“...Гахай илүү эрхтэй” хэмээх гажиг буюу журмуудыг “журамлах” сураг

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 12 сар 01 ・ 8

Английн зохиолч Жорж Орвеллийн “Амьтны ферм” гэдэг тууж бий. Улс төрийг гадарладаг, доторлодог бүгд мэднэ. Учир нь бараг 80 жилийн өмнө анх хэвлэгдэж байсан ч өнөө хэр нь дэлхийн улс төрийн “ширээний ном” хэвээр байгаа юм. Үйл явдал нь фермерээ эсэргүүцэж бослого гаргасан амьтдын тухай өгүүлдэг. Харин ялалтын дараа бослогыг удирдсан гахайнууд илүү эрх мэдлийг эдэлдэг. Тодруулбал, амьтад ялалтаа байгуулсны дараа долоон дүрэм баталж, түүнийгээ хонь, үхэр, оготно гэлтгүй бүгд цээжилцгээн мөрдөнө. Гэвч удалгүй эрх мэдэлд умбасан гахайнууд “долоон дүрмээ” гуйвуулан “...Бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ гахай давуу эрхтэй” болгож өөрчилдөг. Санаа нь эрх баригчдыг гахайтай, ард иргэдийг хонь малтай зүйрлэж хошин байдлаар бичсэн гэдэг. Тэгвэл энэ зохиолын агуулга манай улс төрийн хүрээнийхний бараг бүх “үйлдэл” дээр ямар нэг орчуулгагүйгээр шууд буугаад байдаг юм. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдааны дараа бас л харагдлаа. Юу гэвэл Засгийн газрын хуралдаанаар “Захиргааны хэм хэжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын тайлан”, “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-ны нэгдсэн дүгнэлтийг танилцуулжээ. Тэдгээр тайланг үндэслэн зарим эрх бүхий албан тушаалтны нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг Ерөнхий сайдын захирамжаар хүчингүй болгохоор болсон байна. Цаашилбал, ингэж хуулиар тусгайлан олгосон заалт, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон байгаа юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан хуулиар олгоогүй эрх мэдлийг журмаар олж авдаг болчихсон. Манайхан “...Хуулиас давсан журам” гээд мөн ч олон жил ярьж бичицгээж байна. Харамсалтай нь өнөөг хүртэл хуулиас давсан, тэр ч байтугай хуулиасаа шал өөр журмууд хэрэгжсээр л ирсэн. Хэн ч хөнддөггүй. Яагаад гэхээр тэр нь “гахай” төрүүлдэг. Бас “гахай”-ны эрх ашгийг хангадаг болохоор тэр л дээ. Ийм журмын жагсаалт гаргавал талийна. Ялангуяа олон нийтээс асуувал “...Цөөрүүлээд 500 дотор болгоно” гэснээс нь ч бууна. Наад захын жишээ гэхэд саяхан Боловсролын багц хууль батлагдлаа. “...Гоё хууль” л гээд байгаа юм. Гэтэл хэрэгжихэд маш хүндрэлтэй. Одоо тэр хуулийг дагасан журмууд буюу захиргааны хэм хэмжээний акт гарах гээд дуншиж байна. Тэр болтол салбарын үйл ажиллагаа дээр дооргүй ойлгомжгүй бөгөөд гацах байдалтай болчихоод байна. Эхнээсээ гарч байгаа журмууд нь хуульдаа хүндрэл учруулж болзошгүй болж байна, бас. Угаасаа Монголын хөрсөн дээр буухад хэцүү хуулийг дахин давуулаад дүрэм журам батлахаар яах нь тодорхой л доо. Ер нь тухайн салбарын хуульд захиргааны хэм хэмжээний акт гаргах бүрэн эрхийг Засгийн газрын гишүүнд олгосон байдаг. Бас захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахад нөлөөллийн шинжилгээ хийх, нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулах, эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлэх зэрэг ажиллагааг заавал хийсэн байхыг Захиргааны ерөнхий хуулиар журамласан. Хэрэв хуульд заасан хязгаарыг давсан, дээр хэлсэнчлэн “...Гахай илүү эрхтэй” гэсэн журам хийсэн тохиолдолд салбарынх нэр хүнд шалан дээр унана. Мөн албан хаагчдын мэдлэг, боловсрол, мэргэшил хөндөгдөнө. Ингээд нийгмийн шүүмжлэлийн бай болно. Тэгэхээр захиргааны хэм хэмжээний акт буюу дүрэм журмуудаа гаргах бүрэн эрхийг Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлан хуулиар тогтоосон хүрээ, хязгаарт багтаан явуулах ёстой л гэсэн үг. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны хэм хэмжээний акт нь “...Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, “...Тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх”, “...Тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заасан байх”, “...Шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх”, “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх”,  “...Хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх”, “...Тухайн шийдвэрээр урьд нь гарсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг тусгасан байх”, “...Бусад хуулийн заалтыг давхардуулан заалгүйгээр шаардлагатай тохиолдолд эшлэл хийгдсэн байх”, “...Баталсан байгууллага, албан тушаалтны болон захиргааны хэм хэмжээний актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх”, “...Хуульд заасан бусад шаардлагыг хангасан байна” гэсэн “шалгуур”-уудтай байдаг. Тиймээс энэ хүрээнд журмуудыг “журамлах” хэрэгтэй. Гэхдээ үүнтэй зэрэгцээд “...Гахай илүү эрхтэй” хэмээх агуулгатай энэ гажгийг засаж чадах уу гэдэг асуулт бас тавигдаж байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 240 (7225)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: