Ү.Хүрэлбаатар: “Чонон сүлд” гайхамшигтай

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 27

 

БНХАУ-ын алдарт зохиолч Жан Руны зохиолоор Францын найруулагч Жан Жак Анногийн бүтээсэн "Чонон сүлд" кино өчигдөр “Тэнгис”, “Өргөө” кино театруудад нээлтээ хийлээ. Энэхүү киног “Гэгээ паблишн” компани, жүжигчин Р.Анхням нар Монголд гаргах оюуны эрхийг “Монгол контент” компани болон “Ард” санхүүгийн нэгдлийн дэмжлэгтэйгээр албан ёсоор худалдан авч монголынхоо үзэгчдэд толилуулах боломжийг олгосон юм. 

Тус киноны талаар МУСГЗ яруу найрагч, Утга зохиолын шүүмж судлаач, Ү.Хүрэлбаатар ""Чонон сүлд" киноны сэтгэгдлийг асуухад “Гайхамшигтай” гэх ганц үгийг хэлээд олны урсгалд түрэгдэн гарч одсонд гайхсан байх. Үнэхээр хамгийн товчоор хэлэхэд үүнээс өөр төгс төгөлдөр ямар үг байхсан билээ. Зын Руны “Чонон сүлд” романаас сэдэвлэсэн энэ кино өргөн утгаараа нүүдлийн соёл иргэншлийг устгаж буй суурин соёл иргэншлийн түрэмгийллийн тухай туурвил юм. Тэр тусмаа нүүдлийн соёл иргэншлийн сүүлчийн төлөөлөл болон үлдсэн монголчуудын ахуй амьдрал, оюун сэтгэлгээ, ёс бэлгэдлийг сэдэвлэн бичсэний тухайтад бидэнд бүр ч хамаатай юм. Энэ бол нэг дэх гайхамшиг.

Хоёр дахь нь гэвэл өнөөгийн монголын нийгмийн амьдралын эмгэнэлт хувь заяаг дэлгэснээрээ онцгой санагдлаа. Харь сэтгэлт түшмэдүүд Ноён уул руу улайран дайрч буй тэр бусармаг явдал надад санагдаж байв. Эх байгалиа сүйтгэвээс эргээд ямархан өшөө авдагийг сэхээрэх цаг болсныг энэ кино санууллаа.

Гурав дахь гайхамшиг нь гэвэл монгол жүжигчин Р. Анхнямын тоглолт юм. Түүний бүтээсэн дүр “Чонон сүлд” киноны амин сүлд нь төдийгүй амин сүнс нь болсонд үнэхээр бахархаж байна. Монголын жүжигчид дэлхийн дэвжээнд шагшин шуугиулан гарч ирэв бололтой. Иймийн учир миний бие “гайхамшигтай” гэх ганцхан үгийг хэлсэн бүлгээ" гэлээ.

О.Ариун


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх