“Херо энтертайнмент" студийн найруулагч Б.Баатар: Би бичлэг хийдэг. Гэхдээ хэзээ ч албан бусаар хийдэггүй

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 19 ・ 3

- Дэлхий дахинд шинэ төрлийн вирус дэгдэж Монгол Улс хилийн чанадаас нутаг нэгтнүүдээ хүлээж авсаар байна. Анхны нислэг болох Сөүл-Улаанбаатарын нислэгээр “Херо энтертайнмент”-ын зураглаачийг зөвшөөрөлгүйгээр явж ирсэн, Монголд ирээд тусгаарлаагүй гэх шуугиан дэгдлээ. Үнэн үү?

- “Херо энтертайнмент” бол Монголын түүхийг бичиж үлдээх агуулгатай контентууд хийдэг. Түүний нэг бол “Зуун эрхэм", “Зуун чухал сэдэв”.

Тухайн үед тэр хүн юу ярьж, юуны тухай өгүүлж байсан, юуны төлөө зорьж байсныг техник технологи хөгжсөн энэ үед өөрийнх нь дүрс, дуутай нь авч хадгалах нь бидний үүрэг, түүхийг баримтжуулах шинэ арга зүй.

Төрийн зүгээс сүүлийн 30 жил түүхээ баримтжуулж архивлах бодлого баримталж чадсангүй. Тэр бол үнэхээр харамсалтай.

Хамгийн сүүлд 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр эмгэнэлтэй үйл явдал болсон. Одоо харахад энэ тухай дүрс маш ховор. Багахан хэмжээний муу бичлэг байдаг.

Монголын түүхтэй холбоотой маш том үйл явдал болж байхад манайхан дүрсжүүлж бичиж авч үлдээх нь бага. Зөвхөн сенсацлаад байдаг.

Ихэнхдээ манай хэвлэлийнхэн. Дараа нь баримтат кино хийе гэхээр хүмүүсийн яриа голдуу байдаг. Эсвэл ганц хоёр фото л үлдчихсэн байх жишээтэй.

Тэр утгаараа бид энэ аюултай тахлыг монголчууд яаж эмх цэгцтэй давж байгаа тухай, бид алсарч мартсаар байгаа үндэстний аюулыг сөрж зохион байгуулагдах нэгдмэл мэдрэмж сэргэж, ард түмэн нэг нэгэндээ ямар их хүнлэгээр ч хандаж байгаа тухай кино хийхийг зорьсон юм.

Үүнд ямар нэгэн улс төрийн зорилго, улс төрийн захиалга байхгүй. Нэрт нийтлэлч Баабараас эхлээд зарим нэгэн хүмүүс шүүмжилж харагдана лээ.

Манай салбараас ч тэр, Ерөнхий сайдын пиарыг хийлээ гэж.

Ер нь АН-ынхан голдуу энэ тухай хэлээд байгаа юм. Ямарваа нэгэн уран бүтээл өөрөө улстөржихгүйгээр явах тохиолдол байна. Юм болгоныг улстөржүүлдэг, харлуулдаг байдлаа болимоор байгаа юм.

Аюулт өвчний үед ч гэсэн улс төрийнхөн уваагүй үйлдэл гаргасаар байгаа нь муухай харагдаж байна.

Хэмжээ цээрээ давсан үйлдэл бол уваагүй үйлдэл. Улс төрийн хонжоо хайх нь ямартаа ч энэ тахлын үед биш гэдгийг эрхбиш хүн л юм бол, Монголоо алдаагүй хүн юм бол ойлгоцгоомоор байна.

Манай зураглаачийн хувьд яг л бүх ном журмын дагуу яваад ирсэн. Зураглаач маань Сөүл дэх бүх процесс зураг авалтыг хийж, тэнд байгаа хүмүүсийн яриа бичлэгүүдийг аваад буцаж ирээд яг л хууль журмын дагуу карантилагдсан.

Одоо Жаргалант сувилалд байгаа. Ямар зорилготой ийм мэдээлэл гарсан нь ойлгомжгүй. АН-ын талдаа хүмүүсээс л харлуулах үйл явдал ар араасаа гараад байна.

Иргэн Баатар миний хувьд би муу юм хийдэг байж болно, муу муухай юм хийсэн байж болно. Гэхдээ би эх орондоо хайртай хүн.

Тэр утгаараа би гэр бүлдээ хайртай, хамт олондоо хайртай. Тиймээс бид тусгаарлагдахгүй байсан ч тусгаарлагдах ёстой гэж бодож байсан.

Оператор ч гэсэн насанд хүрсэн хүн. Мэдээж тэр аюулт өвчний голомтоос ирчихээд хяналтгүй явах боломжгүй. Эрсдэлээ бодно биз дээ. Юу гэж шууд гэртээ очих юм бэ.

Ухамсартай хүн бүр ингэж бодно. Гадуур яриад байгаа мэдээлэл үнэхээр ор үндэслэлгүй. Намайг зураглаачаа аваад зугтсан гээд л.

Би тэр үед зураг авалттай байсан. Өдөр шөнөгүй л ажиллаж байна. Ер нь тухайн үйл явдал болж байгаа процессыг дандаа харлуулах гэсэн үйлдэл манай Монголд их болсон юм уу даа.

Тэр дундаа сошиалаар ямар нэгэн мэдээлэл гарахад хэт харлуулж сэвдэг хүмүүс ямар их болоо вэ.

Зарим нэгэн хэсэг бүлэг хүмүүс, тэр дундаа Монголын нэртэй том нийтлэлч хүмүүсийн үйлдэл хандлагыг харахад Монгол муу муухай харагдах, монголчуудын нэр хүнд унахаар баярлаж байдаг болжээ.

Ямар зорилгоор ингэдгийг мэдэхгүй юм.

-“Херо энтертайнмент” ийм онцгой нөхцөл байдалд яаж уран бүтээлчээ явуулж чадав аа. Засгийн газрын хэвлэлийн алба, МҮОНТ-ийн уран бүтээлчид явах байсан юм биш үү гэсэн асуулт бас гарч ирээд байна. Зураглаачаа явуулах зөвшөөрлийг яаж та авав?

-Бид 4К чанартай тоон форматын хоёр том камераар зургаа авч байгаа. Шууд фото зураг болгож ашигласан ч болох маш том формат.

Мэдээж үүнийг Монгол кино үйлдвэр ч юм уу, Үндэсний телевиз бичиж болох л байсан байх. Гэхдээ бид эхэлж санал тавьсан. “Зуун эрхэм”-ийг ч гэсэн Монгол кино үйлдвэр хийж болох л байсан.

Үндэсний төв архивынхан санаачилж болох байсан. Тэгэхээр энэ бол байгууллагын өөрсдийн асуудал. Бас үүргийн, ухамсрын асуудал.

Үүргээ яаж ухамсарлаж байгаагийн асуудал. Ховорхон агшин миний нүдэн дээр эргэлдээд байхад би түүнийг зүгээр өнгөрөөнө гэдэг бол би мэргэжлийн хувьд эс үйлдэл хийж байгаа хэрэг.

Би түүхэнд эс үйлдэл хийсэн найруулагч баймааргүй байна. Харин үйлдэл хийсэн найруулагч баймаар байна. Би үнэн мөнийг бодитойгоор үлдээсэн найруулагч байхыг хүсэж байна.

Төрийн байгууллагууд нь тэр дүрсийг бичихгүй яасан юм бэ гээд байгаа. Төр нь хийхгүй яасан юм гэвэл би “Зуун эрхэм” хийхгүй байх байсан. Үнэхээр тэд завгүй байна.

Тэглээ гээд бид хараад зүгээр байж болохгүй. Бид дэмжих ёстой. Тэр утгаараа манай “Херо энтертайнмент” эмнэлгийн хамгаалалтын 200 хувцас хандивласан.

Энэ мэтчилэн бид сошиалаар бүгдийг харааж харлуулахын оронд үйлдэл хийгээч ээ гэсэн санаа юм.

Би найруулагч гэдэг ажлыг хийж байгаагийн хувьд, телевизийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд энэ түүхийг бичих, монголчуудын түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх, монгол хүний мөн чанарыг таниулах нь миний үүрэг. Тэгэхээр би үүргээ л биелүүлсэн асуудал.

Тэр утгаараа Улсын онцгой комисст хүсэлт тавьсан. /Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хамтран ажиллахыг хүссэн албан бичиг, хариу зөвшөөрөл олгосон албан бичгийг үзүүлэв/.

