-Зууны шүүх хуралд оролцсон тэмдэглэл-

Өчигдөр одоогоос 100 жилийн өмнө болсон нэгэн хэргийн шүүх хуралд оролцлоо. Иргэн Родион Романович Раскольниковын аллагын хэргийг шүүх нээлттэй шүүх хуралд гэрчээр оролцохоор Оросын шинжлэх ухаан, соёлын төвийг (РЦНК) зорилоо. Дотогш орвол мөн л надтай адил гэрчээр оролцохоор ирсэн олны хөлд танхим дарагдсан байлаа. Шүүх хуралд оролцох нөхдүүдэд Петербургийн мэдээ сонинг тарааж, үзэсгэлэнт охид Гэм зэм нэртэй тавгийн чихэрээр, Монгол луувангийн шүүсээр дайлав.

 

 

Тэд шүүх хуралд оролцох цагтаа ирцгээсэн тул удалгүй эхэллээ. Хурлыг Мармеладов буюу П.Эрдэнэзаан даргалж, Улсын ялагч Алена Ивановна буюу Д.Ганцэцэг, иргэн Родион Романович Раскольниковын буюу Д.Лхагва, өмгөөлөгчөөр Разyмихин буюу Д.Түвшинбаяр нарын бүрэлдэхүүнтэй эхлэх нь тэр. Шүүх хурал ч нэлээд ширүүхэн боллоо.

Петербургийн их сургуулийн оюутан Родион Романович Раскольников долдугаар сарын зургааны өдөр Алена Ивановна, Елизаветта Ивановна хэмээх эгч, дүүсийг сүхээр цавчин хөнөөсөн аллагыг үйлдсэн юм. Сэжигтэн мөнгө хүүлэгч эмгэн болон түүний дүүгийн амь насанд халдаад зогсохгүй эд зүйлс дээрэмдсэн. Түүний энэхүү хэргийг үйлдэх болсон нь эд мөнгөний төлөөх шуналын сэдэлтэй байх гэж та бодож байна уу?

 

 

Тэгвэл би танд болсон явдлын талаар цухас дуулгахад, оюутан залуу амь зуух мөнгө ч үгүй болж гол зогоох хүнстэй залгуулахын тулд өөрийн аавын хайртай үнэт өв болох цагийг мөнгө хүүлэгч эмгэнд барьцаа болгон өгнө. Харин эмгэн түүнд ердөө ганцхан рубль хялайлгав. Тэрхүү мөнгө хүүлэгч түүн шиг олон мянган оюутан залуусаас үнэтэй хөрөнгийг нь хямдхан үнэлж аваад хариуд нь олигтойхон хоол аваад өл дарчих хэмжээний мөнгө өгдөггүй байсан нь түүний эгдүүцлийг ихээхэн хүргэжээ. Оюутан залуу хоёр төрлийн хүмүүс байдаг нь гашуун үнэн. Эхний төрөл нь дорд, өөртэйгээ л адилхан хүмүүсийг төрүүлэх цор ганц зориулалттай материал төдий эгэл хүмүүс. Нөгөө төрлийн хүмүүс нь жинхэнэ буюу дээд, агуу хүмүүс. Тэд өөрийнхөө орчин, хүрээлэлд шинэ соргог үг хэлэх авьяас билигтэй, хувьсгалч хүмүүс хэмээн аллага үйлдэхээсээ хоёр сар гаруйн өмнө Петербургийн мэдээ сонинд илгээсэн нийтлэлдээ дурдсан байна.

 

Ядуусын хороололд зартай мөнгө хүүлэгч Алена Ивонавна өндөр хүү тооцдог, барьцааны эд зүйлсийг луйварчдаар дамжуулан дамлан худалддаг байсан түүнийг алагдсан мэдээг сонссон ядуус ихэд баярлав. Хүн үхэж байхад баярладаг яасан хачин улс вэ гэж та бодож буй нь лав. Энэ шүүх хурлын үеэр олон үйл явдал өрнөж ээдрээт амьдралын дунд Дуня, Разумихин нар хайр сэтгэлийн холбоог нь ахынх нь шүүх хурлын үеэр дэлгэснээр өмгөөлөгч Разумихин шүүх хурлаас хөөгдөнө. Цуутай газар эзэмшигч, биеэ үнэлэгч Соня нар оюутан Родион Романович Раскольниковтой ямар холбоотой болох хийгээд амьдралын олон өнгийг та харах болно. Магадгүй та өөрийгөө эндээс ч олж мэднэ. Бүр эсрэгээрээ өөрийн олж хараагүй яваа төрхийг ч харч магад. Та сайн хүн үү, муу юу, Родион Романович Раскольниковын адил өөрийн би-тэйгээ үлдэж чадах уу?

Родион Романович Раскольников харгис алуурчин уу, ядуусын баатар уу гэдгийг та өөрөө шүүх хуралд гэрчээр оролцсоноор үнэн мөнийг тогтоон, ойлгоно.

 

Шүүх хуралд гэрчээр оролцсон найруулагч Ц.Хүсэлбаатар: Бидэнд үлгэр жишээ болсон сайхан шинэлэг, уур амьсгалыг постдрамаар орчин үе рүү оруулжээ. Нүсэр биш Минимал байгаа нь их таалагдлаа. Найруулагч М.Батболдын өөрийн дэвшүүлсэн санаа, жүжигчидтэйгээ ажилласан байдал, орчин үеийн техник технологи ашигласан гээд энэ шүүх хуралтай ярих юм алга, сайхан боллоо. Дэлхийн сонгодог бүтээлтэй танилцах завшааныг бидэнд олгож байгаа авьяаслаг найруулагч гарч ирж байгаад олзуурхаж байна. Жүжигчдээсээ онцгойлон Д.Лхагваадаа баяр хүргэе. Чи сайн жүжигчин гэдгээ харуулж чадлаа. Залуус өөрсдийгөө хаана явж байгаагаа Гэм зэмээс харах боломжтой. Сайн талаа харуулж явна уу, өөрийн муутайгаа нүүр тулсан уу. Өөрийгөө олно гэж юу вэ? Заавал ийм хүнд байдалд орсон хойноо олох шаардлага бий юу? гэдгийг энд ирээд нэг харчихвал маш олон зүйлээс өөрийгөө хамгаалж чадна шүү дээ. Могойн эрээн гаднаа хүний эрээн дотроо гэдэг. Хүний доторх эрээнийг нааш нь дэлгэж харуулж байгаа нь энэ жүжгийн онцлог.

МУГЖ Л.Чаминчулуун Маш сайхан гэхээс өөр хэлэх үг алга. Театрын урлагт шинэ алхам гарч ирсэнд би туйлын баяртай байна. Тайз, найруулагч, жүжигчид гээд бүгд шинэ содон байж чадлаа. Хүний мөн чанар, амьдрал ахуй, хүний туулсан амьдрал, гэмгүй байж гэмтэй юм шиг болчихоод байгаа. Мөн гэмтэй байж гэмгүй юм шиг амьдарч байгаа улсууд манай нийгэмд байгаа шүү дээ. Тэгэхээр үүний тухай маш ойлгомжтой өгүүлжээ. Үзэгч түмнээ хүрэлцэн ирж энэ шүүх хуралд оролцоорой гэж урьж байна.

- Урлагийн боловсролтой нийгмийн төлөө  Орфей театр хөшгөө нээлээ-

Энэ жил Оросын холбооны улстай Монгол улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, Зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Оросын шинжлэх ухаан, Соёлын төв буюу Русский дом дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран ОРФЕЙ театрыг үүсгэн байгуулж байгаагаа тунхаглан зарлав. Тус театр хөшгөө Ф.М.Достоевскийн Гэм зэм романаас сэдэвлэсэн ГЭМ ЗЭМ постдрамын жүжгээр нээлтээ хийлээ. Орфей театр нь урлагийн боловсролтой нийгмийн төлөө ийнхүү үүд хаалгаа нээж байгаа юм.

ОХУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Улаанбаатар дахь "Русский дом"-ын дэд захирал Валерия Валерьевна Кильпякова: Эрхэм хүндэт ноёд, хатагтай нараа та бүхний амар амгаланг айлтгая. Өнөөдөр энэхүү үдэш нь гайхамшигтай болно гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь Русский дом-ын тайзнаа анх удаа агуу зохиолч Ф.М.Достоевскийн агуу таван романы нэг болох ГЭМ ЗЭМ жүжгийг та бүхэнд толилуулахад бэлэн болоод байна. Энэхүү агуу зохиолыг дэлхий дахинаа 180 орны хэл дээр орчуулан буулгасан байдаг. Монголын кино, театрын од болсон нэрсээ дуурсгасан жүжигчдийн тоглолтоор анх удаагаа монголын үзэгч та бүхэндээ толилуулах гэж байна. Маш сонирхолтой жүжиг болно гэдэг бид эргэлзэхгүй байна. Орфей театрын хамт олонд баяр хүргэе.

 

ОРФЕЙ театрын захирал, ГЭМ ЗЭМ жүжгийн продюсер Төмөрсүхийн Ариунчимэг: Өнөөдөр үнэхээр сайхан өдөр болж байна. Орфей театрын маань нээлт агуу зохиолчийн уран бүтээлээр ийнхүү нээлтээ хийж байгаадаа баяртай байна. Оросын сонгодог зохиолоос сэдэвлэсэн сонгодог бүтээлүүдээ энэхүү театрынхаа тайзнаа үргэлжлүүлэн та бүхэндээ зориулан тавих болно. Театрынхаа нээлтийг энэхүү агуу зохиолчийн мэндэлсэн сайхан цаг тохиолдолд нээж байгаадаа үнэхээр их билэгшээж байна. Ингээд манай театрт хүрэлцэн ирсэн та бүхнийгээ нээлтийнхээ жүжигт урин залъя.

 

 

Шүүх хуралд оролцож, тэмдэглэл хөтөлсөн Х.Даваа