Оюу толгой мөд сэхэхгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 06 сар 12

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Оюу толгойн гэрээг би эхнээс нь л шүүмжилж байлаа. Бүр Засгийн газар гэрээ хийхээс ч өмнө Монголыг дааж давшгүй өрөнд оруулах, бүтэл муутай, эцэст нь бидний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлэх бололцоо гэж горьдож байгаа гурав дахь хөршийн хөрөнгө оруулалт биш, харин ч хөршөөсөө хамаарах хамаарлыг улам бэхжүүлэх хортой гэрээ болох нь гэж шүүмжилсэн, анхааруулсан өгүүлэл бичиж байсан. Архиваа ухаж үзвэл Оюу толгойн тухай нийтдээ зургаа долоон өгүүлэл бичиж “Өдрийн сонин” болон сайтууд дээр гаргасан байх юм. “Оюу толгой” (2008.9.14), “Оюу толгой жинхэнэ эзэндээ зарагдлаа” (2009.7.18), "Барон Робэрт" (2010.2.1), “Оюу толгойн гэрээ тун тааруу болсон” (2011.5.16), “Уул уурхайн ноолууран бодлого” (2013.10.20), “Оюу толгой мөд сэхэхгүй” (2015.2.15), "Рио Тинтог Монголоос шахаж гаргая" (2018.12.03). Эдгээрийг сайт ухаж, эсвэл номын санд очин сонин эргүүлж харж болно. Гэрээ эхлээчгүй байхад зүв зүгээр байсан ядуу Монголыг олон жилийн дааж давшгүй өрөнд шааж оруулах хууль баталсан жинхэнэ буруутнууд одоо юу гэж бүлтрэх бол? Монгол Улс Оюу толгойн уурхайгаас болж өрөнд ороогүй, оюун тархигүйгээ мэдэхгүй байж эх орноо амьсгааг нь тасартал тас тэвэрсэн хэсэг амьтнаас болж баларсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө бичсэн өгүүллийг дор дахин сийрүүллээ.

БААБАР 2019.6.13


НОЙРСОЖ БУЙ БАЯН ГҮНЖ

Оюу толгой бол түүнийг дэмжигч, дэмжсэн дүр үзүүлэгч, эсэргүүцэгч, эсэргүүцсэн дүр үзүүлэгч бүхий л монголчуудын мөрөөдөл, яг л үлгэрт гардаг шиг аз жаргалтай учрах мөчөө хүлээн нойрсож буй үзэсгэлэнт гүнж бөлгөө. Нэг хэсэг нь түүнийг хэзээ мөдгүй сэрэн өндийж, лусын дуусашгүй сан хөмрөгийг нээж өгөөд аз жаргалд умбуулна гэж найдаж байдаг. Харин зарим нь Оюу толгойн эрдэнэсийн авдар онгойх нь зайлшгүй, зайлшгүй байлгахын тулд асар их төлөөс хаяхад бэлэн байгаа, иймээс эсэргүүцэн тэмцэлдэх дүр үзүүлэхийн хэрээр тэр төлөөсөөс нь хязгааргүй хүртэж болно гэдэгт итгэлтэй байдаг. Итгэлтэй байгаа юмаа нураахын төлөө үзэж тарах нь тал нутгийн ёс сурталгүй бизнесийн зөвхөн нэг тал нь. Үүнийг бид мэдэж байгаа юм чинь тэд бас мэдэж буй нь дамжиггүй.

Иймээс Оюу толгой ерөөсөө бүтэлгүй болно гэсэн бодол санаа ямар ч монгол хүнд байхгүй. Гэтэл хэрэг дээрээ бидний мөрөөдөл, итгэл найдварын биелэл нь гадаадын хөрөнгө оруулагчид, дэлхийн эдийн засгийн байдал, олон улсын харилцааны нөхцөл гэхчлэнгийн дэндүү олон юмнаас хамаарах аж.

РИО ГЭЖ ХЭН БЭ?

1873 онд байгуулагдсан Рио Тинто групп нь өнөөдөр уул уурхайн бизнес хийдэг дэлхийн хамгийн том компанийн нэг юм. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан уг компани нь хувьцаа оруулагч олон сая хүний нийтийн өмч бөлгөө. 111 тэрбум долларын активтай, 51 тэрбумын борлуулалттай уг компани төмөр, хөнгөн цагаан, боорын хүчлийн давс, боксит олборлолтоор дэлхийд тэргүүлдэг, молибден, алмааз, ураан олборлолтоор гурав дахь том үйлдвэрлэгч. Дэлхийн өнцөг булан бүрт бараг 70 мянган хүн ажиллуулдаг тэдний цэвэр ашиг нь зургаан тэрбум доллар болой. Риогийн ихэнх уурхай Австрали, АНУ, Канадад байдаг, Перу, Гвиней, Чили, Индонез зэрэг 5-6 оронд цөөн тооны уурхайтай. Рио групп таван хэсэгт хуваагдаж үйлдвэрлэл явуулдгийн нэг нь болох Рио Тинто Коппэр нь зэс, молибден ба дайвар олз алт, мөнгө, хүхрийн олдворлолт хариуцна. Энэ хэсгийн даргаар бусад нь ноён Жи Эс гэж дууддаг франц эр 2012 онд тавигджээ. Нийт группийн дарга, Өмнөд Африкийн иргэн Жан дү Плэсси-ийг “Тайм” сэтгүүл дэлхийн хамгийн эрх мэдэлтэй 100 хүний жагсаалтын эхний аравт шалгаруулсан.

2001 онд Монголд асар том зэсийн орд олдлоо. Үүний зэрэгцсэн олдвор болох алтны хэмжээ гэхэд мянга гаруй тонн. Энэ газар Риогийн гол өрсөлдөгч болох Би Эйч Пи компани хэдэн жил хайгуул хийн олон өрөмдлөг тавьсан боловч юу ч олоогүй тул лицензийг нь буцаажээ. Алдарт Стив Жобсийн багын найз Робэрт Фридланд хэмээгч голлон бирж дээр спекуляц хийж хөлжсөн нэгний Айвэнхо Майнз хэмээх уул уурхайн жуниор компани өөртөө томдохоор их хөрөнгө заран байж эндээс дэлхийд дээгүүрт орох зэсийн орд олсон юм. Үүнийгээ сурталчилсаар тэрээр бирж дээр чамгүй хөрөнгө босгожээ.

САВЛУУРААР НААДАХУЙ

Зэсээсээ гадна Монголын төр, ард түмэн, байгаль, хүн зоныг нь дэгсдүүлэн магтаж гүйсээр байгаад тэрээр том хөрөнгө оруулагчдыг Монголд дуудаж чадсан юм. Монголыг Азийн дарангуйлагч бусад улстай адилтган үзсэн тэрээр эрх мэдэлтнүүдийнх нь хармайг чамгүй шагнасан бололтой байдаг. Түүний гол бай бол биржийн ашиг. Айвэнхо компанийн биржийн үнэлгээ тун гайхалтайгаар маш олон давталттайгаар 1,5-30 долларын хооронд буюу дээш доош хорь дахин зөрүүтэйгээр савлагаалж байлаа. Биржийн тоглогчид үнийн савлагаан дээр хамаг хожоогоо гаргадаг. Зориудаар савлуулж хожоо гаргах нь хуулиар хориглогдсон хүнд гэмт хэрэгт тооцогдоно. Харин Фридландад асар их ашиг өгөх энэ олон савлагааг Монголын төр болон ард түмэн, түүний дотор рэкэтчид, авлигачид хийж байлаа. Нэг үгэндээ савлагаа үүсгэгч тодорхой эзэн байхгүй энэ дэгдэлт хувьцаа худалдан авсан үй олон хүн болон компанийг гэнэтийн шоконд оруулна. Гэвч Шекспирийн хэлснээр энэ галзуурал өөрийн логик дэс дараалалтай байлаа. Солиорлын давтамж, цаг хугацааг мэдэж байж л бирж дээр хожиж болно. Үүнийг урьдчилж мэдэхийн тулд удирдан залах хэрэгтэй. Хэрэв зориудаар удирдвал хүнд гэмт хэрэг, тэр дороо компани дампуурна. Ингэхээр тэс хөндлөнгийн мөртөө биржийн талаар огт мэдлэггүй, тэгээд ч нэлээд хийтэй олон хүний хамтлагийн гэнэтийн солиорол ба хурдан хувьсах ааш араншин байх ёстой. Үүнийг залахын тулд багагүй хөрөнгө хаяж загасанд өгөөш хаях маягтай уран зохицуулалт хэрэгтэй.

ГАНГАН ХҮНД ГАРХИ, ГАЛЗУУ ЭХ ОРОНЧИД САЛХИ НЭМЭР

Коммунист дарангуйлалд гурван үеэрээ хоригдож ертөнцийн зохицолдлогооны талаар анхдагч ойлголтгүй, үе үеийн турш ядуу гуйлгачин явсаар гэнэт их олзны тухай сонссон монголчууд ийм өгөөшинд амархан өртөж болохуйц яг тохирох субьект мөнөөс мөн. Тэгээд ч тэдний уламжлалт нүүдэлчин сэтгэлгээ хамтарч зохицоод ашиг орлого олон хөгжиж дэвжихийг огтоос хүлээн зөвшөөрдөггүй, тус болгондоо бие даасан шийдвэр гарган хоорондоо байнга толхилцдог. Ийнхүү монголчууд бурханаас илгээсэн асар их баялгийн үнийг буулгахад өөрсдөө учрыг нь ололгүй маш их идэвхийлэн ажиллалаа. Хий л эх орон, ард түмэн үндэсний эрх ашиг гэж уухилан хашгичсан цөөн хэд нь өөрийнхөө зиндаанд таарсан дажгүй ашиг унагасан, ер нь ашиг унахгүй бол тэд ингэж нийтийн төлөө санаа зовох улс биш л дээ. Гол нь судалгаанаас үзэхэд монголчуудын дийлэнх нь тэднийг дэмжиж байсан юм. Чухам ийм фон л биржийн тоглогчид хэрэгтэй ажгуу.

Фридландын жижиг компани энэ том ордыг ашиглаж чадахгүй, ерөөс тийм зорилго ч байгаагүй. Уул уурхайн бизнест жуниор компани эрсдэл хүлээн ордыг нээж янзалж цэгцэлчихээд аваргуудад худалдан ашиг олдог. Айвэнхо энэ дүрмээр Рио Тинтог олж ирлээ. Ингэж Монголын Засгийн газар, Айвэнхо Майнз Монголиа, Рио Тинто гэсэн гурвалын хооронд Оюу толгойн ордыг хамтарч ашиглах гэрээ хийхээр боллоо. Рио нь Айвэнход урьд нь зээлсэн мөнгөндөө хувьцаа авахаар шийдсэн хэрэг. Юун түрүүн хөрөнгө оруулагч хоёр тал нийлж ашиглалт явуулах хамтарсан компани байгуулахаар болов.

ҮСЭГГҮЙ АРДЫН МОРИНЫ НАЙМАА

Дөнгөж цаасан дээр байгуулагдах компанийг монголчууд булаацалдаж эхэллээ. Зэсийн үнэ урьд хожид байгаагүй 10 мянган долларт хүрснийг ч хэлэх үү. Ихэнх монголчууд компанийг тэр чигээр нь өөртөө дээрэмдэн авахыг чухалчилж байв. Өрөвч нэг нь 50 хувийг авахад болно гэж үзнэ. Ер нь нийтээрээ хөрөнгө оруулалт нь эхлээгүй байгаа ордыг гадныханд хариуцуулах нь буруу, өөрснөө учрыг нь олчихъё гэсэн бодолтой. Уул уурхайн бизнесийн талаар анхдагч ойлголтгүй тэд толгой дараалан энэ талын профессор болцгоолоо. 2008 оны сонгуулиар голлох хоёр улс төрийн нам хамтарсан Засгийн газар байгууллаа. Бараг арваад жил хэрэлдээд урагш нь явуулахгүй байсан энэ ордыг ашиглах гэрээ хийж болох ганц гарц нь энэ байсан юм. Ингээд гурвалсан гэрээ хийлээ. Парламентаас Засгийн газрыг төлөөлж гэрээ хийж буй этгээдэд өгсөн эхний хатуу шаардлага нь Монголын “Оюу толгой ХХК” ордын 34 хувийг зээлээр эзэмших ба эзэмшлийг ойрын үед 51 хувь хүргэнэ, энэ маягаар улам цаашлах тушаал байлаа. Үүнийг УИХ бүр хуульчилсан юм. Харин ард түмэн үүнийг өөрийн баялаг болон газар нутгийн 66 хувийг “дайсанд” үнэгүй булаалгалаа гэж ойлгосон, төр ч үүнийг нь засч залруулж хэлж өгсөнгүй.

Гэрээ “амжилттай” явагдаж Айвэнхо хамгийн том хувийг, Монголын Засгийн газар дараагийнхыг нь, багыг нь Рио Тинто эзэмшиж хөрөнгө оруулахаар боллоо. Монголын тал хөрөнгө оруулах мөнгөгүй учир үүнийг зээлээр авах ба хожим гарах ашгаар үүнээ төлөх юм байна.

Учир мэдэх хүний нүдээр харвал, энэ гэрээ ХХ зууны эхэн үеийн нэгэн монгол наймааны гунигт домгийг санагдуулам болсон. Тэнд овжин наймаачин ба бичиг үсэг мэдэхгүй бүдүүлэг ард хоёрын хийсэн морины наймааны тухай гарна. Бичиг үсэггүй тэр ард нь төгрөгний тоо мэдэхгүй тул олон тооны цаасан мөнгө өгвөл баярлана. Цөөн тооны бүхэл мөнгө өгөх гэтэл голно. Ингээд овжин наймаач тулам дүүрэн задгай мөнгө өгч, сайн морийг нь сул аваад арилж одно. Харин шулсан, шулуулсан хоёр тал, хоёулаа сэтгэл дүүрэн үлддэг. Оюу толгойн гэрээнд ч талууд сэтгэл дүүрэн үлдсэн бөлгөө. Талцан үзэж тарж байсан монголчууд ч бөөн баяр. Оюу толгойн мөрөөдөл оргүйд орвол охинтой үлдсэнд түүнийг дэмжигчид бөөн баяр. Олон жил айлган сааж болох үнээний сүү жилбэ тасрахгүй нь тодорхой болсонд “сөрөг” тал ч бөөн хар баяр. Рио ч бөөн баяр...

