Б.Баатархүү: Худал мэдээллийг тарааснаас үүдэн учирч болох хор хохирлыг урьдчилан тооцоолох боломжгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 01 ・ 5

Коронавирустэй холбоотой эх сурвалж нь баталгаагүй хуурамч мэдээллүүдийг цахим сүлжээнд байршуулах болон тухайн мэдээллийг цензургүйгээр түгээх явдал их байгаа нь нийгэмд айдас түгшүүрийг бий болгон, иргэдийг төөрөгдөлд оруулаад буй юм. Тухайлбал, Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор ташаа мэдээллүүд нийгмийн сүлжээгээр тарсанаас үүдэж томоохон худалдааны төвүүд болон дэлгүүрүүдээр гурил, будаа гэхчлэн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсээд байгаа билээ. Тиймээс аливаа мэдээлэлд цензуртай хандахыг ЦЕГ-аас анхааруулж байна. Энэ талаар ЦЕГийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Коронавирустэй холбоотой хуурамч мэдээллүүдийг цахим орчинд тарааж, түүнийг цензургүйгээр түгээж буй явдал нилээд их байна. Үүний шалтгаан нь юу байна вэ?

-Коронавирустэй холбоотой албан ёсны мэдээллийг зөвхөн Эрүүл мэндийн яамнаас өгнө. Сүүлийн үед Коронавирусийн талаар таамаг төдий, баталгаагүй эх сурвалжаас авсан болон худал мэдээллийг цахим сүлжээнд байршуулах түүнийг цензургүйгээр тараах явдал их байгаа. Тиймээс гагцхүү Эрүүл мэндийн яамны мэдээлэлд л итгэх хэрэгтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сошиал орчинд олон нийтийн хандалтыг авах зорилготой ташаа мэдээлэл, тухайн үеийн сенсацийг дагасан баталгаагүй мэдээллийг гаргаж өөрсдийнхөө фейж хуудас болон жижиг сайтынхаа хөгжүүлэлтийг хийх тохиолдол байдаг. Иргэд маань мэдээллийг нягтлалгүйгээр, баталгаагүй мэдээллүүдийг ямар нэгэн шүлтүүргүйгээр олон нийтийн сүлжээнд түгээж байна. Зарим тохиолдолд гадаадын сайт дээр нийтлэгдсэн хуурамч мэдээллүүдийг орчуулан, нийгмийн сүлжээнд байршуулах тохиолдол ч байгаа.

Гадаадын сайт гаргасан болохоор л тухайн мэдээлэл нь заавал үнэн гэсэн үг биш. Хуурамч мэдээллийг тараах нь нийгэмд айдас түгшүүр төрүүлэх болоод бусдын эрүүл мэнд, амь насанд аюул занал учруулж болзошгүй.

-Коронавирустэй холбоотой хуурамч мэдээллийг цахим сүлжээнд байршуулах, түүнийг цензургүйгээр түгээж буй нь нийгмийг айдас түгшүүрт автуулж, иргэдийг төөрөгдөлд оруулаад байна. Хуурамч мэдээллийг цахим сүлжээнд байршуулсан болон түүнийг түгээж буй хуулийн этгээдэд ЦЕГ-аас ямар хариуцлагыг хүлээлгэх вэ?

-Хуурамч мэдээллийг зориудаар тарааж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллага шалгаж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Хэрвээ санамсар болгоомжгүй болон эх сурвалжийг нягтлалгүйгээр бусдын мэдээлэлд хууртан, ташаа мэдээллийг тарааж байгаа бол энэ үйлдлээ нэн даруй зогсоохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Иргэд маань коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг Эрүүл мэндийн яамны цахим хаяг руу орж заавал шалгаж байхыг анхааруулъя. Гамшиг ослын үед аюулт ослын талаар зориудаар худал ташаа мэдээлэл тараасан бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулна. Хүний өвчин зовлонгоор далимдуулж ашиг хонжоо олох, зугаа цэнгэл, наргиан хийх зүйл хэрхэвч байж болохгүй.

-Коронавирустэй холбоотой хуурамч мэдээллүүдийг цахим сүлжээнд байршуулах, түүнийг цензургүйгээр түгээснээс үүдэн ямар хор хохирлууд бий болох эрсдэлтэй вэ?

-Хуурамч мэдээллийг санаатайгаар тарааж буй асуудалд цагдаагийн байгууллагаас хяналт тогтооно. Санаатай гэхээсээ илүү иргэд мэдлэг, мэдээлэлгүйгээсээ бусдын таамаг төдий хуурамч мэдээллийг олон нийтэд түгээх тохиолдол их байна. Худал мэдээллийг тарааснаас үүдэн учирч болох хор хохирлыг урьдчилан тооцоолох боломжгүй.

Магадгүй үймээн самуун ч үүсч болзошгүй. Тэгэхээр эрсдэлтэй үед иргэд маань тайван байж, мэргэжлийн байгууллагын албан ёсны зөвлөгөө, зааврыг дагах хэрэгтэй.

Мөн мэргэжлийн байгууллагын албан ёсны мэдээлэлд тулгуурлан дараагийн арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлж байх шаардлагатай. Хамгийн чухал нь баталгаатай мэдээлэлд үндэслэж, аюулын зэргээ тодорхойлох ёстой. Аливаа асуудал гарсан тохиолдолд улсаас тодорхой хэмжээний зохицуулалтуудыг хийх нь тодорхой. Үүнээс наана худал мэдээлэл тараах, түүнийг түгээх асуудлаа бүрмөсөн зогсоох хэрэгтэй.

У.ЧИНЗОРИГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 02 сар 03/

    Амны хаалт энэ тэр ч яахав. Гэр хороололд ил задгай асгасан муу ус, хотын гудамж табайд бие зассан монгол иргэдийн "эрхэм нандин зүйлс"-ийг цэвэрлэж ариугахгүй бол амны маск зүйгээгүйгээс ч аюултай байх шүү. Үүнээс болоод томүүгийн дэгдэлт жил бүр гардаг гэхэд ч нэг их хол зөрөхгүй байх, эрхэм эрүүл

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 02/

    Манайхан итгэх болоогүй шүү. Сая гэнэтхэн монгол хүнд энэ вирус тусахгүй юм шиг ярьчихлаа. Бүх эмийн сангаар амны хаалт үнэгүй тараагаад, цагаан сарыг өнгөртөл хамжааргатай бөйлгаад үзмээр юм. Энэ вирусын тухай нарийн мэдээлэл одоогоор олонд дэлгэгдээгүй байгаа шүү. Хэсэг хугацаанд хатуу бодлого бар

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 01/

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 01/

    Монголчууд итгэмтгий, бас цуурах дуртай, аливаа зүйлийг нягталгүй хов зөөдөг-ийм л хүмүүс

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 01/

    Хариулах