Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 11 сар 03

Нийгмийн байдал ороо бусгаа байсан хэмээн 1990- 2000-аад оны үеийг голчлон хэлж ирсэн мэт. Тэгвэл өнөөдөр бидний амьдарч, ажиллан, оршиж буй нийгэм шинэ маягаар ороолж, бусгаж байх шиг.
Олон үзүүлэлтээр нотолж болох ч хамгийн гол ажилгүйдэл, үүнээс хамааран орлогогүй болох, түүнээс үүдэлтэй ядуурал ард иргэдийг зүдрээж байгааг харж байна.
Мөн элдэв янзын таагүй харилцаанаас шалтгаалан гэр бүл салах нь жил ирэх тусам нэмэгдсээр. Таарч, тохирохгүй гээд, амьдралаа сайжруулахаар хоёр тийш болоход хождог нь байж болох юм. Гэхдээ хохирдог, амьдрал улам хүндрэх нь олонх аж. Энэ удаа гэр бүл салахад эхнэр, нөхрийн дунд үүсдэг зээлийн, ялангуяа ипотекийн зээлийн төлбөрийг цаашид үргэлжлүүлэх явцад ямар асуудал сөрөг үр дагавар болдог талаар олж мэдсэнээ хуваалцахыг зорилоо.
Статистикийн мэдээллийг харвал, 2014 онд улсын хэмжээнд 17 332 гэр бүл нэмэгдсэн бол 3750 нь гэрлэлтээ цуцлуулсан байх юм. Тэгвэл үүнээс таван жилийн дараах байдлаар гэрлэлт 20 043 болж ахисан бол цуцлуулсан нь 4262 болж мөн л “дэвшжээ”. Улсын хэмжээнд тоонот гэрт хошуу холбож, нэгэн насны заяагаа холбохоор гэрлэлтээ батлуулсан нь олон болсны хэрээр цуцлуулсан нь өмнөх таван жилийнхтэй харьцуулахад 512-оор нэмэгдэж. Нэг жилд 2131 хос ханилан амьдрахаас татгалзаж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь эхнэр, нөхөр хоёрт төдийгүй хүүхдэд ч сэтгэл санааны болон хөрөнгийн үлэмж хохиролтой. Байдал өмнөх нийгмээс ялгаатай тул амар тайван, эрүүл, урт удаан амьдрах үндсэн нөхцөлүүдийн нэг болсон гэрлэлтэд ухаалаг хандаж, учирч болох эрсдэл, хохирлоос сэргийлэх шаардлага энэ нийгэмд хүссэн, хүсээгүй тулгамдах болжээ. Эрсдэл, хохирлыг тойрох, туулахгүй байх арга замуудын нэг нь хайр сэтгэлээр гэрлэх, ханиа зөв сонгох гэх зэрэг уламжлалт ухаан, зарчим, соёл мөн буй за. Энэ талаар зааварчлахыг хойш тавьж, гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ямар хүндрэлтэй асуудал тулгарч байгаа талаар мэдээлье.
Хамгийн их анхаарал татсан нь эцэг, эх нь салж, хөрөнгө хуваах үед 18 нас хүрсэн хүүхэд ипотекийн зээл төлөгч нэгэн этгээд байх үүрэг хүлээх хариуцлага. Сурагчийн ширээнээс дөнгөж өндийн, оюутан болсон хүүхэд ямар мөнгөөр зээл төлөх билээ. Ойлгомжтой. Харин түүний оронд эцэг нь голдуу давхар үүрэг хүлээн, амьдралынхаа нэгээхэн хэсэг хугацаанд хоёр хүний өмнөөс зээлийн мөнгө төлөх болдог нь нэг бус тохиодол.
“Нээлттэй нийгэм” форумын шугамаар түрүү жил хийсэн “Шүүхийн журмаар гэрлэлт цуцлахад ипотекийн зээлийн барьцаанд буй үл хөдлөх хөрөнгийг хувааж буй практик” хэмээх судалгааны тайланд ийм жишээ татаж, тайлбарлан, дүгнэлт гаргасан байсан юм. Судлаачдын хэлснээр ийм жишээ олон биш аж. Гэхдээ аль нэг шүүхийн шүүгч Иргэний хуулийн зохих заалтуудыг баримталж ийм шийдвэр гаргаж болж байна, түүнийг нь хянахдаа хэвээр үлдээнэ гэдэг нь цаашид энэ мэт жишиг газар авахгүй гэсэн баталгаа алга. Яагаад 18 дөнгөж хүрсэн хүүхэд зээл төлөгч болж байна вэ. Банкны зүгээс тухайн гэр бүлийнхэнтэй зээлийн гэрээ хийхдээ гишүүн тус бүрийг асуудалд хамруулан авч үздэг бөгөөд тухайн гэр бүл зээл авах үед хүүхэд нь насанд хүрээгүй байдаг ч, цаг нь ирэхээр “автоматаар” мөнгө төлөлцөх үүрэг хүлээгч болдог байна. Хэрвээ гэр бүл салахгүй бол зээлийг аав, ээж нь хамтарч төлөөд явах тул мэдээж хүүхдэдээ юу ч нялзаахгүй. Гэтэл эхнэр, нөхөр хоёр гэрлэлтээ цуцлуулахад манай улсын шүүхийн практикт давамгай байдаг “зарчмаар” эцэг нь мөнгө төлөх давхар үүрэг хүлээдэг.
Яагаад гэвэл маргаанд хэн буруутайгаас бараг үл хамааран хүүхдүүдийг ээжтэй нь, мөн орон сууцыг ч ээжид үлдээдэг учраас гэрээс явсан аав, эхнэр байсан эмэгтэйгээс шүүхийн шийдвэрээр ногдуулсан хувиар мөнгө авдаг. Шүүхээс байрын үнийн дүнг гэр бүлийн гишүүдэд эн тэнцүү хувааж олгох шийдвэр гаргадаг учраас хүүхдүүдтэйгээ үлдсэн эмэгтэй, нөхөр байсан хүнд дээр дурдсан мөнгийг өгөөд орон гэртээ амьдардаг. Эндээс харахад манай нөхцөлд гэр бүл цуцлуулахад эрэгтэй нь илүү хохирдог мэт.
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.