Гэрээ эхнээсээ Монголын талд ашиггүй дампуу юм болох нь тодорхой байв. Юун түрүүн Монголын тал зээлээр компанийн ийм том хувийг авахаар хуульчлан шийдсэн нь гэрээ гардан хийгчдийг ямар ч ашигтай хувилбар руу орох бүх бололцоог хаажээ. Эсрэг тал хөрөнгө оруулалтынхаа өртөг үнийг дураар өсгөх бололцоо олгох ба хяналтын багцгүй Монголын тал үүнд хяналт тавих бололцоогүй, бололцоо байгаад ч тэдэнд энэ талын мэргэжилтэн огт байхгүй. Хоёрдугаарт, дэлхийн аль ч оронд мэргэшсэн багийг урьж хөлсөөр гэрээ хийлгэдэг атал Монголын талаас биечлэн гэрээ хийгчид нь энэ талын ямар ч ойлголтгүй хэдэн улстөрчид. Ерөөсөө ийм баг байтугай төсөөлөл бүхий хүн Монголд ганц ч байхгүй. Мэргэшсэн баг гаднаас урьж гэрээ хийлгэхийг Монголын ард түмэн нийтээр эсэргүүцнэ. Хоорондоо хуйвалдаад Монголыг алаад хаяна гэж гэж үзэж буй, угаасаа хардлага гэдэг бол үндэсний өвчин нь л дөө. Гэхдээ гэрээ хийгчид өгөгдсөн нөхцөл дотроо байж болох хамгийн сайн хэлэлцээ хийж чаджээ. Үүнээс дээгүүр байх бололцоо угаасаа цаанаасаа байхгүй. Компанийн 34 хувийг нь зээлээр авч байгаа нь л бүрэн сүйрүүлчихэж буй хэрэг.

ӨГСНИЙ ХЭРЭЭР ӨРӨНД УНАВ

Юутай ч гэрээ хийгдлээ, ордыг ашиглах ажил гараагаа авав. Монголд эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь Оюу толгойн хөрөнгө оруулалтад ноогдож байлаа. Тус компанийн туслан гүйцэтгэгч 300 орчим монгол компанид хэдэн мянган монгол хүн ажиллана. Монголын ДНБ 2004 он буюу уул уурхайн бүүм эхлэхийн өмнөх үеэс найман жилийн дотор бараг 10 дахин өслөө. 10 жилийн өмнө нэг хүнд ноогдох ДНБ ердөө 450 доллар бүхий хамгийн гуйлгачин ядуу орон байснаа бараг таван мянган долларт хүрч дэлхийн дундач орлоготой орон боллоо. Дэлхийн голлох мэдээллийн хэрэгслэлүүд Монголыг “Азийн тав дахь бар” гэж нэрлэх болов. Хүн амын таван хувь нь оюутан, гар утас нь хүнийхээ тооноос, автомашин нь өрхийн тооноосоо давсан энэ парадокс орон гэнэт ихээр орж ирсэн мөнгөнөөс болоод зах зээлийн үнэ нь (өргөн хэрэглээний бараа үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, тансаг хэрэглээ гэх мэт) хүртэл АНУ-ынхтай харьцуулахад бараг хоёр дахин өндөр.

Ядуу байхдаа даруухан байсан монголчууд мөнгөний бараагаар хийрхэх боллоо. Юун түрүүн улс төрийн намууд нь бүгд популист болж энэ чиглэлээр хоорондоо өрсөлдөх болов. Хүүхэд төрүүлсний, хурим хийсний, сургуульд сурч буйн, өндөр насалсны, бүртгүүлсний, эх орны хишгийн гэх мэтээр хэдхэн жилийн дотор дөрвөн тэрбум долларыг бэлнээр нийт ард түмэндээ тараасан нь дөнгөж коммунизмаас гарч байсан 1990 оны тоогоор хэмжвэл таван жилийнх нь үндэсний нийт үйлдвэрлэлээс давж байлаа. Гэвч мэдээллийн хэрэгслэл болон ерөөс нийт хүн амын сэтгэл маш дундуур, улам бүр байгаа байдлаа голон гутаж, хэрэв хэлсэн ярьсанд нь үнэмших аваас Монгол орон өөрийн 2000 гаруй жилийн түүхэндээ хэзээ ч ингэж ядуурч, зүдэрч, уруудан доройтож байгаагүй гэнэ. Тэдний үзэж буйгаар дэлхийн бусад орнууд хөгжин урагшилж, ганцхан Монгол нь зогсолтгүй хойш ухарч буй аж. Үнэндээ 2011 оны ДНБ-ий өсөлт нь 17,5 хувь хүрч дэлхийн рекорд тогтоосон.

Зөвхөн 1990-2000 онд төр засгийн удирдагчид нь хэлсэн үгэндээ 200 орчим удаа гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байсан бол энэ үеэс бүх нийтээрээ хөрөнгө оруулагчдыг үзэн ядаж улайм цайм хөөх, дээрэмдэх, хуулийн болон хуулиас гадуур аргаар шахан зайлуулах үндэсний хөдөлгөөн өрнүүллээ. Үүнийг хууль тогтоох байгууллага инстүүцийн хувьд зохион байгуулалттайгаар тэргүүлэх болов. Үүнд хэд хэдэн сэдэл байв. Хөрөнгө оруулагчдаас хахууль авлига нэхэх дээд шатныхны өрсөлдөөн. Үүнд юун түрүүн Хятад, Солонгосын хөрөнгө оруулагчид өртөх ба тэд ч нэхснийг нь ямар нэг хэмжээгээр өгнө. Харин Өрнөдийн хөрөнгө оруулагчид, ялангуяа олон улсын бирж дээр гарсан компаниуд өгье ч гээд цаанаасаа хуулиар бололцоогүй, бүхий л тооцоо нь сая сая хувьцаа эзэмшигчдийнхээ хяналтад байдаг болохоор харамж өгч чадахгүй учир рэкэтчидэд хамгийн ихээр үзэн ядагдах болж хараал зүхлийнх нь гол бай боллоо. Дээд эгнээнийхэн хууль өөрчилж тэмцэнэ, дунд эгнээнийхэн хуулийг өөрийнхөөрөө тайлбарлан тэмцэнэ, доод эгнээнийхэн жагсаал цуглаан хийх, тэр байтугай хүч хэрэглэх аргаар тэмцэнэ. Энэ үзэгдэл хүн амын үлэмж хэсгийг хамарч зиндаа зиндаагаараа аль нэг хөрөнгө оруулагчийг өмчлөн шат шатандаа саана, чадахгүй бол байнгын дарамт үзүүлнэ. Хоёр сая хагас хүнтэй Монголд 23 мянган төрийн бус байгууллага буй болсны бараг 10 мянга нь ийм рэкэтийн зориулттай. Зөвхөн гол ус нуур хамгаалах чиглэлтэй 600 орчим ТББ бий, гэтэл говь тал голлосон өргөн уудам нутагт нь гол нуур нь нийлээд жар ч хүрэхгүй. Бусдын хөрөнгийг дарамталж булаах үзэгдэл жишээ нь хөрш Казахстанд нэлээд буй боловч хөрөнгөө оруулж босгосных нь дараа рэкэтэлж эхэлдэг бол Монголд ажлын гараанаас нь л дээрэмдэж эхэлнэ. Энд төрийн тогтвортой инстүүц байдаггүй, төлөвшөөгүй учир төр нь маш сул, ядмаг. Хууль санаачлах, тогтоох, хуулийг хэрэгжүүлэх, тайлбарлах нь ямар ч бодлого чиглэлгүй учир алив улс орны хамгийн чухал амин сүнс болсон энэ талбар хэн дуртайгийн хүсэл сонирхлоос хамаарч дуртай тал руугаа хөлбөрнө. Хуулиуд нь хоорондоо маш зөрчилтэй учир яаж ч мушгин өөрийнхөөрөө тайлбарлах бүрэн бололцоотой. Орон нутгийн ард иргэд өөрсдийн амьдран буй газрын баялгийг ашиглах эсэхээ өөрсдөө мэднэ гэсэн зарлиг гарснаар жалга болгоныхон рэкет дээрэм, тулган шаардалт, сүрдүүлэг дураар хийх бүрэн эрхтэй болоод авах нь тэр.

