мөн Маршал Чойбалсанг эцсийн замд үдсэн байдаг юм. Ингэж аав минь анхны хүүгээ төрсөн баярт цахилгаан хүлээн авсан өдрөө Сталинтай салах ёс гүйцэтгэсэн байдаг. “Орос найзууд минь мэдээж гунигт автсан. Надад бол хүү төрсөн гэдэг хамгийн баярт мөч байлаа” хэмээн дурсдаг. Хамт сурдаг чех залуус нь оргилуун дарс задалж баяр хүргэжээ.

-Уртнасан гуайн амьдрал Монголын хангай, говьд өнгөрсөн шиг санагддаг юм. Ёстой нөгөө “хээрээр гэр, хэцээр дэр хийж” явж байж Монголын онгон дагшин байгаль, ховор ан амьтдын зураг хөргийг авч алтан сан хөмрөгт үлдээсэн ийм л түүхэн гавьяатай хүн. Тэр бүгдийг нэгд нэгэнгүй ярина гэдэг боломжгүй. Мазаалайн зургийг авсан тухайд нь асуумаар байна?

-1965 онд Соёлын яамны орлогч сайд Ч.Лодойдамба аавыг дуудаж “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Тус биш ус”, “Цэнгэлийн дуун” зэрэг бүтээлүүдийг нь үнэлж буйгаа дурдаад “Бидний бүтээж буй гоёчилсон, үзэл сурталжсан киног дэлхийн үзэгчид хэрхэн хүлээж авч байгааг би мэдэхгүй. Сайн хүлээж авахгүй л болов уу. Харин манай орны байгаль, ан амьтны тухай баримтат киног ихэд таашаах нь мэдээж. Ихэнх улс орон ан амьтан, онгон байгалиа цөлмөсөн, муухан уран сайхны киноноос Монголын байгаль ан амьтны тухай кино хийх нь дээр” гэж хэлсэн байдаг. Лодойдамба гуай өөрөө хөөцөлдөж байж франц, герман дуран авчруулж, унаа тэргээр хангасан. Аргагүй холыг хардаг, төрийн ноён нуруу болсон, соёлын нэрт зүтгэлтэн байжээ. Аавын минь Монголын баримтат киноны түүхэнд алтан үсгээр бичигдэх энэ их өндөр гавьяа Лодойдамба гуайтай холбоотой гэж хэлэх байна. Мазаалайн тухайд гэвэл, 1960 онд “Манай орон” кино хийх үеэр Сэгс цагаан Богд уулын ард орших Эхийн голын баян бүрдэд сууж байсан Бадарч гэдэг өвгөн “Мазаалай энэ нутагт бий, газарчилж өгч болох л юм” гэж хэлсэн байдаг. Түүнээс таван жилийн дараа “Эртний нутгийн солонго” киног бүтээхээр говиор явж Говь-Алтайн Цогт сумын нутаг Захуйн говь, Ээж хайрхан ууланд зураг авч байх үед Бумдарь гэдэг хөгшин “Энэ худгийн уснаас мазаалай хааяа ундаалаад явдаг юм” гэж ярьсан гэдэг. Тэр хөгшин хоёр гурван илжиг, хэдэн хар ямаатай, нэг насаараа ганц бие амьдарчээ. “Та нарын асуугаад, эрж сураад байгаа майга хүрэн чинь надаас ерөөсөө айдаггүй. Харин манай хэдэн ямаа ишиг л учиргүй үргэдэг юм” гэж хэлчихээд илжгээ услахаар явсан тухай дурсдаг. Аав минь мазаалайн зургийг кино хальсанд буулгах хүсэлдээ автаж “говийн мазаалайг хангайн анч нохой хааш нь гаргах вэ” гээд Хэнтий аймгийн Биндэр сумын хашир анчин Лувсанг хоёр нохойтой нь аваад явж байсан. Кино үйлдвэрээс “ГАЗ-69”, “ГАЗ-53” машин гаргаж өгч байсан. “Уртнасан гуай, миний зургийг ав гээд мазаалай зогсож байх юм уу, тийм илүүдээ гарсан мөнгө хөрөнгө байхгүй шүү” гэх зэргээр зарим хүмүүс дургүй л байж. Мазаалайн зураг авах гэж Эдрэнгийн нуруу, Майхан усаар дайрч, Хар хайрхныг хөндлөн гарч Аж Богд хүрч байжээ. Тэндээс Атас Чингэс уулсыг чиглэн эрлээ үргэлжлүүлж Сэгс цагаан Богд орсон нь бий. Шувуу ч үзэгдэхгүй Алтайн цаадах говь цөлд олон хонохдоо уух усаа хэмнэж нүүр гараа ч угаахгүй, бөөстөхөд хүрч байсан удаатай. Хоол хийсэн тогоогоо нохойгоороо долоолгон цэвэрлүүлж цайгаа чанаж байсан гэдэг. Усаа тэгж л гамнаж байжээ. Жаран зургаан онд бүтээсэн “Говьд” гэдэг кинонд нь мазаалайн дүрс 40 секунд хэртэй харагддаг юм. Наян таван онд Баянхонгорын нутаг Шархулстын баян бүрдээс хориод километр зайтай орших Цагаан чулуут гэдэг газар мазаалайн явсан зам мөр дээр хулан агнаж идэж тавин зураг авсан байдаг. Тэрхүү мазаалайн дүрсийг найруулагч Навааны “Эрэлчин” мөн өөрийнхөө бүтээсэн “Ээж хайрхан” кинондоо оруулсан. Энэ мэт “Хавтгай”, “Хулан”, “Аргаль угалз” зэрэг олон баримтат киноны зургийг аав минь Монголынхоо 33 говийг туулж халуунд нь халж, хүйтэнд нь хөрч явж авсан.

-Аавыгаа хөдөө гадаа олон сар хоногоор явахад нь их санана биз?

-Аавын минь хэлдгээр манай гэр бүлд амьдралын туршид бие биеэ хүлээсэн он жилүүд олонтаа үргэлжилсэн. Үндсэндээ хүлээлтийн он жилүүд аавыг тухайн үеийн ЗХУ-д сургуульд явахаас эхэлсэн нь мэдээж. Ээж минь аавыг сургуулиа төгсөөд ирэхэд хүү, охин хоёрыг нь төрүүлж өсгөөд мөн гэдсэндээ намайг тээгээд угтсан гэдэг. Карловы Варын кино наадамд оролцоод ирэхэд нь би төрж байсан. Үндсэндээ аавыгаа дэлхийд нэртэй киноны тэр мундаг сургуулийг төгсөөд ирэхэд нь би мэндэлсэн. Ингэж монгол урлагтай амин жишмээр холбогдсон гэж бахархалтайгаар боддог. Монголын урлагийн алтан үеийн бурхдын дэргэд бидний бага нас өнгөрч дээ. Дамбадаржаагийн тэнд “Өглөө” киноны зургийг авахад Сүхбаатарын дүрийг бүтээсэн Цэвэлийн Дашнамжил гуай, мөн Янжмаагийн дүрийг бүтээсэн Нямаа нарыг дэргэдээс нь хараад зогсож байлаа. Ер нь биднийг нэг нэгээр нь дагуулж киноны зургийн талбайд очдог байсан. “Алтан өргөө” киноны захын үйл явдал харуулсан хэсгийн зургийг Сонгинын булан хавьд авч байхдаа Уламбаяр ахыг дагуулж явсан. Тэр өдөр их халуун, олон хүн оролцсон зургийн үед ахын нүдэнд өт цацчихсан байна. Зураг авч байхдаа ахыг уйлаад байхаар нь хүмүүс зөвлөсний дагуу гаансны бохь нүдэнд нь хийлгэчихэв. Хүүгийнхээ нүдэнд бохь хийж сохлох нь уу гэж ээжид загнуулсан удаатай. Бас нэг удаа ахын шүд өвдөхөөр нь аав дагуулаад явж л дээ. Тэгтэл эрүүл шүдийг нь авахуулчихаад гэртээ ирж байсан.

