Залуу жүжигчин Б.Баяржавхлан өөрийн бие даасан уран бүтээлээ эхлүүлэх нээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 20

 


Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Баяржавхлантай уран бүтээлийнх нь талаар цөөн хором хөөрөлдлөө. 

-Жавхаагийн уран бүтээл нь сайн уу?

-Сайн. 

-Уран бүтээлийн гараагаа хэзээнээс эхлүүлэв?

-Би 2012 онд Кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсөөд Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш туслах болох гол дүрүүдэд тоглосон.

-Драмын театрт ороод бүтээсэн анхны дүр?

-Миний анхны тоглосон уран бүтээл бол "Тэнгэрийн хүү" жүжгийн аравтын цэргийн дүр. Үүнээс хойш “Гамлет" жүжигт Гильденстерний дүр, "Найрын ширээний ууц" жүжигт Галжавын "Ээжээ" жүжгийн Болдоогийн дүр гээд олон туслах дүрүүдэд ажилласан. Хамгийн сүүлд найруулагч Э.Ёндоншаравын "Буруугүй Буруутан" жүжигт МУГЖ Б.Жаргалсайхан ахын тоглосон Батдоогийн залуу үеийнх нь дүрд тоглож байгаа. 

-Дэлгэцийн хэд хэдэн бүтээлээрээ үзэгчдийн танил болсон. Удахгүй зураг авалтаа эхлэх гэж байгаа кинонд тоглох гэж байгаа гэсэн?

-Дэлгэцийн уран бүтээлийн хувьд, "Зүүдэнд ч оромгүй явдал”, "Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Өнөөдөр” зэрэг кинонд тоглосон. Удахгүй зураг авалт нь эхлэх  “Auro” фильмийн найруулагч Б.Чингүүний шинэ уран бүтээл тоглох гэж байгаа.

-Тайз, дэлгэцийн уран бүтээлээсээ гадна дууны урлагт бие даасан бүтээлээ туурвих гэж байгаа. Энэ талаар уншигчдад дуулгавал?

-Тийм. Өөрийн бие даасан дууны уран бүтээлийнхээ ажлыг эхлүүллээ. Хамгийн эхний уран бүтээл бол "Чиний Сүүдэр" дуу. Энэхүү дууныхаа үг, аяыг өөрөө зохиосон. Хөгжмийн хэмнэлийг Ромо, төгөлдөр хуурыг Билгүүн тоглосон. Тун удахгүй та бүхэндээ уран бүтээлээ хүргэнэ. 

-Уран бүтээлийн цаашдын төлөвлөгөө?

-Театрын уран бүтээлээ хийнэ. Мөн дэлгэцийн бүтээлүүдэд түлхүү тоглох бодол бий. Үүнээс гадна өөрийн бие даасан цомгоо гарахаар ажиллах төвлөгөөтэй байна. 

-Дууныхаа үг, аяыг дандаа өөрөө зохиосон гэлээ. Ер нь өөрөө зохиох уу? 

-Дууныхаа аялгууг би өөрөө зохионо. Харин хөгжмийг бол мэргэжлийн хүнээр бичүүлнэ. Дууны шүлгээ өөрөө зохионо мөн яруу найрагч, зохиолч нараас авч дуулна. Миний анхны уран бүтээл дээр хамтарч ажиллаж байгаа монгол залуус интертаймэнтийн "Bowtie" студи бүтээнэ.

-Ямар жанрын дуугаар үзэгчдийнхээ сонорыг мялаах гэж байна?

-Би R&B,  поп чиглэлийн уран бүтээлийг сонсогчиддоо хүргэх болно. Энэ дашрад уншигчдадаа дуулгахад тун удахгүй шинэ клипээ хүргэх болно гэж хэлье. 

Ингээд уншигч та бүхэндээ залуу дуучин Жавхаагийн "Чиний Сүүдэр" дууны Teaser-ийг хүргэж байна.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх