Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 10 цагийн өмнө

Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос салгаж “Энержи ресурс” ХХК-д үлдээж байв. Тэр дундаа, уг ажлыг тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү хариуцаж хийсэн байдаг.

Тодруулбал, Засгийн газрын 2008 оны гуравдугаар сарын 19-ний 16 дугаар хуралдааны XXIII тэмдэглэлээр “...Тавантолгойн орд газрын хайгуулын лицензийг буцаан авах талаар “Энержи ресурс” ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурах тухай” асуудлыг хэлээлцээд, гэрээнд гарын үсэг зурахыг Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүд даалгасан.

Үүнээс өмнө, Х.Наранхүү нарын Засгийн газрын төлөөлөл болон “Энержи ресурс” компанийнхан жил дамнан хэд хэдэн удаа уулзжээ.

Эхний уулзалт нь 2007 оны арванхоёрдугаар сарын 26-ны 16:30 цагт ҮХЯ-ны хурлын зааланд болжээ. Уулзалтад сайд Х.Наранхүү, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Сангийн яамны Газрын дарга Ж.Ганбат, БОЯ-ны Газрын дарга А.Энхбат, ҮХЯ-ны Газрын дарга Х.Бадамсүрэн, ТӨХ-ны даргын зөвлөх Н.Байлыхүү, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн захирал Д.Зоригт, ТЭХЯ-ны ахлах мэргэлжилтэн Ш.Батренчин нар, “Энержи ресурс”-ийг төлөөлж ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал, гүйцэтгэх захирал Т.Лхагвадорж, “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, “Шунхлай” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батсайхан, “Моннис” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар, “Энержи ресурс” ХХК-ийн дэд захирал Ц.Батжаргал, тус компанийн хуулийн зөвлөх Ц.Үүрцайх нар оролцжээ.

Тэр уулзалт дээр сайд Х.Наранхүү Засгийн газраас гаргасан удирдамжийг танилцуулжээ. Удирдамжид “...“Энержи ресурс” ХХК-иас Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах ашиглалтын лицензийг төр өөртөө шилжүүлж авах, ингэхдээ харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэхээр заасан” гэжээ. Мөн, “...Газрын доорх баялаг ард түмний өмч гэдэг утгаар бодлого хэрэгжүүлэх нь зөв гэж үзсэн. Гэхдээ, “Энержи ресурс” ХХК-д олгосон Тавантолгойн орд газрыг ашиглах ашиглалтын лиценз нь “Энержи ресурс” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хувийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй” хэмээжээ. Уулзалт 50 орчим минут үргэлжилж, “...“Энержи ресурс” ХХК-иас төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан зардлын задаргааны дэлгэрэнгүй танилцуулгатай 28-ны өдөр эргэж уулзъя” гээд тарсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх