Улаанбаатарын ногоон байгууламж, талбай банкны эзэмшилд очжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 06

Улсын нийслэл хөгжиж байна уу гэсэн асуултад олон хүн нүдэнд харагдаж буйгаар нь өндөр барилгуудыг зааж, “Тийм” гэж хариулах нь лавтай. Гэвч хөгжиж буй нийслэл маань тоос, шороо, үнсэнд дарагдаад салхи ихтэй өдрүүдэд улаанаараа эргэх болсон билээ. Үүний шалтгаан нь ногоон байгууламж хангалтгүйн дээр байсан хэдийг нь устгасантай холбон үзэж болно. Өнөөдөр хот, суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн дэлхийн дундаж нь 12, зарим үзүүлэлтэд 15- 17 ам метр байдаг. Харин та бидний оршин суугаа Улаанбаатар хотод энэ хэмжээ зургаан ам метр байгаа нь дэлхийн дунджаас хэд дахин бага үзүүлэлт юм.

Сүүлийн арван жилд Улаанбаатар хотын орон сууц, нийтийн эзэмшлийн газар, сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбай өндөр барилга, байгууламжаар солигдох болсон. Тэр дундаа хотын төвийн А зэрэглэлийн бүсэд шавааралдуудаад байшин барилга, барихаас биш, ногоон байгууламжийг нэмж буй нь бараг үгүй. Тэгсэн атлаа Улаанбаатар хотыг удирдаж байсан эрх мэдэлтнүүд цөөн хэдэн ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайгаа мөнгөтэй байгууллагад эзэмшүүлж, тухайн байгууллага нь зориулалтын дагуу ашиглахгүй, зарим нь тэс өөр зориулалттай болгочихсон тохиолдол цөөнгүй. Тодруулбал, Тусгаар тогтнолын талбайн баруун урд, “Тэнгис” кинотеатрын урд талд саяхныг болтол далайн гахай (дельфин)-н барималтай усан оргилуур байсан. Эрх мэдэлтнүүд газар замбараагүй олгосноос болж өдгөө тэр усан оргилуур үгүй болж, оронд нь өндөр байшин боссон. Тухайн үед усан оргилуурын хэлбэр хийцийг өөрчилж, нийслэлд байхгүй гайхамшигтай усан оргилуур барина гэж байсан ч өдгөө оффисын барилга болсон жишээ бий.

Тэгвэл нийслэлийн хэмжээнд цөөн хэдхэн газарт үлдсэн ногоон байгууламжийг “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийн банк, санхүүгийн байгууллага эзэмшиж байсныг өнгөрсөн онд нийслэлийн холбогдох байгууллагынхны шийдвэрээр хүчингүй болгохоор болжээ.

Д.НАЦАГДОРЖИЙН ХӨШӨӨТЭЙ НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ДООР ЗОГСООЛ БАЙГУУЛАХААР БОЛСОН Ч...

Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутагт МУБИС-ийн уулзвараас “Централ тауэр” хүртэл модот гудамж бий. Өөрөөр хэлбэл, “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэг гэсэн үг. Уг цэцэрлэгийн албаны ёсны нэрийг “Улаанбаатар нийтийн цэцэрлэг” гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Түүнийг 2013 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын банканд эзэмшүүлэхээр олгожээ. Улмаар 2017 онд нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар 10 800 ам метр талбай бүхий эл цэцэрлэгийн газрыг орчны тохижилттой, газар доорх олон давхар зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон байна. Гэвч энэ хугацаанд Улаанбаатар хотын банкныхан зориулалтын дагуу ашиглаагүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй тул нийслэлийн Газрын албанаас 2018 оны есдүгээр сард газар эзэмших гэрчилгээг нь хүчингүй болгохоор болсноо мэдэгджээ. Газрын тухай хуулийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан байдаг. Газрын албанаас өгсөн мэдэгдэлд хуулийн энэ заалтыг үндэслэсэн байв.

Харин хариуд нь илгээсэн Улаанбаатар хотын банкны тэргүүн дэд захирал О.Банзрагчийн гарын үсэгтэй албан тоотод “Манай банк нь нийслэлийн Засаг даргын 2017 оны А/496 дугаар захирамжтай Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах 10 800 ам метр газрыг орчны тохижилттой, газар доорх олон давхар зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар ашиглахаар гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг билээ. Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлж, хуульд заасан хугацаанд газрын төлбөрөө төлж ирсэн. Уг газар дээр орчны тохижилттой газар доорх олон давхар зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор дизайн гаргах, архитекторын зураг төсөл боловсруулах зэргээр их хэмжээний хөрөнгө оруулж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа болно. Харин уг төслийг хэрэгжүүлж эхлэх хүртэл нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор орчны түр тохижилтыг өөрсдийн зардлаар гүйцэтгэх санал үүгээр хүргүүлж байна” гэжээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх