Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг аль болох олон эмэгтэйчүүдийг баярлуулахыг зорьж байна

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 27 ・ 1
 

Удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "Хурд" хамтлаг монголын бүх бүсгүйчүүд, ээжүүддээ зориулан "Инээмсэглэ бүсгүйчүүд" тоглолтоороо бэлэг барих гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай ярилцсан юм. 

Баярын өдрөөр бүсгүйчүүд, эмэгтэйчүүддэ хэрхэн бэлэг барих гэж байна вэ?

Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар аль болох олон эмэгтэйчүүдийг баярлуулахыг зорьсон. Ер нь манай хамтлагийн уран бүтээлүүдийн зууны далан хувь нь эмэгтэй хүнд,  бүсгүйчүүдэд зориулагдсан байдгаараа онцлогтой.  Учир нь манай хамтлагт нэг ч эмэгтэй хүн байхгүй шүү дээ. Эдгээр бүх дуунууд маань 3 сарын 8-ны өдрийн тоглолтонд маань дуулагдах юм. 

-Энэ жил Хурд хамтлагаас "Цэргийн бодол" тоглолтыг хүлээж байлаа? 

Тиймээ бид чинь 3 сарын 8, 18-ны өдрийг тохиолдуулан жил болгон тоглолтоо хийдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд гадаадад тоглолт их байсан болохоор өнжсөн л дөө. Энэ жилийн хувьд 8-ны өдрөө бүсгүйчүүддээ зориулан тоглочихоод 17, 18-ны өдрүүдэд бид Дархан хотыг зорьж "Цэргийн бодол" тоглолтоо тавих бодолтой байна.

-Шинэ цомгийн ажил хэр явж байна? Эхний дуунууд цацагдаад эхэлчихсэн байгаа юу?

-Манай хамтлаг "ETV" телевизтэй хамтран "Нарлаг диваажин" төслийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ төслийн хүрээнд 8 дуу маань бэлэн болоод сонсогчдод хүрсэн. Ахиад 12 дуугаа цацах дутуу байна. Нийтдээ 20 дуугаа бэлэн болгочихоод 2 double цомогийг 3 сардаа багтаагад гаргах төвлөгөөтэй байгаа. Тэгээд 4 н сардаа багтаад фенүүдийн гар дээр очих байх гэж бодож байна.

-“Хурд” хамтлагийн түүхийг агуулсан ном гарсан байгаа шүү дээ. Энэ номыг сонирхож байгаа хүмүүс хаанаас авч болох вэ ?

-Ном ер нь бол хэвлэлтээс гараад бэлэн болчихсон байгаа худалдаанд гаргаж хараахан амжаагүй байна. 4-н сард цомогтойгоо хамт худалдаанд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Номын хувьд бол монголдоо анх удаагаа рок хамтлагийн түүхийг өгүүлсэн ном гарч байна гэдгээрээ их онцлогтой. Өнгө дизайн гээд их сайн болсон гэж бодож байна.

-Танай хамтлаг анх удаагаа ном гаргахаас гадна black box гаргасан, цомог гаргасан, тэрнээс гадна банзан гитарыг хүртэл гаргаж байсан шүү дээ. Тэгэхээр эдгээр сувенеруудыг худалдаанд гаргах боломж байдаггүй юмуу? 

-Энийг худалдаанд гаргахад болохгүй юм бол байхгүй л дээ. Гэхдээ эдгээрийг худалдаж л байгаа. Хурдын том том концертууд дээр худалдаалагдаж байгаа. Харин гадуур дэлгүүрүүдээр бол зарагдаж байгаа юм байхгүй. Үнэ цэнэтэй юм үнэ цэнэтэйгээрээ л байг гэж боддог юм.

-Тоглолтон дээр нийт хэдэн дуу дуулагдах вэ? 

-За 25 орчим дуу дуулагдах байх. Түүнээс гадна шинэ гарсан дуунуудаасаа бас дуулнаа. Гэхдээ л Хурд хамтлагийн тоглолтон дээр ер нь хуучны хит болсон дуунууд дуулагддаг шүү дээ. 

-Шинэ дуунаас дуулагдах болоод л шинэ цомогтоо багтсан "Инээмсэглэ бүсгүйчүүд" дууныхаа нэрээр тоглотоо нэрлэсэн байх? Үгүй бол зураг шиг бүсгүй гээд нэрлэчиж болох л байсан байх тийм үү? 

-Тийм тэгэж болох л байсан байх. Тэгвэл илүү сонирхолтой ч юмуу. Гэхдээ “Инээмсэглэ бүсгүйчүүд” гоё шдээ. Бүсгүй хүн байнга инээмсэглэж мишээж байх юм бол амьдрал нь үргэлж баяр баясалтай, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байдаг болов уу гэж боддог юм. Энэ дууны шүлгийг Америкд байдаг манай Тэргэл яруу найрагч фэйсбүүк хуудаснаа байрлуулсан байхад нь авч дуу болгож байсан юм. Дараа Тэргэлтэй холбогдоход ямар гоё дуу хийчвээ ийм гоё дуу хийчихнэ гэж санасангүй гэж их л баярлаж байсан юм. 

-Энэ жил "Хурд" хамтлаг саяны ярьсанаас гадна өөр хаашаа хүлгийн жолоо залах төлөвлөгөөтэй байгаа вэ? 

-5 дугаар сард Шинжань Уйгарын 5-н аймгаар тоглох гэж байна. За өөр яригдаж байгаа зүйлсүүд зөндөө л байна Европын орнуудаар тоглох хүсэлтүүд бас ирсэн байгаа. Энэ жил гадагшаа нилээд хүлгийн жолоо залах болов уу гэж бодож байна. 

-Ойн тоглолт төлөвлөгдөж байна уу?

-Ер нь бол "Нарлаг диваажин" л төлөвлөгдөж байна даа. Энэ тоглолтын ажлыг эртнээс хийж эхлэх бодолтой байгаа. Одоо ер нь бол монголдоо хийж байгаа тоглолтууд гадаадын орны тоглолтоос нээх дутаад байх юм байхгүй гэж боддог. Хөгжим, техник гээд бүх юм нэг үеээ бодвол их сайн болсон шүү дээ. 

-"Хурд" хамтлаг гарын шавь бэлтгэх бодол байна уу? 

-Би чинь ерөнхийдөө 1997 оноос авхуулаад л хөгжим сонирхдог залуусыг хажуудаа аваад гитер, бөмбөр зааж өгөөд л явсан.  Би хувьдаа студитэй ганцхан шавь бэлтгэхдээ анхаарах юм бол болохгүй зүйл байхгүй л дээ. Гэхдээ "Хурд" хамтлагт хийх зүйл их байна, болоогүй байна. 50 гарчихаад л жинхэнэ энэ ажилдаа орно байх даа. 

-Ингэхэд "Хурд" хамтлагийн залуус өөрсдөө ээжийгээ яаж баярлуулах гэж байна  вэ? 

-Ер нь ихэнхдээ л тоглолттой таарчихдаг л юм. Тэгээд аль болох л аав, ээжийнхээ сэтгэл санааг тайван байлгаж, хайр энэрэлээр дутаахгүй, эрүүл мэндэд нь анхаарч байх л хэрэг юм байгаан. Энэ л аав, ээжийнхээ ачийг хариулж байгаа хэрэг юм болов уу гэж би боддог юм. 

-“Нарлаг диваажин" цомогт орсон дуунуудын шүлгийг ямар ямар яруу найрагчид бичсэн байгаа вэ? 

-Урьд нь бол манай Гүрээ ах, Чилаажав, Хэрлэн гээд л яруу найрагчид бичдэг байсан. Энэ удаагийнхад маань дандаа залуу яруу найрагчдын шүлгүүд орсон байгаа. Харин яг “Нарлаг диваажин” дууны шүлгийг Хэрлэн бид хоёр 4-н жилийн хугацаанд бичсэн. 4 хоног биш 4н сар биш 4н жил бүтсэн их гайхалтай дуу байгаа юм. 

Ярилцсанд баярлалаа 

 

 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 02 сар 28/

    ддш-ын реклам чинь ёстой хадны сүг зураг юм даа.хахаха

    Хариулах