Хүсэлтийг маань ухаалгаар хүлээж авсан Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд маш их баярлалаа. Мөн МИАТ компанид баярлалаа. МИАТ-ийг янз бүрээр хэлж хувьчлах гэсэн маш олон бизнесмэнүүд байсан.

“Ажилгүй, арчаагүй, дандаа алдагдал хүлээж байна. МИАТ-ийг хувьчлаач" гэж олон хүн бодлоготойгоор хийж байсан хорон үйлдлүүдэд том хариу боллоо.

Үнэхээр МИАТ компани төрийн өмч байгаагүй бол монголчууд бид ийм шуурхай үйлдэл хийж чадахгүй байлаа.

Магадгүй энэ үйл явдлаас үндэслэж МИАТ компанийг хэзээ ч хувьчилж болохгүй юм гэсэн том сургамж боллоо гэж бодож байна. Энэ завшааныг ашиглаад коронавирустэй тэмцэж байгаа бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.

Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, ОБЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, мэргэжлийн хяналт гэх мэт маш олон байгууллага бий. Тэр дундаа МИАТ компанид маш их баярлалаа.

Намайг харлуулах гээд мөрөөрөө ажиллаж явсан МИАТ-ийн захирлыг ч муухай харагдууллаа. МИАТ-ийн захирал намайг “Тэр хүнийг гарга" гэхээр гаргадаг хууль дүрэм гэж юу байх вэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь тусгаарлагдаж байхад бүх хүн л тэр хуулийг дагана. Хэзээ ч тийм үйлдэл байхгүй, байх ч үгүй. Тиймээс “Өдрийн сонин”-ы зүгээс бидэнтэй холбогдож үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэж байгаад маш их баярлалаа.

- Энэ бичлэгүүд ямар хэлбэрээр олон нийтэд хүрэх вэ?

- Нэгдүгээрт би нэг зүйл амлая. Энэ бол сонгуулийн ажил биш.

Монголчууд хэцүү үед ямар хүнлэг байж чаддаг, ямар сайн эрсдлийн менежменттэй, эрсдлийг даван туулах чадвартай ард түмэн бэ гэдгийг харуулсан баримтат кино болно.

Хэдий хугацаанд энэ өвчин үргэлжлэх вэ, тэр бүгдийг баримтжуулна. Ер нь бол бүх зүйл болж өнгөрсний дараа баатар болох гэсэн, өөр дээрээ наах гэсэн оролдлого их байдаг.

Ялалт болгон олон эцэгтэй гэдэг шиг. Яг энэ кино бол үнэхээр бодит түүхийг ямар нэгэн хачиргүй гаргана.

- Зураг авалт хаана, хаана хийгдэж байгаа вэ?

- Хилийн чанадад Сөүлд л зураг авсан. Бусад зургийг уран сайхны маягтай дотроо авч байгаа. Зарим нэг зургийг тавилттай авна.

Одоо бол үйл явдал болж байгаа учраас баримтжуулаад явж байна. Би юу амлаж чадах вэ гэхээр дэлхийн ямар ч улсад гаргахад нүүр бардам байх хэмжээний техник технологийн өндөр шаардлагад нийцэхүйц хийж гүйцэтгэж өгнө.

Коронавирустэй тэмцсэн үйл явдлын холбоотой бүх бичлэг ганц “Херо энтертайнмент"-ийн өмч гэхгүй. Энэ бол бүх нийтийн өмч. Үүгээр кино хийх зохиолч, найруулагчдад нээлттэй.

“Зуун эрхэм”-ийг би бүх телевизэд үнэгүй өгдөг. Би үүгээр бизнес хийдэггүй. Монгол гэсэн бахархал, монгол хүн өөрөө өөрөөрөө бахархахыг бадраая гэсэн юм.

Неолиберал үзэлтэй хэсэг нөхөд Монголын бүхий л зүйлийг муухай болгодог, үндэсний бүхий л соёлыг үгүйсгэсээр 30 жил боллоо.

Одоо ард түмнийхээ үнэт зүйл сайхан бүхнийг харж урагшаа амьдрах ёстой.

Тэр утгаараа бид нэгдмэл нэг байгаа, монголчууд ямар ч зүйлийг давж гарах чадвартай, монгол хүний оюуны потенциал дэлхийн ямар ч хүнээс дор орохгүй, илүү дээр юм гэдгийг харуулах нь энэ контентын гол зорилго.

Тэгэхээр “Херо энтертайнмент”-ийн 6К бичлэгүүд бүх нийтийн өмч. Үүнийг бүх зүйл болоод дууссаны дараа телевизүүд бүрэн эхээр нь ашиглаж болно.

Би зураг авалтын үеэр эмч, цагдаа, мэргэжлийн хяналтын бүх хүмүүстэй уулзаж явлаа. Монгол залуус мундаг болжээ.

Би тэдэнтэй уулзаад үнэхээр бахархсан. Тэр бахархсан сэтгэл зүрх энэ кинонд тусах байх. Удахгүй та бүхэн үзэх байх. Миний хувьд хэзээ ч Монгол Улсын хууль дүрмийг зөрчиж байгаагүй, зөрчихгүй.

Би өөрөө багшийн хүүхэд. Надад хууль дүрэм дээгүүр алхаад гарах ёс зүй байхгүй. Яах вэ намайг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай ойрхон гэдэг утгаараа улстөржүүлэх юм байдаг. Үүнийг ойлгож байгаа.

Гэхдээ бүх мэдээлэлд логиктой, эргэлзээтэй нягталж хандаж сураач гэж олон нийтийг уриалмаар байна. Тэр нь үнэхээр бодитойг нотолсны дараа шүүмжилж байгаач.

Олон хүмүүс энэ аюулт өвчний үеэр цаг наргүй ажиллаж байна.

Хатуухан хэлэхэд бүх л хүчээ шавхан ажиллаж байгаа албан хаагчдын тэр их тэмцлийн дунд хамгийн их саад болж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байна. Байн байн асуугаад л, тэдэн хүн үхсэн юм уу, үхээгүй юм уу гээд л.

- Энэ чинь л хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн үүрэг шүү дээ. Олон нийтийг цаг үеийн мэдээллээр хангах үүргээ гүйцэтгэж байна. Хэвлэл мэдээллийнхэн бид үнэн бодит, шуурхай байх ёстой?

- Чиний мэдээллээс ямар үр дагавар гарах вэ, хор уршиг гарах уу гэдгийг бодох ёстой. Сенсаци хөөх ёсгүй.

Өнөөдөр “Баатар хүнээ авч зугтлаа” гэсэн янз бүрийн мэдээллийг миний хамгийн ойрын, бараг л надтай ажиллаж байсан, телевизийн ойрын уран бүтээлчид хамгийн их харлуулах гэж оролдож байгааг харахад сонин сэтгэгдэл төрөх юм.

Ер нь бид шүүмжлэлийг ч зөв тавьж чаддаггүй болчихож. Зүгээр л харлуулж гүтгэдэг. Тэр гүтгэлэгт нийт масс тэр чигээрээ итгэдэг. Энэ бол удаа дараа болж байна.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын бичлэгийг цацсан гэж намайг янз бүрээр хэлээд доромжилж байсан. Үнэндээ тийм биш шүү гэхээр тэр нь ерөөсөө олон нийтэд хүрдэггүй, гардаггүй. Хар мэдээ нь л явдаг.

- Одоо бол сонгууль ойртсон цаг хугацаа. МАН Засаг барьж байна.Засгийн газрын тэргүүн халдварт өвчний энэ онцгой нөхцөл байдалд үр нөлөөтэй ажиллаж байна. Хэвлэлээр гарсан зарим мэдээлэлд “Херо энтертайнмент”-ийг Ерөнхий сайдын тухай “Уханийн баатар” хэмээх нэвтрүүлэг хийхээр бэлдэж байгаа гэсэн байсан?

- Тийм зүйл ерөөсөө байхгүй. Би хэллээ. Энэ бичлэгийг яаж ашиглах нь миний асуудал биш.

Би үүнийг баримтжуулах нь зөв гэж бодож байна. Үүнийг аваад өгье, юу ч хийж болно.

Тэр нь монголчуудын нийтлэг эрх ашгийн эсрэг байж болохгүй гэдэг үүднээс энэ ажлыг хийж байгаа юм. Гэхдээ хариуцлагатайгаар хэлэхэд “Херо энтертайнмент”-д тийм зүйл хийхгүй.

Танаар дамжуулаад энэ ярилцлага олон мянган уншигчдад хүрч байгаа. Би монголчууд хэцүү цагт ямар мундаг эрсдэлийг давж чадах чадвартай ард түмэн бэ гэдгийг харуулсан баримтат кино хийнэ.

Мэдээж үүнийг цаг хугацаа харуулна. Намайг У.Хүрэлсүхийн яриатай ч холбоод л, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын бичлэгийг цацсан гэж янз бүрээр л харлуулж байсан.

Би хэзээ ч тийм зүйл хийж байгаагүй. Хийх ч үгүй. Би бичлэг хийдэг. Хэзээ ч албан бусаар хийдэггүй. Үүнийг та бүхэн ойлгоорой.

- Таныг ямар чадвартай уран бүтээлч вэ гэдгийг монголчууд мэднэ. Бас Ерөнхийлөгч Х.Баттулгыг гаргаж ирсэн гол хүмүүсийн нэг гэдгийг ч олон нийт мэднэ. Яг тэр л зарчмаар дараагийн өөр хүнийг гаргаж ирэх арга, ажиллагаа юу гэж энэ үйл явдлыг хардаад байх шиг байна?

- Х.Баттулга гэж хүнийг Ерөнхийлөгч болоход миний үүрэг байхгүй. Монголчуудын маань шийдэл бас сонголт.

Би зүгээр л энэ хүн монголчуудын төлөө зүрх сэтгэлээ зориулж чаддаг хүн гэдгийг харуулахыг зорьсон юм. Өөр зорилго байхгүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэж хүн одоогийн хамгийн хүнд хэцүү үед хамгийн зөв менежмент хийж чадах хүн болов уу гэж бодож тухайн үед ёс зүйн нэвтрүүлэгт урьж оролцуулсан.

Түүнээс биш тэр хоёр хүний агентлагт ажилладаггүй. Ойрхон гэдэг нь нэвтрүүлэг, үнэт зүйл, ертөнцийг үзэх үзлийн хувьд бид ижил төстэй. Энэ утгаараа би тэр хоёр хүнийг хүндэтгэдэг.

Байнга уулзаад хамт байдаг хүн гэж ойлгож болохгүй. Хариуцлагатай хэлье. Монгол Улсын Ерөнхийлөгч надад ямар ч үүрэг өгөөгүй. Даалгавар өгөөгүй.

Ерөнхий сайд ч гэсэн тэр. Би бол энэ кино хийгээд дуусахад монголчууд эрсдэлийн менежмент ямар сайтай ард түмэн бэ гэдгийг л харуулна.

Магадгүй энэ дотор зөв шийдэл гаргасан хүн байвал гаргахгүй гээд яах вэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэр нь зөв байсан бол гаргахгүй бол худал болно биз дээ.

Ийм хэцүү цаг үед том том улс гүрнүүд ямар хүнд асуудалд орж байгааг харсаар байж яагаад улстөржүүлж бужигнуулаад байгааг ойлгохгүй юм.

Бүх зүйлийг харлуулах гэсэн, сайхан бүхнийг үгүйсгээд байвал энэ улс орон чинь бүр л хэврэг болно.

Улс орны тусгаар тогтнол хил хязгаар, батлан хамгаалах гэдгээс илүү бидний оюун санаан дээр тогтож байдаг учраас оюун санаагаа цэвэр тунгалаг байлгах нь л хэрэгтэй юм.

Монголчууд бид хөгжиж дэвшихэд юу саад болж байгааг та бид сүүлийн хэдхэн хоногт яаж Монголоо алдсан авир үйлдэл гаргаж байгаагаараа харууллаа.

Энэ тухай ч бас энэ кино маань ирээдүйн монголчуудад өгүүлэх болно.

Б.ЭНХЗАЯА

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 03 сар 23/

    Не то

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 19/

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 19/

    Ямар ч үед ямар ч үйл ажиллагаа шударга, бодит өрсөлдөөнд тулгуурласан, хүссэн бүхэнд боломж олгож, шударга шийддэг тогтолцоотой, эрүүл саруул нийгмийн бид хүсэж байна. хэн нэгэнд үйлчилдэг биш, хэн нэгэн хэн нэгний хоолыг булаадаг биш, сурсан сурснаараа, хөдөлмөрлөснөөрөө, хөлсөө шавхснаараа шударг

    Хариулах