Аавыг томилолтоос ирэхэд содон сонин үйл явдал дүүрэн угтана. Нэгэн удаа хөдөө сар гаруй яваад ирэхэд жигтэйхэн баяр хөөртэй угтсан. Том ах маань өөрийн зохион бүтээсэн онгоцоо хөөргөж нисгээд уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн, дипломоор шагнагдсан, Унгарт пионерийн зусланд амрах болсон юм. Мөн нэг удаа ирэхэд нь миний бичсэн өгүүллэгүүд зурагтайгаа “Соёл, утга зохиол” сонинд гарчихсан байсан. Бас нэг инээдэмтэй дурсамж байдаг юм. Аавыг хөдөөнөөс ирэхэд нь бид тойрч зогсоод бүх хувцсыг нь нэг дор бөөгнүүлэн тавиад усанд оруулдаг. Түүний дараа л аав гал тогооны өрөө рүү орно. Нэг удаа шувууны зураг аваад буцаж ирэхэд хувцас хунарт нь шувууны жижиг хар бөөс үсрээд биеэр нь бөөсөнд хазуулсан гувруу дүүрэн туурчихсан байж билээ. Ээж маань “Хүний ажил амьдрал сонин юм шүү. Олонх нь хот суурин газар киногоо авч цөөн хоногоор хөдөө явж байхад та л гэж ингэж жилийн ихэнх хугацаанд халууцаж, өвдөж, зовж явах ч гэж дээ” хэмээн эхэн үедээ хэлдэг байжээ. Цөхөрсөн ч юм уу сүүлдээ тэр тухай ярихаа больсон. Энэ дашрамд ээж С.Ямаахайн тухай цөөн үг хэлье. Монголын эрүүлийг хамгаалах салбарт нэгдсэн нэгдүгээр эмнэлэг, анагаах ухааны хүрээлэн, нэгдүгээр төрөх зэрэг байгууллагад 30 гаруй жил ажилласны зэрэгцээ 1969 онд анагаах ухааны дэд докторын зэрэг одоогийн Санкт Петербург хотноо хамгаалсан эрдэмтэн юм. Монголд зүрхний мэс заслын профессор Шагдарсүрэнгийн удирдлага дор эхлэн ажилласан анхны эмч нарын нэг. Эмнэлгийн оношлогоонд асар их үүрэг гүйцэтгэдэг биохимийн нарийн шинжилгээг Монголд нэвтрүүлсэн эмч гэдгийг тус салбарынхан андахгүй. Ээж минь “Үер” киноны Молом зангийн эхнэр Нямаагийн дүрийг бүтээж залуу насаа дэлгэцэнд мөнхөлсөн. Миний дүү Сарангэрэл Молом зангийн охины дүрд мөн тоглосон юм.

-“Ардын элч”, “Өглөө” уран сайхны кинонууд мөн “Их говийн дархан газар, “Говьд”, “Хангайд” бүтээлүүд нь олон улсын шагнал хүртсэн байдаг?

-Хамгийн анх “Наадам” гэдэг кино нь тавин долоон онд олон улсын оюутан залуучуудын кино наадмаас тэргүүн байр эзэлж байсан. Таны нэр дурдсан кинонуудаас гадна “Манай оронд” бүтээл нь Ази Африкийн орнуудын кино наадмын Патрис Лулумбын нэрэмжит “Мөнгөн хүүхэн” шагнал, “Хар хөрсний булга” бүтээл нь Ташкентад болсон олон улсын наадмын хүндэт шагнал хүртэж байсан. Аав минь уран сайхны кино, баримтат кино тэр дундаа төр засгийн болон байгаль ан амьтан, спорт гээд олон сэдвээр XX зууны Монголыг дэлгэцэнд мөнхөлж үлдээсэн гавьяатай. Кино зураглаачийн хувьд энэ ертөнцийн олон орноор явсан. Бал дарга, Самбуу нарыг гадны арав гаруй оронд айлчлахад аав хамт явж баримтат кино бүтээж байсан. Г.Маленков, Н.Хрущёв, К.Ворошилов, Л.Брежнев нарын тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч, хүндтэй эрхмүүд мөн Ардчилсан Германы В.Пик, Унгарын Я.Кадар, Вьетнамын Хо Ши Мин, Энэтхэгийн Ж.Неру, Индира Ганди гээд олон орны төр засгийн тэргүүн улс төрийн зүтгэлтнүүдтэй нүүр тулан уулзаж явсан. Жараад оны дундуур “Хангайд”, “Говьд”, “Ан” гэсэн баримтат кинонуудыг бүтээсний төлөө Ч.Лодойдамба гуай баяр хүргэж “Хөдөө хээр говьд ядарч, өлсөж цангаж, зүдэрч бүтээсэн бүтээлийн шан болгож шаахайг чинь гурван удаа сольж өгнө” гэсэн юм билээ. Гурван удаа гадаад явуулахаа хэлсэн нь тэр байж. Тэгээд Мексик улсын Мехико хотноо болсон зуны XIX олимпийн тоглолтыг сурвалжлах өөрийнх нь хэлснээр азтай томилолтыг гардсан түүхтэй. Монголын тамирчдаас Жигжидийн Мөнхбат аварга мөнгөн медаль анх хүртсэн тэр олимпийг аав минь сурвалжилсан. Дараа нь далан зургаан онд Канадын Монреалийн олимпийг мөн сурвалжилсан. Зэвэгийн Ойдов гуай мөнгөн медаль хүртсэн олимп.

Сонирхуулахад, “Наадам” киноны анхны эх тайлбарыг тэр үед Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын сургуульд сурч байсан Бэгзийн Явуухулан гуай бичсэн байдаг. Ер нь аав Монголын соёл урлагийн үе үеийн авьяас билэтнүүдтэй ойр дотно явсан. Чимид, Ванган гуай хоёрыг ихэд дурсаж ярьдаг байлаа. Өөрийн дараа үеийн уран бүтээлчдээс төрийн шагналт Бэгзийн Балжинням гуайг үнэлдэг байлаа. “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонууд бол уран сайхны болон техникийн талаар кино хөгжсөн орнуудын зиндаанд хүрсэн гэж хэлдэг байсан. Олон ч хүнийг кино урлагт татаж оруулсан байдаг. Тэдний нэг нь урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Халтарын Дамдин гуай юм. Мөн төрийн шагналт зураглаач Л.Шаравдорж гуайг таньдаг хүн нь дагалдангаар аваач гэхэд нь “Танай дүү чинь маанаг юм уу, дуугарч өгөхгүй хаашаа юм” гэж хэлж байсан гэдэг. Тэр үгэндээ хожим ихэд гэмшиж байсан сан. Тангадын Галсан гуайн аавын минь тухай бичсэн “Эрлийн эзэн” гэж мундаг бүтээл бий. Ийм л сайхан аавын үр хүүхэд болж төрсөн дөө, бид. Ерэн насных нь ойг өргөн дэлгэр тэмдэглэхсэн гэж дор бүрнээ хичээж байна. Өсч төрсөн өлзийт нутаг Дэлгэрхангайд нь очиж баяр хийнэ. Мөн ирэх сарын нэгэнд театрын музейд аавынхаа үзэсгэлэнг гаргахаар зорьж байна. Нэгэн насны ухамсарт амьдралаа зориулсан бүтээлүүдийг нь Монголын ард түмэн үзэн баясаж, аавыг минь дахин халуун дотноор дурсаг ээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Bayarlalaa!!! / 2019 04 сар 17/

    saihan tyyh hyyrnesend bayarlalaa,edgeer tyyh ni Mongoliin maani eselt hegjiltiin altan ye yum syy dee!!

    Хариулах