ЗОДОЖ ИВЭЛГЭДЭГ ҮНЭЭ

Ийм л дэвсгэр дээр Оюу толгойн бизнес эхэлжээ. 2010 онд Рио Тинто Фридландаас хувьцааг нь худалдан авч “Туркоз Хилл” хэмээх компани байгуулж Торонтогийн бирж дээр гарсан ба хувьцааных нь хяналтын багцыг мэдэх боллоо. Ийнхүү Туркоз Хилл - Монголын Засгийн газрын хамтын ажиллагаа гэсэн шинэ хэлбэрт оров. Монголын талаас гэрээ хийсэн хүмүүс юун түрүүн хардлага дайралтын бай болов. Гэрээ буруу болсон, үхтлээ шулуулсан, гэрээ хийсэн монголчууд хахуульдуулсан гэх мэт. Үнэндээ олон хуудас энэ гэрээг олж уншсан хэн ч байхгүй, уншаад ч ойлгох мэргэжлийн хүн бараг үгүй. Гэрээ хийгч энд 20 мянган хувьсагч тооцсон гээд хэлчихсэн чинь улс даяараа элгээ хөштөл хөхрөлдөн шоолж зэвүүцэцгээв.

Урт хугацааны ийм том гэрээ хийхэд мэдээж хорь байтугай мянган хувьсагч авдаг л даа. Гэрээ хийгчдийн нэг нь оффшор банкинд хоёр мянган доллартойгоо бүртгүүлээгүй нь илэрсэн явдал тэд Риогоос хахууль авсны хөдөлбөргүй нотолгоо болж улс даяараа урвагчийг цаазлахыг шаардах боллоо. Оффшор банк бол дээрэм хулгайн мөнгө хадгалдаг сав гээд ойлгочихож. Оффшор банкинд хадгаламжтай байхыг хориглосон хууль хүртэл гарлаа. Үүнээс үүдэн гадаад хүнтэй гэрлэхийг хориглосон хууль хүртэл өргөн барьсан гээ. Гадаадын дээрэмчдээс Оюу толгойгоо салгаж авах хөдөлгөөн улс даяар буурьтай хөтөлбөр болсон ба үүнд нэгдээгүй нэгнийг эх орноо худалдсан урвагч болгон зарлах болов. Оюу толгойн үйл ажиллагааг буруушаах нь алив эх оронч хүний нэр төрийн асуудал болох нь тэр.

ЭРТДҮҮЛЖ ЭХЭЛСЭН ҮРГЭЭЛЭГ

Жон Пэркинс гэгчийн хуйвалдааны онолд түшиглэж бичсэн “Эдийн засгийн алуурчны өчил” хэмээх скандал тарьсан параной ном зэрэгцэн хэд хэдэн хувилбараар орчуулагдан, олон арван мянгаар хэвлэгдэж монголчуудын библи боллоо. Хүүхэд залуучуудын заавал унших номын жагсаалтад орсон энэ хийрхсэн зохиолоор ард түмний нүд нээгдэв. Хөрөнгө оруулагчдын эсрэг дайн шинжлэх ухаанжин буурьтай суурь эзлэв. Шийдвэр гаргагчдын түвшнийхэн энэ номыг бараг л толгой дараалан цээжилжээ. Тэгээд ч нүүдэлчний сэтгэлгээ хуйвалдааны онолд маш автамхай байдгийг хэлэх үү. Алив орон геологийн чөлөөт хайгуул ихээр хийлгэснээр баталгаат баялагтай болж зээлжих эрхээ нэмэгдүүлдэг бол Монголын газар нутгийн хорь хүрэхгүй хувь нь геологийн хайгуулд заримдаг хамаарсан атал алив геологийн хайгуулыг хориглосон хууль гаргалаа. Их хэмжээний зэс нээгдэж байгаа сураг сонсонгуутаа түүнд 68 хувийн татвар тогтоолоо. Тэд уурхайг дагалдуулан цоо шинээр хот босгохыг шаардаж, олборлосон зэсээрээ эцсийн бүтээгдэхүүн хийж экспортолдог үйлдвэр барихыг тулгах боллоо. Энэ нь тусдаа шал өөр бизнес гэдгийг ойлгохыг ч хүссэнгүй. Гэтэл ажил дөнгөж эхнийхээ гараан дээр яваа шүү дээ. Эх орноо дайснаас хамгаалах гүн хөөрөлд автсан Гадаад харилцааны сайд нь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, зогсоох, хориглох хуулийг санаачлан 2012 онд парламентаар батлууллаа. Хөрөнгө оруулалт орж ирж болохуйц боловсрол, холбоо, банк, уул уурхайн салбарууд уг хоригт хамаарчээ. Хэн ч харсан гадаад харилцаагаа хариуцсан сайд ийм хуулийг санаачлан батлуулна гэдэг Монголын төр угаасаа ийм чиглэсэн бодлоготой юм байна гэж харагдана. Мөн онд болсон сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрын хөрөнгө оруулалт болон уул уурхайг хариуцсан сайд нараар хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэгээрээ улс орондоо алдаршсан хүмүүс томилогдов. Тэд ч ажлаа хүлээж авуутаа ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлийг биелүүлж гадаадын шунахай хөрөнгө оруулагч нартай эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлэн нийтийн өмнө тангаргалах нь тэр. Ингээд Монголд хөрөнгө оруулсан болон оруулахаар зэхэж байсан бүх компани яаралтай зайлан одов. Одоо байлдах дайсан ч үгүй хоцрох нь тэр. Дагаад эдийн засгийн өсөлт нь эрчимтэй буурч, улсын сан нь хоосров. Монголын популист намуудад эдийн засгийн бэрхшээлийн буруутнийг бие бие рүүгээ чихэн орилолдохоос өөр ажил үлдсэнгүй.

Нэгэнт Туркоз Хилл компани нь Айвэнхо шиг бирж дээр тоглолт хийж мөнгө олдог биш, харин сая сая хүний болон компанийн итгэлийг олж бирж дээр их хэмжээний мөнгө босгон түүгээрээ бүтээн байгуулалт хийх үндсэн зорилготой учир монголчуудын ааш авираас болж биржийн үнэ гэнэт гэнэтээр савлах нь маш их хүндрэл учруулах болов. Тэд Оюу толгойд дэлхийн хамгийн том сингл уурхай байгуулж, өөр хаана ч хэрэглэж эхлээгүй цоо шинэ дэвшилтэт техник технологи ашиглах болсон авч монголчууд энэ гайхамшигт бүтээн байгуулалтаар бахархах биш, харин ч тэдэнтэй ороод ирсэн дээрэмчид маягаар хандах болжээ.

ХОРЫГ ХОРООР НЬ

Тэгж байтал 2012 оноос зах зээлд зэсийн үнэ өсөхөө больсон ба цаашид уруудах прогноз гараад ирлээ. Хэрэв энэ уруудалт 5 400 доллараас доош орвол энэ бизнес утгагүй болно. Хэн ч байсан (социализм байгуулах буянт зорилготой биш л бол) алдагдалтай үйлдвэрлэл явуулдаггүй, ялангуяа томоохон хөрөнгө оруулалт алдагдалтай болж эхлэхээр үйлдвэрлэлийг царцааж, борлуулалт ашигтай болох үеийг хүлээдэг. Тэгээд ч Рио Тинто бол гол нь төмрийн салбарт ажилладаг болохоос зэсийн хувьд бусад гигантуудтай харьцуулахад харьцангуй туршлага дутуу. Тэд Оюу толгойд долоон тэрбум доллар нэгэнт оруулсан, баялгийн цөм байгаа далд уурхайд дахиад тийм хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай. Монголчууд болохоор урьд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээн дээр маргалдан хоёр тэрбумын зөрүү хэлээд буй боловч түүнээ баталж чадахгүй байгаа юм.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх