МУГЖ, Төрийн соёрхолт, Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн тухай ТАВАН АСУУЛТ?

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 11 ・ 4

Монголын рок попын загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн хэвлэлд өгсөн ярилцлагуудаас түүвэрлэн, онцлох таван асуултыг хүргэж байна.

-“Харанга”-ын Х.Лхагвасүрэнг гудамжинд яваа хүн бүрээс энэ асуултыг асуувал бүгд толгой дохино. Магадгүй тэд таныг зөвхөн “Харанга” хамтлагийн дуучин гэхээсээ илүү "Этгээд хүн", "Сайн дуучин", "Их муу хүн" гэж ч магадгүй. Та ер нь ямар хүн бэ?

-Би хэн нэгэнд таалагдаж амьдрах шаардлагагүй, Миний амьдрал надад аз жаргал өгдөг. Тэгээд л болоо. Үнэхээр эцэг, эхчүүд хүүхдээ миний амьдралаар амьдруулж, алхуулахыг хүсдэггүй, хэрвээ хүсдэг бол тэд Лхагваагийн зам хүнд гэдгийг мэддэг болоод л тэр байх. Бүхий л сэтгэл зүрхээ дуулж байгаа дуундаа өгч, үнэнч шударгаар хүмүүсийг баярлуулна гэдэг хүн бүрийн хийж чадах ажил биш. Олон хүн ингэж амьдарч, дуулж чадахгүй. Гэхдээ миний араас олон залуу гарч ирж байгааг би өдөр бүр харж, тэдэнтэй уулзаж ярьдаг. Азаар тэд эцэг, эхийнхээ хүссэнээр биш харин өөрийнхөөрөө сонголт хийсэн шилмэл залуус.

-Рок хөгжмийг сонгож байгаа хүмүүсийн амьдрал хүнд хэцүү дурсамжаар дүүрэн байх нь бий?
-Рок хөгжим сонсч, шүтэж байгаа хүүхдүүд бүгд л үеийнхнээсээ илүү ихийг үзсэн байдаг. Амьдралын хатуу хөтүү, зовлон бэрхшээлийг тэд хар багаасаа нуруун дээрээ үүрч, тэндээсээ бодит үнэний эрэлд гарах гарцыг хайж эхэлдэг. Нөгөө талаас зовлон хүнийг хурцалдаг гэдэг үнэн. Хэрэв торгонд ороогоод, бөөцийлөөд байвал яаж тийм дуу зохиож, дуулах юм. Дээр нь тэдэнд урлагийн онгод байгаа. Би ч гэсэн багаасаа аавын ажил хийж, дүү нараа хамгаалж, гэртээ гэрййн эзний үүрэг гүйцэтгэж байсан.

-Таны бага нас ч тэр хүнд хэцүү байдалд өнгөрсөн гэж үү?
-Би бусад хүүхдийн адил түлээ хөрөөдөж, ус зөөж өссөн. Гол нь тэр хоорондоо би их зүйлийг амжуулсан. Ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг өрхийн тэргүүн хүүхэд байсан болохоор тэгэхээс өөр арга байгаагүй. Томчуудтай зэрэгцэж, энд тэндхийн шинэ жил дээр дуулдаг байлаа. Мөн тэр үеийнхээ хүүхдүүдээс илүү их ном уншсан гэдэгтээ итгэлтэй байдаг. Тэгж байж л "Харанга"-ынханд тоогдож, энэ хамтлагт орсон. Хүн хэрэв өөрөө үгийг нь бичиж, аяыг зохиож, өөрөө дуулдаг бол тэр ертөнцийг өөрөөр харагч. Яг үнэндээ 16-тай Лхагваад “Битлз" тийм ч их таалагддаггүй байсан.

-Та ухаажсан хүн мөн үү?

-Би ухаажсан хүн. Ухаажихын тулд өдөр бүр хайгуул хийдэг. Нэгэнт төрсөн цагаасаа л хайгуулд гардаг юм чинь 60 хүрч ухаажчихаад 61 насандаа үхэж болохгүй. Ингэж утгагүй амьдрах хэрэггүй. Нэг жилийн дотор юу хийх юм. Тийм болохоор би хүмүүст өөрийгөө ганцхан ээжтэй гэх биш харин энэ хорвоогийн бүх ээжийг миний ээж гэж хүндлэх хэрэгтэй гэж хэлмээр санагддаг.

-Таны гэр бүлийн амьдралыг их сонирхдог?

-Хэддэх бүсгүйтэйгээ амьдарч байна. Хэдэн хүүхэнтэй явж байна гэдэг хоёр өөр ойлголт. Би уг нь өөрийгөө их журамтай гэж боддог. Гэхдээ хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг. Ямар ч үед амьдралыг эрчүүд чирж явдаг. Ертөнц дээр байсан цөөхөн хэдэн удирдагч эмэгтэйг эс тооцвол энэ ертөнцийн сайн, муу бүхнийг эрчүүд л хийж байгаа. Ийм учраас надад минийхээр л амьдарч чадах тийм эмэгтэй л хэрэгтэй. Мөн намайг урт удаан дуулуулах нэг л бүсгүй байхад болно. Орчлон дээр хайр, дуу хоёр шиг сайхан юм байхгүй гэдэгт би итгэдэг.

http://www.npost.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Ганбаа / 2020 06 сар 12/

    Төгс эр хүн

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 11/

    төлөвшөөгүй, ёс зүйгүй хүн

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 11/

    хар тамхичин алуурчин,Эрдэнэтэд мансуурсан үедээ машин,барьж яваад хүн дайрч алсан нүгэл чинь нүдээрээ гарах өдөр мөд ирнээ

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 11/

    Маш ухаалаг хүн гэж би боддог

    Хариулах