Ирэх онд “Nord Art-International Art Exhibition” үзэсгэлэн зохиогдоно

Урлаг ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2014 12 сар 17

  ХБНГУ-ын Шлезвиг-Гольштейн мужид зохион байгуулагддаг “NordArt-International Art Exhibition” үзэсгэлэн ирэх 2015 оны зургадугаар сарын 06-нaac аравдугаар сарын 05-ны хооронд болно. Тус үзэсгэлэнгийн хүрээнд Монголын уран бүтээлчдэд зориулан тусгай павильон гаргахаар төлөвлөжээ.

“NordArt-International Art Exhibition” үзэсгэлэнд оролцож бүтээлээ дэлгэх зураач уран бүтээлчдийг сонгон шалгаруулах шалгаруулалт ХБНГУ-д болох юм. Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох уран бүтээлч нь уран зураг, баримал, инстоляц, видео болон фото арт төрлөөр нэн орчин үеийн урлагийн бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд туурвиж ирсэн туршлагатай байх шаардлагатай гэнэ.

 Уран бүтээлчийн санал болгож буй бүтээл нь утга агуулга, зохиомж, ашигласан материал, гүйцэтгэлийн хувьд өөрийн гэсэн хэллэг, онцлох төрхтэй, давтагдашгүй шинэлэг байхаас гадна үзэл санааны хувьд монгол хүн, Монгол орон, дэлхий нийтэд тавигдаж буй чухал асуудлуудыг хөндсөн байх нь давуу тал болох юм.

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй уран бүтээлчид nord.artmongolianart@gmail.com  цахим шуудангийн хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой аж.  “NordArt” нь 16 жилийн түүхтэй, Европын томоохон дүрслэх урлагийн үзэсгэлэнд тооцогддог бөгөөд 2014 онд 101 орны 3000 орчим уран бүтээлч oролцох хүсэлт гаргаснаас нийт 55 орны 250 уран бүтээлчдийн бүтээлүүдийг зургадугаар сарын 14-ний өдрөөс аравдугаар сарын 12-ны хооронд үзэсгэлэнгийн талбай болон цэцэрлэгт хүрээлэнд дэлгэж 70 мянга орчим үзэгчдэд толилуулжээ.

 

Mөн „NordArt“ үзэсгэлэнгийн үеэр Европын орнууд ялангуяа Испани, Дани, Голланд, Герман, Скандинавын орнуудaac кураторууд болон галеристууд нь шинэ залуу, авъяаслаг уран бүтээлчдийг нээн илрүүлэх, цаашид тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор хүрэлцэн ирдэг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.nordart-mongolianart.de/ цахим хаягаар аваарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх