Өсвөр насныхан өөрсдийгөө яаж хамгаалахаа мэддэггүй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2023 03 сар 21
Олон улсад шүглийг хүүхдэд хамгийн тохирсон өөрийгөө хамгаалах арга гэж үздэг
 
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа, хүүхдийн эрхийг хамгаалъя гэж бид олон жил ярьсаар ирсэн ч хүүхэд өөрийгөө халдлагаас хамгаалах арга замыг нь тэр болгон зааж өгдөггүй. Тэгвэл олон улсад хамгийн үр дүнтэйд тооцогддог хүүхэд хамгааллын “Шүгэл” төсөл Баянзүрх дүүргээс албан ёсоор эхэллээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс хэрэгжүүлж буй энэхүү төслийг цаашид 21 аймаг, бусад найман дүүрэгт хэрэгжүүлэх юм. 
 
Манай улсад хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх өдөр бүр зөрчигдөж, бяцхан биедээ ахадсан хүчирхийллийн хохирогч болж сэтгэл зүйн дарамтанд орсон тухай жишээ баримтыг бид өдөр бүр сонссоор. Хамгийн сүүлд гэхэд ээжийнхээ найз залууд зодуулан арав шахам хоног эмнэлэгт ухаангүй байсан гуравхан настай хүүгийн асуудал нийгмийг цочроогоод байна. Үүний дараа 10 гаруйхан настай хоёр охин өндөр барилгаас үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гараад хэдхэн хонож байна. Энэ мэтээр Монголын нийгэмд хүүхдийн эрх алхам тутамд зөрчигдөж байгаа учир мэргэжлийн байгууллагууд энэхүү хүүхэд хамгааллын хөтөлбөрийг дуу нэгтэйгээр дэмжиж байна. Ингэхдээ аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, хамгаалах аргачлалд сургах нь юу юунаас илүү хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа нээлтийн үеэр онцолж байлаа. 
 
 
“Олон улсын байгууллагуудын судалгаанаас үзэхэд, өсвөр насныхан өөрсдийгөө хамгаалах бүрэн чадвартай гэж дүгнэсэн байдаг. Харин яаж өөрийгөө хамгаалах вэ гэдгийг сайн мэддэггүй. Хүүхдийн нас насанд тохирсон өөрийгөө хамгаалах аргачлалууд байдаг. Шүгэл төслийг хэрэгжүүлж байгаа нь хүүхэд бүрт хүмүүс чамд тусална гэдэг итгэлийг өгч, хүүхдүүдээ хамгаалахад томчуудыг уриалах зорилготой”
 
 
гэж БЗД-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Ц.Үүрцайх онцолж байсан. Учир нь хүүхэд хамгаалахад эцэг эхийн оролцоо маш чухал. “Гудамжинд явж байхад хаа нэгтэй шүгэл дуугарахад хайхрамжгүй орхилгүй заавал олж, хүнд нөхцөлд орсон хэн нэгэнд тусалдаг байх нь иргэн таны нийгмийн өмнө хүлээсэн үүрэг юм” гэдгийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мягмар уриалж байна.  
 
Жижиг гэлтгүй энгийн зүйлээр хүүхдээ хамгаалах арга олон байдаг талаар мэргэжлийнхэн ярьж байна. Тухайлбал, бага насны хүүхдүүддээ эцэг, эх, асран хамгаалагчид нь өөрсдийн утасны дугаараа цээжлүүлэх, гэрийн хаягаа хэлүүлж сургах, танихгүй хүн дуудвал зугтаадаг байх, “үгүй” “боль” гэдэг үгийг хүүхэд чангаар хэлж чаддаг байх зэрэг энгийн боловч өдөр тутамд өөрийгөө хамгаалах арга хэрэгслүүдийг нь зааж өгч байх ёстой. Тэдгээрийн нэг нь шүгэл юм. Энэ нь өөрийгөө хамгаалж чадахгүй нөхцөлд дуу авиа гаргах, халдагчийг цочроох, айлгах, бусдад чимээ дохио өгөх, анхаарал татах, хэрэглэхэд хялбар, авч явахад авсаархан зэрэг олон давуу талтай юм. 
 
 
“Шүгэл зүүсэн хүүхэд өөртөө итгэлтэй, хамгаалагдсан мэдрэмжийг авч чаддаг. Нэг удаа шүгэл үлээгээд олон хүнд зэрэг хандаж тусламж авч чаддаг учир хамгийн үр дүнтэй” хэмээн Ц.Үүрцайх дарга хэлж байлаа. 
 
 
“Шүгэл” төслийн хүрээнд тодорхой тооны шүглийг БЗД-ийн III-VIII ангийн хүүхдүүдэд тараана. Мөн эцэг, эхчүүд нь хүүхдүүддээ авч өгөхийг уриалж байгаа аж. 
Орон даяар хэрэгжих “Шүгэл” төслийг БЗД-ээс эхлүүлж байгаа нь ч учиртай. Монгол Улсын нийт хүн амын 14 хувь буюу 500 мянган хүн тус дүүрэгт амьдардаг. Хүн ам олонтойн хэрээр нийгмийн асуудал ч ихтэй. Нийслэлийн хэмжээнд “108” дугаарын утсанд ирж байгаа дуудлагын 30 орчим хувь нь Баянзүрх дүүрэгт хамаарч байна. Харин дүүргийн хэмжээнд хүүхдийн хүчирхийллийн дуудлагын 48 орчим хувь нь бие махбодь болон сэтгэл санааны, 53 хувь нь үл хайхрах, гурван хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн мэдээлэл байдаг аж. 
 
Цаасан дээр биш амьдрал дээр хүүхдээ хамгаалдаг байя
 
“Шүгэл” төслийн нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас улсын хэмжээнд хэрэгжиж буй хүүхэд хамгааллын эрх зүйн орчны талаар тодруулсан юм. Тэрээр УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг ахалдаг. Цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг онцгойлон үзэж, бие даасан хуулийн төсөл санаачлан батлуулахаар ажиллаж байгаагаа ч мөн дурдаж байлаа. 
 
-Монгол Улсын НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид нэгдээд 60 гаруй жил болж байна. Олон улсын томоохон конвенциудад нэгдэж үүрэг хүлээсэн улсын хувьд баталж байгаа хууль эрх зүйн бичиг баримтууддаа хүүхдийн эрхийг хамгаалахад онцгой анхаарч, эрхийг нь хамгаалсан заалтуудаа биелүүлэх үүрэг хүлээдэг. Харамсалтай нь сүүлийн 30 жилийн хугацаанд олон улсад хүлээсэн энэхүү үүрэг маань амьдрал дээр хэрэгждэггүй, хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа нь олон жишээнээс харагддаг.
 
Манайд хууль нь байна, эрх зүйн баримт бичгүүд хангалттай байгаа. Харин үүнийг нийгэмд ойлгуулах, иргэдийн ухамсартай ажиллах цаг ирсэн. Багаасаа хайр дутуу, бүтэн хайраар хайрлагдаагүй хүүхдүүд нийгэмд эргээд хүчирхийлэл бий болгох, бусдыг үл хайхрах хандлага ажиглагддаг. Тиймээс хүүхэд хамгаалал гэдэг энэ том асуудлыг бодитоор анхааръя, цаасан дээр биш амьдрал дээр хүүхдээ хамгаалдаг байя гэж зорьж байна. Би Их хурлын гишүүний хувьд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг санаачилсан. Энэ парламентад багтаж энэ хуулиа батлуулахаар зорьж ажиллана гэв. 
 
 
Б.Нямсүрэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх