Томчуудын буруугаас элэг шилжүүлэн суулгуулах хүүхэд олширчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 16 ・ 5

Монголчууд байсхийгээд л муу мэдээ дуулдаг болов. Тэр дундаа өвчин том, жижиг гэж ялгахаа байлаа. Нас барагсдын зургаан тохиолдлын нэг нь элэгний вирусийн улмаас хорвоог орхидог. Энэ нь уг өвчин хүн амын нас баралтын тэргүүн шалтгаан болохыг илтгэх баримт. Хэвлэл мэдээллийн хэн ч энэ талаар хангалттай ярьж, бичдэг. Харин Монголын ирээдүй болсон хүүхдүүд элэгний өвчнөөр энэлэн шаналж байгааг тэр бүр мэдээлдэггүй.

ЭХЭМҮТ-ийн хяналтад өдгөө элэгний архаг өвчтэй 155 хүүхэд эмчлүүлж буйн 81 нь хатууралтай болжээ. Томчууд л элэгний хавдар, хатууралд өртдөг гэдэг ойлголтыг уг статистик няцаана. Элэгний хатууралтай хүүхдүүд алсдаа эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай. Одоогоор 60 орчим хувь нь элэг шилжүүлэх мэс засал хийлгэх заалт руу шилжсэнийг ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч, клиникийн профессор М.Дашаа хэллээ. Тэрбээр “Элэгний өвчин хүүхдүүдийн дунд элбэг тохиолдох боллоо. Энэ нь олон шалтгаантай. Ихэнхдээ вирусийн, эмийн болон хоолны хордлоготой холбоотой. Мөн ургийн халдварууд, цөсний замын үрэвсэл, бусад өвчний үед элэг гэмтэх, тодорхойгүй шалтгаанаар хатуурсан тохиолдол ч цөөнгүй.

Хоол, хүнсний буруу хэрэглээ, иргэдийн амьжиргааны түвшинтэй холбоотойгоор сүүлийн үед өвчлөл ихэссэн. Вирусийн улмаас элэг хатуурдгийг иргэд гадарладаг болсон. Тэгвэл эмийг замбараагүй хэрэглэснээр элэг өвчилдгийг тэр бүр мэддэггүй. Хүүхэд халуурав уу, үгүй юү хэнээс ч асууж, зөвлөхгүйгээр парацетамол уулгах нь хэвийн үзэгдэл болжээ. Гэтэл уг эм элгэнд маш муу нөлөөтэй. Хордлого нь ч хүчтэй. Манай тасагт гэхэд долоо хоногт дунджаар 8-9 хүүхэд зөвхөн эмд хордоод ирж байна. Тэдний олонх бага насных. Айл бүр эмийн сантай. Хэрэгтэй, хэрэггүй, хугацаа нь дууссан эмийг олноор нь хадгалдаг. Түүнийгээ хүүхдийн гар хүрэх газарт тавьдаг. Нөгөөхийг нь хүүхэд аваад идчихдэг. Энэ мэтчилэн эцэг, эхийн санамсар болгоомжгүйгээс хүүхдүүд керолин буюу мал угаадаг бодис, машины будаг шингэлэгч, шил арчигч шингэн, үсний будагны хор зэргийг ууж, хордох нь байдаг л үзэгдэл боллоо. Хүүхэд элэгний олдмол өвчинд нэрвэгдэх тэргүүн шалтгаан нь энэ” гэсэн юм.

Баталгаагүй, чанарын шаардлага хангаагүй хоол, хүнсний улмаас хүүхдүүд олноор хордох болсон нь элэг өвчлөх дараагийн шалтгаан аж. Үүнд жимстэй тараг, лаазалсан төрөл бүрийн жимс, элэгний нухаш, пицца, бүрж шарсан тахиа зэрэг түргэн хоолыг эмч нар нэрлэж байна. Лаазалсан, шарсан бүтээгдэхүүний найрлагад хоруу чанартай бодис их хэмжээгээр байдаг. Эцэг, эхчүүд үүнийг мэддэггүйгээс энэ төрлийн хоол хүнсийг хэт халаах, эсвэл хөргөж хэрэглэснээр бүтээгдэхүүний найрлага дахь хорт бодисыг улам идэвхжүүлдэг гэнэ.

Элэг бол хүний биеийн лаборатори. Хоол боловсруулах замын гол эрхтний нэг. Биед орсон бүхий л хортой бодисыг шүүж, гадагшлуулдаг. Ингэхдээ элэг их хэмжээгээр ажиллаж, гэмтдэг. Томчууд хэнэггүй, хайнга, залхуугаасаа болж хүүхэддээ бэлэн, түргэн хоол авч өгч “хордуулдаг” байна.

Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдгийг ухамсарладаггүй, жирэмсний хяналтдаа ордоггүй бүдүүлэг эмэгтэйчүүдээс болж хүүхдийн элэгний өвчний тохиолдол улам нэмэгдэх болжээ. Дан ганц эмэгтэйчүүд гэлтгүй гэр бүлээ төлөвлөж сураагүй, хүүхэдтэй болох бэлтгэлгүй хэрнээ төрүүлээд л байдаг хосууд анхаарлаа хандуулна уу. М.Дашаа эмч “Эцэг, эхчүүд элэгний вирустэй хэрнээ тоох ч үгүй хүүхэд төрүүлдэг. Үүнийгээ юман чинээ боддоггүй нь харамсалтай. Уршгаар нь хүүхдүүд элэгний янз бүрийн вирус, ургийн халдвартай төрж байна. Тэмбүүтэй хүүхэд олон мэндлэх болсон нь бүр ч эмгэнэл. Тэмбүүгийн бактери элэг, дэлүүг сонгомлоор гэмтээдгийг залуу аав, ээжүүд мэдэхгүй байна. Өвчтэй хүүхэд төрүүлсэн гэдэг статистик үзүүлэлтийг нэмэхээс хэтрэхгүй. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 09 сар 17/

    Удамжлалаа мартвал үндэстэн мөхдөг

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 17/

    Анагаахын салбар цоо эрүүл хүүхдийг вакцин нэртэй вирустэй болгодог тэр нь хожим дархлаа муудаж ядарсан үед жинхэнэ өвчин болж сэдэрч гардаг тэгээд л бүх эрхтнүүд будаа болдог юм биш үү

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 16/

    Хариулах
  • bat / 2019 09 сар 16/

    Уламжлалаа мартаагүйсэн бол элэгээ муутгахгүй байх боломж их байлаа дээр үед аягаа солидоггүй хүүхдийг зөвхөн духан дээр үнэрлэдэг хүнтэй гар барьж золгодоггүй гм яаж тоочиж барахсан билээ

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 16/

    сонирхолтой

    Хариулах