Монгол хүн хаа ч явсан нутаг усаа гэдэг.  Гадаадад сурч боловсрон эх орныхоо нэрийг дэлхийд таниулж, сурталчилж яваа олон сайхан залуус бий. Тэдний нэг болох алс холын Франц улсад Монголынхоо түүх соёл хийгээд монгол брэндээ сурталчлан таниулах их үйлсэд өөрийн хөдөлмөрөөрөө хүчин зүтгэж яваа  "Үүрдийн монгол" ТББ-ын тэргүүн Баярсайханы Эрдэнэхуягтай онлайнаар холбогдон цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе. 

 

 

-Та яагаад Франц улсад төрийн бус байгууллага байгуулах болов?

-Би эх орноосоо гараад 20 жил болж байна. Францад анх жуулчнаар хүрэлцэн ирж  байсан юм. Удалгүй 1999 онд оюутан болж, суралцахаар ирээд өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байна. Намайг оюутан болоод ирэхэд одооных шиг интернэт байдаггүй байлаа. Тиймээс гэрээ их санана. Нутгаа санаад их хэцүү байдаг байсан. Ингээд өөртэйгээ Монголоо ойрхон байлгах хэрэгтэй юм байна гээд төрийн бус байгууллага байгуулсан даа. Нутгаа үгүйлсэн сэтгэлээ ингэж л дэвтээж явна. Одоо харин техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлээд өдөр бүр монгол улстайгаа холбоотой байдаг болсон. 

-Төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилуулна уу. Саяхан их том үзэсгэлэнд Монгол улсаа сурталчлах эрхийг авч оролцсон гэсэн?

-Манай төрийн бус байгууллага Франц улсад Монгол улсаа таниулж, сурталчлах зорилготой. Европын яармаг худалдаанд манай улс зочин орноор оролцох эрхийг авч орсон. La Foire Europenne энэхүү яармаг худалдаа нь Франц улсын хоёр дахь том хот болох Strasbourg хотод зохион байгуулагдсан юм. Энэ хотод маш олон улсын орны элчин сайдын яам консул төвлөрсөн байдаг. 

Тэр утгаараа Strasbourg хотод зохион байгуулагдаж байгаа томоохон арга хэмжээ, үйл ажиллагаанд сайд нь заавал оролцож, дэмждэг байгаа. Мөн Засгийн газраас нь ихээхэн ач холбогдол өгдөг. Энэ удаагийн үйл ажиллагаанд Bruno Le Maire сайд хүрэлцэн ирэн нээж үг хэлсэн. Манайхаар бол сангийн сайд гэсэн үг.  Бидний үзэсгэлэн яармагт оролцсон бүтээн байгуулалтыг хараад маш их гайхсан. Би Монгол улсыг сайн мэдэхгүй. Гэхдээ гайхалтай уламжлалттай ард түмэн юм байна. Миний мэддэггүй их хол газрын хүмүүс ингээд хүрэлцэн ирж өөрсдийгөө манай улсад танилцуулж, сурталчилж байгаа нь маш сайн хэрэг гэж хэлэхэд маш их баярласан. Танай орныг мэдэхийн төлөө олон хүн өөрөөс тань их зүйлийг асууж ядраах байх даа гэж надаас асуусан. Харин би хариуд нь би ядрахыг үл ажирна. Би улсаа маш олон хүнд танилцуулж, ажиллахаар ажиллаж байгаа гэсэн л дээ. 

-Үзэсгэлэн яармагт бараа худалдах гэхээсээ илүүтэй их том бүтээн байгуулалтыг хийж оролцсон байна лээ. Энэ талаараа ярина уу?

-Бид Монголоо танилцуулахын тулд эхлээд түүхээ ярих хэрэгтэй болсон. Ингэхээр яалт ч үгүй Монгол гэр минь хэрэг болсон. Ингээд гурван том хэсгээс бүрдсэн бүтээн байгуулалт хийж сурталчлан танилцуулах хэрэгтэй юм байна гэж төлөвлөсөн юм. 

Нэгдүгээрт, Чингис хааныхаа гэрийг барьсан. Түүхээ ярьж байж бусдад Монгол улсаа илүүтэй таниулах зорилгоор. Мөн Монгол бөөг залж авчирсан юм. Ингэхэд маш олон хүн их сонирхсон. Бүүр монгол бөөтэй уулзахаар ирсэн хүмүүсээс олноороо уулзаж чадахгүй буцсан даа.

Хоёрдугаарт сүм байгуулсан. Сүм байгуулахын учир нь манай улсад шашин дагаж уран барилга, барималын соёл нэвтэрсэн байдаг. Тухайлбал, ямар ч хадаас хэрэглэхгүйгээр урласан ширээ, сандалаас эхлээд маш олон зүйлсийг дэлгэн харуулсан. Хээ хуар, хөгжмийн зэмсэг, хэнгэрэг, цан, хонх, дамар гээд олон эд зүйлсийг үзэсгэлэндээ дэлгэлээ. Маникануудад цанын баг өмсүүлж хүртэл байршуулсан нь гадныханд их таалагдсан.

Гуравдугаарт Казах үндэстний гэрийг барьсан байгаа. Яагаад Казах үндэстний гэрийг сонгосон бэ гэхээр маш их ажилсаг хүмүүс. Гэрийнхээ бүхий эд чимэглэлийг гараараа урладаг гайхалтай улс.

Мөн Үндэсний бахархал болсон ноолууран бүтээгдэхүүнээ авчирсан. Хан богд кашмер брэндийг сонгосон. Сарны чулуу үндэсний язгуур урлагийн хамтлаг маань өдөрт 3 удаа тоглолт үзүүлсэн байгаа. Монголоос make uo artist хүрэлцэн ирсэн Европ болон монголчуудын нүүр будалтыu хийсэн нь их таалагдсан.

Бүтэб хийдийн дэргэдэх Найдан эмнэлгийн тэргүүн н.Ганзориг маарамба ардынхаа уламжлал эмчилгээг танилцуулсан. Мөн хүмүүст бариа засал, уламжлалтынхаа талаар танилцуулж уулзалт зохион байгуулсан. Гандантэгчинлэн хийдийн лам Алтангэрэл ирж дуган дотроо Хүний зөв сэтгэл, бурханы шашинтан хүний сэтгэлийн талаар философи талаа нь олон хүнтэй ярилцсан.

 

-Энэ бүгдийг яаж Францад авч очсон юм бэ?

-Бидэнд Франц улсад суудаг Монгол улсын Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд А.Баттөр маш их тусалсан. Үзэсгэлэнд хэрэглэсэн бүх зүйлсээ газрын ачаагаар Туушин компаниар тээвэрлүүлж авчруулсан. 9500 км замыг туулж ирсэн дээ. Энэ их урт замд ачаа маань саатвал яанаа гэсэн айдас их байсан.  Энэ бүх ажилд А.Баттөр болон ГХЯ-ны ажилтнууд мөнгөн тусламжаас илүү их том тусыг хүргэсэнд мөн үүгээр дамжуулан баярласан сэтгэлээ илэрхийлье. Мөн Туушин компанидаа талархал илэрхийлж байна.

-Франц улсад 87 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн яармагт зочин орноор орох эрхийг яаж олж авав?

-Энэхүү үзэсгэлэн яармагт гишүүн орноор уригдан орох эрхийг гурван оронтой өрсөлдөж байж олж авсан байгаа. Африк, Өмнөд Америкийн улстай өрсөлдөж байгаад монгол улс содон, өвөрмөц бүтээлээ танилцуулах юм байна гэж үзээд манай улс сонгогдсон юм. 

-Зардал санхүүгээ хэрхэн гаргав. Монгол улсын Засгийн газраас тусалж, дэмжсэн үү?

-Зардал, санхүүгийн хувьд манай төрийн бус байгууллага 100 хувь өөрийн зүгээсээ гаргасан байгаа. Уг үзэсгэлэн яармагт оролцсон бусад орнуудын хувьд Засгийн газраас нь бүр бодлогоор дэмжиж өгдөг юм байна лээ. Гэтэл манай улсаас ямар ч дэмжлэг үзүүлээгүй.  Ийм хариулт өгч байгаа хүмүүстэй юу ч ярих билээ. Үзэсгэлэн болоход хугацаа маш бага байсан болохоор бид цагаа алдахыг хүсэлгүй өөрсдөө бүгдийг хийсэн. Зөвхөн Монгол улсаа танилцуулж, сурталчлах зорилготой болохоор өөрсдийн бор зүрхээрээ зүтгэсэн. Тэгээд ард нь гарч чадсандаа баяртай байна.

Ерөнхийдөө манай улс Францад Монголдоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, худалдах бүрэн боломж бололцоо бий. Монголын тэр энд байгаа олонд танигдсан төрийн бус байгууллагуудаа түшиглээд экспортыг хийх том боломж байна. Бид улам их улсаа сурталчлан таниулах бааз, архивыг нь бэлдэж өгөөд байгаа ашиглах хэрэгтэй л дээ. Даан ч тэгж хамтрахгүй байгаад сэтгэл дундуур л байна. Цөөн хоногийн дотор маш олон хүнд хүргэх үзэсгэлэнд оролцож "made in mongolia" брэндээ Франц улсад тунхагламаар байна. Миний нэр гарахгүй , миний аавын нэр гарахгүй нийт Монголчуудын улсын маань нэр гардаг болохоор илүү их анхаараасай билээ гэж хүсэж явдаг. 

-10 хоногийн турш болсон үзэсгэлэнг хэдэн хүн үзэж, сонирхов. Монголчууд хэр очсон бэ. Тэдний сэтгэгдлэлийг та сонсож амжсан уу?

-Үзэсгэлэн яармагийг 10 хоногийн дотор 200 мянган гаруй хүмүүс хүрэлцэн ирж үзсэн. Монголчууд маань их ирсэн. Гэртээ ирсэн юм шиг сэтгэгдэл төрлөө гээд их л сайхан хуучилсан даа. Яг л Монголдоо очсон юм шиг боллоо гэж байсан нь их урам өгсөн юм.

Бид нар үзэсгэлэнг зорьж ирсэн зочиддоо зориулж Монгол рестароныг ажиллуулсан нь их талархал хүлээсэн. 10 хоногийн турш бууз, цуйван гээд олон сайхан монгол хоолоороо зочиддоо үйлчилж, монгол ширээ, сандлын ур хийцийг мэдрүүлж чадсан байгаа. Ерөнхийдөө бид Монголоо танилцуулж, сурталчилж байгаа болохоор бүрэн цогц зүйлсийг үзүүлэх хэрэгтэй юм байна гэж их цагаа зарцуулж үзэсгэлэн яармагтаа оролцож амжилттай дуусгалаа.

Франц улсад болсон үзэсгэлэн яармагийн үеийн сурвалжлага болон фотог сонирхуулж байна.