Хүүгээ утаснаас нь "холдуулахын" тулд Монгол руу дагуулж явсан эр

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 03 ・ 5

Өсвөр үеийнхнийг гар утас, компьютерийн өмнөөс холдуулна гэдэг бүхий л эцэг эхчүүдийн санааг хамгийн ихээр чилээдэг асуудал болов уу. Тэгвэл жүжигчин Жэйми Кларк үүний тулд Монгол руу явахаар шийджээ. 18 настай хүүгээ мотоцикл дээр сундлаад алслагдсан Монголын нутгаар салхи татуулан давхихад хөдөлгүүрийн үнэрт хамар цоргиж, салхины сэвшээ хацар зурах мэт санагдана.

Энэ бол онгон байгалийг төдийгүй, өөрийгөө жинхэнэ утгаар нь мэдрэх, гайхалтай сэргэг мэдрэмж байлаа. 

Чөлөөт цагаа цанаар гулгаж, ууланд авирч, явган аялал хийж өнгөрүүлдэг Кларкын хувьд гэртээ өдөржин утсаа шагайж суудаг 18 настай хүү Хобе нь ертөнцөөс тасарсан мэт санагддаг байжээ. 

Тэрээр зарим талаар үүнд өөрийгөө буруутгаж байв. Учир нь Хобег бага байхад тэрээр хүүдээ бусдын л адил ухаалаг утас авч өгөн, "Blackberry" утасны тоглоомыг хамтдаа тоглодог байж.

Кларк  ВВС-д өгсөн ярилцлагадаа "Хэрвээ гэр бүлд чинь гар утас, телевиз гээд ямар нэг зүйлд донтсон хүн байгаа бол үүнд эцэг эх нь л буруутай. Технологийн хөгжил бол гайхалтай зүйл. Гэхдээ бид үүнд удирдуулаад байна" гэжээ. 

Тэрээр 50 насныхаа төрсөн өдрөөр гэр бүлийнхнийхээ хамт алслагдасан цанын баазад амрахаар явсан байна. Тэнд гар утас, wi-fi хэрэглэх ямар ч боломжгүй. Энэ тухай "Би сүлжээгүй амралтын газарт өмнө нь очиж байгаагүй. Надад их хачин санагдсан" хэмээн Хобе ярьсан байна. 

 

 

Хүүгийнх нь амьдрал нийгмийн сүлжээ, технологиос хэт хараат болсныг анзаарсан Кларк энэ бүхнийг хэрхэн засах талаар бодож байлаа. Тэрээр эртнээс Монгол руу аялахыг мөрөөддөг байсан бөгөөд хүү нь том болсон учир дагуулаад явахад ямар ч асуудалгүй санагдсан байна. Цахим амьдралаас түр хөндийрнө гэдэг Хобегийн хувьд хүндхэн шийдвэр байсан ч тэрээр энэ удаад аавынхаа саналыг хүлээн авчээ. Ингээд аяллын ямар ч туршлагагүй Хобе мотоциклын үнэмлэхээ аваад, аавтайгаа хамт ойр зуурын бэлтгэлээ базаан урт удаан адал явдлын эрэлд гарсан байна. 

 

 

Тэд 7 сарын 28-нд аяллаа эхлүүлсэн бөгөөд сарын хугацаанд мотоцикл, морь, тэмээ хөлөглөн Монгол орноор 2200 гаруй километр замыг туулжээ. Аялал үнэхээр гайхалтай, инстаграмдаа оруулах олон сайхан зураг олон байсан ч Хобе буцаж ирэх хүртлээ зургаа цахим орчинд нийтлээгүй байна. 

Хобе "Утаснаас хол байх хэцүү байсан. Бүх зүйл уйтгартай санагдсан. Би уйдхаараа утсаа нээгээд YouTube эсвэл Netflix-р орж, хуруугаа хөдөлгөх төдийд л сонирхолтой зүйлс үзэж цагийг өнгөрөөдөг байсан. Гэхдээ аавыгаа таних надад энэ бүхнээс илүү үнэ цэнэтэй байлаа. Ялангуяа майхан барьж гадаа хоноод, монгол гэрт өөрсдөө хоол хийж идэх бид хоёрыг маш ихээр ойртуулж, холбож байгааг би мэдэрсэн" хэмээн ярьжээ. 

 

 

Ажлаасаа болоод хүүдээ төдийлөн анхаарал хандуулдаггүй байсан Кларк ч энэ удаад Хобег өөр өнцгөөс харж, том хүн болсныг нь сая ухаарч авчээ. Тэрээр "би хүүгээ хүрмээ тайлаад чулуудчихдаг, хоол идсэн аяга таваг, тоглоомоо хураалгүй орхидог бяцхан хүүгээр л төсөөлдөг байж. Харин энэ аяллаас түүнийг аажим аажмаар үүрэг хариуцлагатай нэгэн болж байгааг анзаарсан" гэжээ. 

"Хүүхдүүдтэйгээ холбоо тогтоохын тулд заавал дэлхийн өнцөг булан бүрээр аялах шаардлагагүй" хэмээн цахим орчин технологийн хэт хамаарлын талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгдөг "Common Sense Media"-ын захирал Каролин Норр хэлсэн байдаг. 

 

 

Дэлхий нийтэд тулгамдаад байгаа энэхүү технологийн хараат байдлаас ангижрахад эцэг эхчүүдийн үүрэг их. Ядаж гэртээ байхдаа тодорхой цагт "утас, зурагт, технологио унтрааж" гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь энэ нь тэдэнд ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ойлгуулах нь чухал. Энэ бол асар их хор хөнөөлтэй зүйл хэмээн Каролин Норр зөвлөсөн байна. 

 

 

Монгол руу хийсэн аяллаа дуусгаад Кларк хүүгийнхээ хамт энэхүү аяллаас сурч мэдсэн, ухаарсан зүйлээ өдөр тутамдаа хэрэгжүүлэхээр хичээж байгаа аж. "Технологи бол үнэ цэнэтэй зүйл. Орчин үеийн амьдралыг хөнгөвчлөх чухал хэрэгсэл. Гэхдээ одоо хэн нь хэнийгээ удирдах ёстойг /хүн үү, технологи уу/ хүү бид хоёр бүрэн ойлгосон" хэмээн Кларк сэтгэгдлээ өгүүлсэн юм. Харин Хобегийн хувьд технологийг хүссэн үедээ бус зөвхөн шаардлагатай тохиолдолд л ашиглахыг хичээж байгаа аж. "Мэдээж бид бүхэн нийгэмдээ зохицох хэрэгтэй. Бидний нийгэмд ихэвчлэн утсаар ярьж, утсаар харилцаа үүсгэдэг. Гэхдээ сүүлийн үед би амьд харилцааг чухалчилж байгаа. Энэ найз нөхдөд минь ч бас нөлөөлнө гэж найдаж байна" хэмээн Хобе ярьжээ. 

 

 
 
 
 
 
 
 
 
 

www.Caak.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: