Монголын хөгжмийн урлагт нэгэн тод өнгө болж яваа уран бүтээлчид бол “Тоонот”-ынхон. Тэднийг зангидан, гол ноён нуруу, өмөг түшиг нь болдог реппер бол Desant. Өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг тодоос тод тамгалсаар яваа тэрбээр уран бүтээлээ хийхийн зэрэгцээ “Тоонот”-ын продюсер хийж яваа.

Маргааш буюу зургаадугаар сарын 08-нд "Desant" өөрийн хоёр дахь бие даасан тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглож энэ зуны хамгийн анхны томоохон шоуг олон мянган залууст хүргэж бут авахаар зэхсэн байгаа юм.

Тэрбээр сэдэвт баригдахгүй ая, үгээ урьдчилан бичиж зохиохгүйгээр шууд студи дээр ирээд, аяаа сонсон анхны төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээрээ шууд үгээ бичээд, хоолойндоо ордог нэгэн. Ингэж бүтээлээ туурвихаар Реппер залуугийн сэтгэлд хангалуун байдаг бөгөөд жинхэнэ кайфыг мэдэрдэг гэнэ лээ.

Сүүлийн өдрүүдэд Реппер  Mr.Desant нь яаж ийж байгаад өөрийнxөө тоглолтод оролцоxоор болжээ гэх хошигнол цахим хуудаснаа хөврөх болсон та үүнийг ч хэдийнээ мэдсэн биз ээ. Түүнийг тоглолтынхоо талаарх албан ёсны цахим хуудастаа лайваар хийж байгаа үед нь нэгэн фэн нь "та өөрөө дуулах уу" хэмээн асуусан нь ийнхүү тренд болоод буй билээ.  Тэгвэл тэр 100 хувь хип хоп тоглолтод дээрээ карьерынхаа туршид хийсэн чухал гэж бодсон 34 дуугаа дуулах бөгөөд 39 артист залуустайгаа уран бүтээлээ хүргэж доргио үдшийг өнгөрүүлэх юм.

Тус тоглолтод бага насны хүүхдүүд харгалзах хүнтэй хамт орж болох бол согтууруулах ундааны зүйлсийг 21-ээс дээш насны үзэгчдэд худалдаалах гэнэ. Тоглолтын үеэр BALLERGANG мерч цөөн тоогоор худалдаалагдах тул эрт ирж эдгээр мерчүүдээс худалдан авах боломжтой. 

"Big Fish" тоглолт өдрийн 15:00 цагаас эхлэн үзэгчдээ Төв цэнгэлдэх хүрээлэн рүү оруулж эхэлнэ. Энэ хугацаанд DJ нар өөрсдийн сетүүдээ толилуулж, 18:00 цагаас эхлэн шинэ, залуу уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээсээ танилцуулж, шөнийн 24:00 цагийн үед тоглолт албан ёсоор дуусах аж.

Мөн нэмж дуулгахад, Маргааш 25 хэмийн дулаан, бага зэрэг үүлэрхэг байна. Цэнгэлдэхийн үүдэнд тасалбар худалдаалагдах бөгөөд шөнө хүртэл үргэлжлэх учраас дулаан хувцас авах ёстойг мартахгүй байхыг зөвлөе.

 

Desant "BIG FISH" Official Concert - 06/08

Тасалбарын үнэ: 69,000₮

VIP тасалбар: 600,000₮

Тасалбарыг Shoppy.mn болон GS25 дэлгүүрийн салбаруудаар худалдаалж байна.

Цахим тасалбар худалдах авах: https://shoppy.mn/desant

Холбогдох утас: 8998-0000, 9919-7150