ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдрийн 11:00 цагаас хойш хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.

Тэрбээр "Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 4,176 хүнд шинжилгээ хийхэд 13 тохиолдолд халдвар илэрлээ. Улаанбаатарт 3 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм. Сэлэнгэд 4 тохиолдол нэмэгдсэн нь мөн хавьтлын хүрээнээс илэрсэн. Дархан-Уул аймагт 2, Орхон аймагт 4 тохиолдол шинээр нэмэгдлээ.

24 цагийн хугацаанд Говьсүмбэр, Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.

Нийт батлагдсан тохиолдол 712 болсон бөгөөд үүнээс 360 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл, нэг хүний биеийн байдал нэн хүнд, хүнд 3, хүндэвтэр 55, хөнгөн 301 хүн байгаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийслэл хотод гарсан өвчлөлүүдийг дүүрэг тус бүрээр нь танилцууллаа.

Өнөөдөр 11:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод нийт халдварын 63 тохиолдол батлагдаад байгаа бөгөөд үүний 52 нь ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтынх бол 11 нь төмөр зам дагасан халдварын голомтод хамаарагдаж байна.

Халдвар авсан иргэдийн оршин суудаг хаяг, иргэний үнэмлэх дээрх хаяг нь зөрөх тохиолдлууд байгаа учраас дүүргүүдэд бүртгэгдсэн халдварын тоо хөдлөх, өөрчлөгдөх тохиолдол гарч байгааг А.Амбасэлмаа дарга хэлж байв.

Халдвар гарсан дүүрэг, хороодыг танилцуулбал,

  • БЗД-ийн 4, 10 дугаар хороо /17 тохиолдол/
  • СБД-ийн 12, 13, 16, 18  дугаар хороо /11 тохиолдол/
  • БГД-ийн 1, 3, 4, 6, 7, 9, 10, 18 дугаар хороо /16 тохиолдол/
  • СХД-ийн 7, 16, 19 дүгээр хороо /10 тохиолдол/
  • ХУД-ийн 10, 16, 21 дүгээр хороо /7 тохиолдол/
  • Багануур дүүргийн 4 дүгээр хороо /1 тохиолдол/
  • ЧД-ийн 19 дүгээр хороонд /1 тохиолдол/ амьдардаг, ажилладаг иргэд коронавирусийн халдварт өртсөн байна” хэмээн хэллээ.